Насанд хүрээгүй хүүхдүүдийг "харгислан" хороосон Их Британийн цуврал алуурчин хос

Хүн төрөлхтний түүхэнд хүний сэтгэлийг сэртхийлгэм хар бараан толбо үлдээсэн Майра Хиндли (Myra Hindley) болон Ян Брэди (Ian Brady) нар 1960-аад онд учирчээ. Тэд хоёул нацист үзэл суртлыг дэмждэг экстремистүүд байсан бөгөөд 1963 оны 7-р сараас Брэди “төгс аллага үйлдэх” төлөвлөгөө ярьж эхэлснээс бүх хэргийн үндэс тавигдсан байна. Түүний гаргасан хүний ёсноос гажууд гэмээр адгийн санааг Майра зогсоох нь бүү хэл, дэмжин хамтарснаар Их Британийн түүхэн дэх хамгийн хэрцгий цуврал алуурчин хос бий болсон юм. 

Насанд хүрээгүй хүүхдүүдийг "харгислан" хороосон Их Британийн цуврал алуурчин хос

1938 оны 1-р сарын 2-нд Шотландын Глазго хотод төрсөн Ян Брэди нялх байхдаа өнчирчээ. Зарим эх сурвалжид түүний ээжийг Пегги Стюарт хэмээх ядруухан зөөгч эмэгтэй байсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Пегги төрөхөөсөө өмнө бэлэвсрээд байсан тул Брэдиг Жон болон Мэри Слоан нарт үрчлүүлэхээр өгчээ. Пегги Стюарт бүсгүй төрүүлсэн хүү дээрээ ойр ойрхон ирдэг байсан ч хүүд хэн ч Пеггийг төрсөн ээж нь гэж хэлж байгаагүй гэнэ.

Брэди өсөж том болоод нэр хүндтэй Шотландын академид элссэн бөгөөд тэндээ сайн сурлагатайд тооцогдож байв. Гэвч 1950-аад оны үед буюу академид сурч байхдаа Брэди хулгай, дээрэм, хүчирхийллийн хэрэгт нэр холбогдох болсон аж.

Брэди нэг бус удаа танхайрч хүн зодсон төдийгүй, айлын байшин руу нэвтэрч хулгай хийсэн байна. Мөн тэрээр найз охиноо өөр залуутай бүжиглэж байгааг хараад хоёуланг нь хутга барьж заналхийлэн сүрдүүлж байв.

Энэ янзаар "эвдэрч" замаа алдаж байсан Брэди цагдаагийн газраар эргэлдэх нь олширсоор шоронд суухдаа тулсан ч 16 насандаа батлан даалтаар гарч, төрсөн ээж дээрээ очжээ. Үүнээс хойш эх хүү хоёр Манчестер хотод амьдрах болсон бөгөөд Брэди хар бор ажил хийж эхэлсэн аж. Энэ үед хүү өөрийн хойд эцэг болох Патрик Брэдигийн овгийг авсан байна. 

Манчестерт хар ажил хийж байхдаа Брэди Адольф Гитлерийн '"Миний тэмцэл" (Mein Kampf) зэрэг нацист номыг шимтэн судалж, герман хэл сурчээ. Тэрээр мөн Францын алдарт зохиолч Маркиз де Садегийн садист үзэл бүхий эротик бүтээлүүдийг сонирхож эхлэв. Үүний хажуугаар Брэди жижиг хулгайн хэрэг үйлдсээр байв. 

Гэвч тэрээр дахин баригдаж, 1957 оны арван нэгдүгээр сард суллагдах хүртлээ насанд хүрээгүй хүмүүсийн хорих ангид хоёр жилийг өнгөрөөжээ. Манчестерт буцаж ирээд Брэди нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн болж химийн бодисын бөөний худалдаа эрхэлдэг Милвардс гэх компанид дажгүй цалинтай ажил олсон байна. 

Яг энд 1961 онд Ян Брэди, Майра Хиндли нар уулзсан юм.

Ян Брэдигээс дөрвөн насаар дүү, 18 настай Майра охин тухайн үед хүнтэй үерхэж ч үзээгүй байсан аж. Тиймээс Майраг төрөлхийн садист Брэди өөр шигээ үзэлтэй болгож өөрчилсөн хэмээн үздэг олон хүн бий. Брэди түүнд нацист номнууд уншуулж, бэлгийн харьцаанд орохдоо төрөл бүрийн гаж үйлдэл хийдэг байсан нь Майрагийн сэтгэхүйд том нөлөө үзүүлсэн байж ч болох юм.

Дараагийн хоёр жилийн хугацаанд Ян Брэйди, Майра Хиндли нар буугаар буудах, бие биенийхээ нүцгэн зургийг авах гэх мэтээр зугаагаа гаргаж иржээ. Гэвч эцэст нь энэ бүгд тэдний сонирхлыг татахаа хэдийнээ больсон тул хосууд "туршилтын туулай"-гаар зугаацахаар шийдсэн аж.

Тэд 1963 оны 7-р сарын 12-нд Хиндлигийн отгон дүүгийн найз болох 16 настай Паулина Ридийг хулгайлжээ. Брэди охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэнийхээ дараа толгой руу нь хүрзээр цохиж, улмаар түүний хоолойг хэрчжээ.

Энэ маягаар 1963-1965 оны хооронд хосууд таван хүүхдийн аминд хүрэхдээ бүгдийг нь онц хэрцгий байдлаар үйлдсэн байв. Хиндлигийн дүү тэднийг өсвөр насны охиныг харгислан хөнөөж байгааг өөрийн нүдээр харж, цагдаад мэдэгдсэнээр тэд баривчлагдсан байдаг.

Тэдний энэхүү хэрцгий хэргийг хэвлэлийнхэн "Мурын аллагууд" (Moors murders) хэмээн нэрлэсэн аж. 

Эдгээр хэргийн дараагаар гэмт хэрэгтнүүдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. Эмч нар Брэдийг сэтгэцийн хувьд хэвийн бус гэж оношилсон тул тэрээр үлдсэн амьдралаа галзуугийн эмнэлэгт өнгөрүүлжээ. Таван хүүхдийн амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн Ян Брэди 2017 онд галзуугийн эмнэлэгт нас барсан бол түүний эхнэр Хиндли 60 насандаа шоронд амьсгал хураасан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()