Нас барсан хүүхдүүдийн цогцсыг гаргаж авах боломжгүй байсан учраас өнөөг хүртэл тэндээ гацсан хэвээр байх нь бий гэнэ. Тодруулбал, залуу яндан хөөлөгчдийн цогцос Их Британийн парламентын байрны ихэнх яндангаас олддог гэнэ.
Ерөнхийдөө Англичууд 200 гаруй жилийн турш хүүхдүүдээр яндан хөөлөгч хийлгэж ирсэн гэдэг.
Бага насны хүүхдүүдийг яндан хөөлөгч болгох нь 1666 оны 9-р сарын 2-оос 5-ны хооронд үргэлжилсэн Лондонгийн их түймрийн дараа эхэлжээ. Тус хотын хагас нь шахуу галд шатсаны дараа зарим нэг аюулгүйн журмыг засгийн газраас баталсан байдаг. Үүний дагуу байшингийн зуухыг тусгай аргаар, нарийхан яндантай барих ёстой болсон бөгөөд тэдгээр яндангууд амархан бөглөрдөг байв. Яг энэ үед хүүхдүүдээр яндан цэвэрлүүлэх хүнд ажил хийлгэх болов.
Мэдээж ийм ажлыг ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүд л хийнэ. Ахлах хөөлөгч тэднийг шавиа болгож худалдаж авна. Тэр үед үгээгүй ядуу айлууд ядаж амьжиргааны баталгаатай болно гэж үзээд хүүхдээ өгдөг байв. Үнэн хэрэгтээ хөөрхий хүүхдүүд амьдралаа өөрчлөх ямар ч боломж байхгүй боол болж хувирна. Бага наснаасаа эхлээд яндан хөөлөгч хийсэн хүмүүс 50-аас дээш ховорхон насална.
Хүүхдүүд ердөө 45 см-ийн өргөнтэй яндангийн дотор талаар авирч цэвэрлэнэ. Зарим харгис "багш" нар нь хурдан ажлыг нь дуусгахын тулд доороос нь гал асаана.
Яндан хөөлөгч болоход хамгийн тохиромжтой нас нь 6 байсан ч заримдаа 4 нас хүрмэгц нь "ажилд" авах нь түгээмэл байв.
Хүүхэд яндангийн дотор талаар нь дээшлэх замдаа хөө тортогийг нь сойз ашиглан цэвэрлэнэ. Ингэх замдаа тэд хөөгөө цуглуулж явна. Хүүхэд оройд нь хүрмэгцээ доошоо гулсаж буугаад "багшдаа" цуглуулсан хөөгөө өгнө. Багш нь хөөгөө зарж мөнгө олох боловч хүүхдэд сохор зоос ч өгөхгүй.
Ийм нөхцөлд ажиллах нь эрүүл мэндэд маш муу нь ойлгомжтой. Хүүхдүүд үргэлж эвгүй байрлалтай байсаар байгаад өсөлт зогсох юмуу биеийн хэлбэр нь гажиж эхэлнэ. Мөн уушиг нь муудаж, нүд нь үргэлж улайж хорсоно.
Яндан хөөлөгчид ажлын онцлогоос болж хорт хавдар туссан хэмээн бүртгэгдсэн анхны хүмүүс юм. Хөвгүүд ихэвчлэн өсвөр насандаа уушигны хорт хавдар тусдаг байв.
Эрүүл мэндэд учирч болзошгүй эдгээр аюулаас гадна хөвгүүд янданд гацах, доош унаж бэртэх нь түгээмэл байв.
Ажлын бусад цагт хөвгүүд хөө тортог хийдэг хар шуудайнуудын дунд зооринд унтдаг байв. Зарим нь долоо хоногт нэг удаа усанд ордог байсан гэж ярьдаг бол бусад эх сурвалжууд тэднийг жилд гурван удаа л усанд ордог гэж мэдээлсэн байна. Тэднийг үүр цайхаас үдшийн бүрий хүртэл хайр найргүй ажиллуулдаг байсан бөгөөд жилд нэг л өдөр амардаг байжээ. Тэдний амралт бол 5-р сарын эхний өдөр буюу "Олон улсын хөдөлмөрчдийн өдөр" байсан юм. Хүүхдүүд энэ үеэр гудамжинд цугларч, бүжиглэж баяраа тэмдэглэнэ.
Азаар яндан хөөлөх ажлыг ийм харгис аргаар хийхийн эсрэг тэмцэх явдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байв. Алдарт зохиолч Чарльз Кингслийн бичсэн "The Water-Babies, A Fairy Tale for a Land Baby" үлгэрийн ном 1863 онд хэвлэгдсэн байна. Тус зохиол дээр хэрцгий амьдралаасаа зугтаж, уран зөгнөлт адал явдлыг туулж буй бяцхан хүүгийн тухай өгүүлдэг бөгөөд тэрээр яндан хөөлөгч ажилтай хэмээн гардаг юм. Үүний ачаар олон хүн яндан хөөлөгч нар ямар хүнд амьдралыг туулдаг болохыг мэдэж авсан байдаг.
Дараа нь 1875 оны 2-р сард Жорж Брюстер хэмээх 12 настай яндан хөөлөгч хүү Фулбурн эмнэлгийн янданд гацсан байна. Хүүг аврахын тулд бүхэл барилгын ханыг хүртэл нураасан боловч тэрээр аврагдсаны дараахан нас баржээ. Түүний "багш" Уайер хүний аминд хүрсэн гэм буруутайд тооцогдсон байдаг. Үүний дараа Брюстер хүүгийн үхэл нь хүүхдүүдээр яндан хөөлүүлэхийн эсрэг кампанит ажлын гол нь болсон юм. 1875 оны 9-р сард Англид хүүхдүүдийг хүний яндан хөөлөх ажилд ашиглах явдлыг таслан зогсоох тухай хуулийн төслийг баталсан бөгөөд Жорж Брюстер яндангаас болж нас барсан сүүлчийн хүүхэд болжээ.