Залуу аялагчид бусад жуулчдыг явсны дараа хөшөөний гар луу авирч хотыг тольдсон байна. Гэвч тэднийг харуул анзаарсан бөгөөд газар дээр нь баривчилжээ.
Клеман, Поль нар нийлээд 10 мянган ам.долларын барьцаа төлж байж суллагдсан бөгөөд удахгүй шүүх хурал нь болох гэнэ. Аялагч нар янз бүрийн хориотой газрууд дээр "нууцаар" гарах хоббитой бөгөөд тэдгээр зургуудаа цахим орчинд байршуулдаг аж.
Бразилийн цагдаагийн газраас франц залуусыг Дубай, Нью-Йорк, Парис зэрэг хотууд дахь алдартай дурсгал газруудад ийм хэрэг үйлдэж байснаа хүлээсэн гэж мэдэгджээ. Цагдаа нар 2 аялагчийн бүх камерыг хурааж авсан ч тэд гаргасан үйлдэлдээ харамсахгүй байгаа гэв. Өөрсдийгөө "адал явдал" эрэлхийлэгчид гэж тодорхойлсон энэ хоёр франц эр хэн бүхний хүсээд ч чадахгүй зүйлийг хийж чадсандаа харин ч сэтгэл хангалуун байгаагаа цахим хуудсандаа тайлбарлажээ.
Энэ оны 10-р сард Христийн хөшөө 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Дэлхийн хамгийн алдартай хөшөөнүүдийн нэгт тооцогддог энэхүү газарт жилд 2-3 сая жуулчин ирдэг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд улс улсын жуулчид тус хөшөөг элдэв янзаар "оролдох" болжээ. 1991-2010 оны хооронд хүмүүс энэхүү хөшөөн дээр нууцаар графити зурдаг байсан учир 2011 онд эргэн тойрон дахь харуул хамгаалалтыг чангатгаснаар ийм хэрэг гарах нь багассан гэнэ. Гэвч үүний дараа зүгээр л зүггүйтэх дуртай хүмүүс хөшөөн дээр гарах тохиолдол нэмэгдэх болсон байна.