Энэхүү ёслолд нялх хүүхдүүдийг модон дээр оршуулах, нас барагсдын цогцсыг гаргаж ирэх гэх мэт хачирхалтай зан үйл хийдэг. Торажигийн оршуулгын ёслол нэлээд хэдэн хоног үргэлжилдэг бөгөөд бурхан болоочийн бүх хамаатан садан, гэр бүл нь цуглардаг байна.
Торажи үндэстний энэ хачирхалтай ёс заншилд гэр бүлийн нэг гишүүн нь нас барвал, түүний гэр бүл нь "Рамбу Солок" хэмээх оршуулгын ёслолыг хийх ёстой байдаг. Энэ овгийнхны амьдралын түвшин тааруухан байдаг учир оршуулгын ёслолыг хийхийн тулд долоо хоног, цаашлаад сар, жилээр хүлээх нь ч бий. Энэ тохиолдолд нас барсан хүнийг занданшуулан төрсөн гэрт нь хадгалсаар байдаг. Оршуулах хүртэл тухайн хүнийг нас барсанд тооцохгүй бөгөөд бүгд түүнийг хүнд өвчтэй, хэвтэрт байгаа хэмээн үздэг гэнэ.
Ийнхүү хангалттай хэмжээний мөнгөтэй болсны дараа оршуулах ёслолыг хийхдээ тэд одос үхэр болон гахай гаргана. Нас барсан хүн хэдий чухал хүн байна, төдий чинээ том гахай, одос үхэр гаргадаг гэнэ. Оршуулах үйл явц нь дуу хөгжим, наргиан цэнгээнтэй болдог ба дараа нь одос үхрийн болон гахайн махаар зочдоо дайлдаг байна.
Тосгоныхон цогцсыг газарт булж оршуулах нь ховор үзэгдэл бөгөөд ихэнхдээ агуйд тавих мөн хаднаас дүүжилсэн модон авсанд хийж оршуулдаг. Авсыг хадгалж буй агуйд нас барагсдыг илэрхийлдэг Тау-тау баримал хийдэг аж.
Модон авсны дотор заслыг маш гоё чимэглэдэг хэдий ч он цаг өнгөрөх тусам хуучирч, шарилын гавлын яс нь үйрч унах тохиолдол их гардаг гэнэ.
Бага насны хүүхдийн шарилыг агуй, хадан дээр дүүжилсэн авсанд хийдэггүй. Тэднийг хоосон модны хөндийд оршуулдаг ажээ. Хэрвээ хүүхэд шүд нь ургахаас өмнө нас барсан бол түүнийг даавуунд боож модны хөндийд хийдэг байна. Мөн нэг модонд хэд хэдэн хүүхдийн шарилыг хийж болдог.
Жил бүрийн 8-р сард "Ма’Нене" хэмээх ёслол болдог бөгөөд энэ өдөр нас барагсдыг булшнаас гаргаж угаагаад, үсийг нь самнаж, шинэ хувцас өмсгөдөг гэнэ. Харин дараа нь тосгоноор дагуулан явдаг ажээ.
Жил бүр болдог энэхүү хачирхалтай ёслолыг сонирхсон олон мянган жуулчин тус тосгонд айлчилдаг байна.