Халгайнд хүрсэн хүн үнэндээ түлэгдэх бус хэдэн мянган бичил "тариурын зүүнд" хатгуулж буй хэрэг юм. Байнга унаж, шинээр ургаж байдаг тэдгээр бичил зүүнүүд нь халгайн өөрийгөө хамгаалах хэрэгсэл болдог.
Халгайн навч дээр байх тэдгээр хурц, дотроо хөндий, зүүнүүдийг трихом гэж нэрлэнэ. Тэдгээр нь цахиурын давхар ислээр битүү хучигдсан байдаг. Трихомын үзүүр дээр байдаг бөмбөг шиг хэлбэртэй зүйл нь нэг ёсны таг бөгөөд өөр биет хүрэх төдийд унаж зүү нь гарч ирдэг.
Ингэснээр халгайд хүн амьтан хүрсэн тохиолдолд холин, форминий хүчил, гистамин агуулсан шингэн зүүнээс ялгарч арьсанд багахан гэмтэл учруулна. Холин, форминий хүчил нь арьсыг түлэгдсэн мэт хорсгож, харин гистамин нь улайлт, хавдалтын шалтгаан болдог.
Хэсэг хугацаанд таагүй мэдрэмж төрүүлэх ч ерөнхийдөө аюулгүй энэ аргаар халгай өөрийгөө "идүүлэхээс" хамгаалдаг ажээ.
Гэхдээ манай орны халгай ердөө хорсгохоос хэтэрдэггүй бол Шинэ Зеландад ургадаг төрөл нь бүр үхэлд хүргэх хэмжээний хор ялгаруулдаг гэжээ. Шинэ Зеландын халгайнаас болж дор хаяж нэг хүн, хэд хэдэн нохой, адуу үхсэн гэдэг тооцоо бий аж.
Та халгайг ойртуулаад сайн ажиглах юм бол тэрхүү зүүнүүдийг харах боломжтой. Зүү тус бүр дээрх бодисуудыг агуулж буй нэг эс гэсэн үг юм.
Гэхдээ эрт цагаас хүн төрөлхтөн халгайг хүнс, эм, хувцас хунар, чимэглэлийн зоруилалтаар ашиглаж иржээ.
Та бүхний мэддэгчлэн халгайг орц болгон ашигладаг олон төрлийн хоол бий. Мөн халгайгаар үсээ угаах нь хуйхны эрүүл байдлыг дэмждэг юм.
Орос улсад усан онгоцны дарвуул, шуудай, цамц зэргийг халгайгаар хийсэн зотон даавуугаар оёдог байв. Японд халгайгаар олс хийж, торготой хослуулан самурайн хуяг хүртэл урладаг байжээ.
Хятууд мөн халгайгаар даавуу хийдэг байсан нь торготой өрсөлдөхүйц сайн чанарын материал болдог байв. Солонгосчууд бүр үндэсний хувцсаа халгайгаар хийж өмсдөг аж.