Бритни хоёр хоногийн өмнө инстаграм хуудаснаа найз залуугийнхаа бэлэглэсэн бөгжийг зүүж буй бичлэгээ тавьж, "Итгэж чадахгүй нь" хэмээн сайхан мэдээгээ хуваалцжээ. 27 настай Сэм Асгари түүнд алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэж, сүйт бүсгүй нь болохыг гуйсан байна.
Сэм, Бритни хоёр 2016 оны 10-р сард дуучин бүсгүйн клипний зураг авалтын үеэр анх танилцаж, түүнээс төд удалгүй хайр сэтгэлийн холбоотой болсноо зарлаж байв.
Түүнээс хойш хос хоёр хамтдаа Бритнигийн гэрт амьдардаг болсон бөгөөд энэ хугацаанд Сэм дуучин бүсгүйн аавынхаа эсрэг хийсэн тэмцэлд нэлээн тус хүргэсэн аж. Өнгөрсөн 13 жилийн турш өөрийнхөө өмч хөрөнгийг захиран зарцуулах, амьдралдаа бие даан хяналт тавих эрхийг аавтайгаа булаалдан зарга үүсгэж тэмцэлдсэний эцэст Бритни энэ онд шүүхэд ялалт байгуулсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт Сэм Асгари үнэт эдлэлийн дэлгүүрт бөгж сонгож яваад папарацийн дуранд өртсөн байна. Мөн тэрээр "Надад дуулгах сайхан мэдээ байна. Удахгүй мэдэж аваарай" хэмээн инстаграм дээрээ бичсэн нь түүний төлөвлөгөөг ойлгомжтой болгосон юм.
Бритнигийн сүйн бөгж ойролцоогоор 70 мянган ам.долларын үнэтэй аж. Шүтэн бишрэгчид нь мэдээж түүнд баяр хүргэхийн зэрэгцээ "Гэрлэлтийн гэрээгээ бүү мартаарай" гэж сануулах сэтгэгдлүүд ч олон байлаа. Залуухан нөхөр нь ирээдүйд түүний санхүүгийн боломжийг өөртөө ашигтайгаар эргүүлж магадгүй гэж болгоомжилсон нь тэр аж.
Дуучин бүсгүйн өмнөх хайр дурлалуудыг эргэн сөхвөл, тэрээр 2004 онд алдар нэрийн оргилд явах үедээ хүүхэд наснаасаа эхлэн найзалсан Жэйсон Александртай шинэ жилийн үдшийг хөгжилдөж өнгөрүүлээд, шууд гэрлэлтээ батлуулж шуугиан тарьж байв. Харамсалтай нь тэр хоёрын хамтын амьдрал эхэлсэн шигээ хурдан дуусаж, ердөө 55 цагийн дараа Бритни гэрлэлтээ цуцлуулсан билээ.
Дуулиант явдал ингээд дууссангүй, Бритни тэр жилдээ дахин өөр залуутай гэрлэх нь тэр. Хэдхэн сарын өмнө танилцсан Кевин Федерлайн хэмээх бүжигчин залуугийн эхнэр нь болж, нууц бөгөөд тансаг хурим хийжээ. Кевин, Бритни нар хоёр ч хүүхэд өлгийдөн авч, нэлээд олон шуугиан тарьсны эцэст гурван жилийн дараа хоёр тийш болж буйгаа зарласан юм.
Харин энэ удаа дуучин бүсгүй маань насны хайраа олсон болов уу, та юу гэж бодож байна?