Фан Сяочин хэмээх энэ хүү Хятадын Жянсү мужийн Ёнфэн тосгоны ядуу гэр бүлд төрсөн бөгөөд 2015 оны 11-р сард Жэк Матай адилхан хүү гэх онлайн сенсацийн эзэн болжээ. Түүний зургийг цахим ертөнцөд тарсны дараа олон нийт хүүд "Бяцхан Жэк Ма" буюу "Mini Ma Yun" хоч өгч, улмаар хүү жинхэнэ интернет од болж хувирсан байна.
Зүүн талын зурагт Фан Сяочин, баруун талын зурагт Жек Ма
Үүнээс хойш компаниуд Фан Сяочин хүүгээр бизнесээ сурталчлуулах санал тавьж эхэлснээр барахгүй, олон нийтийн сүлжээний хэд хэдэн инфлунсер тэргүүтэй мянга мянган хүн түүний тусламжтайгаар өөрсдөдөө ашиг олох зорилгоор тал талаас нь "хоргоож" эхэлсэн аж.
Жижиг Жэк Маг компаниуд томоохон арга хэмжээ, баярын ёслол, загварын шоунд оролцуулж, шоу бизнесийн алдартнуудтай уулзуулахаар улс орон даяар аялуулжээ.
Фан Сяочин хүү компаниас хөлсөлсөн "асрагч"-тайгаа
Жэк Ма өөрөө Weibo дээрх нэгэн нийтлэлд Сяочин хүүг өөртэйгөө адилхан байгааг хүлээн зөвшөөрсний дараа Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Сяочиныг их сургуулиа төгсөх хүртэл түүний санхүүгийн хэрэгцээг Алибаба группээс даана гэж нийтэлж байсан удаатай. Гэвч үүнийг удалгүй компанийн хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч үгүйсгэж, худал мэдээлэл гэж мэдэгдсэн юм.
Тухайн үед хүүгийн гэнэтийн алдар нэр зарим хүмүүсийн санааг зовоож байсан юм. Бараг Хятад даяар танигдсан Сяочин хүүгийн бодит амьдрал тийм ч баярлаж тэмдэглээд байхаар гэрэл гэгээтэй байсангүй. Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, хүнд өвчтэй эхийн ядуу гэр бүлд төрсөн хүү алдартай болсноосоо хойш хичээл сургуульдаа ч төвлөрч чадахаа байжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан цуурхлын дагуу Сяочин хүү тэрбумтантай ижилхэн төрх байдлынхаа ачаар амьдралын орчноо дээшлүүлэх хувьтай төрсөн азтай хүү гэгдэж байв.
Харамсалтай нь үнэн хэрэг дээрээ байдал олон нийтийн төсөөлж байгаагаас ч дор байсан нь саяхан илэрсэн байна. Түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан улс даяар "аялал тоглолт" хийлгэж, хүүгийн нэр алдрыг "ашигласан" компаниуд зорилгоо биелүүлж их хэмжээний ашиг олсныхоо дараа түүнээс нүүрээ бууруулсан байв. Ийнхүү тэрээр өдгөө төрөлх тосгондоо очиж тарчигхан амьдрал руугаа буцсан байна.
Интернетэд тарсан сүүлийн үеийн бичлэгүүдээс харахад Сяочин бие бялдар болоод сэтгэцийн аль аль нь эрүүл бус байгаа нь харагдаж байв. Мөн тэрээр гудамжинд өөртөө дөхөж ирсэн хүмүүсээс мөнгө гуйж байсан бөгөөд 14 настай гэхэд өсөлт нь хэвийн бус байгааг ч интернет дийлэнх хэрэглэгчид анзаарсан байна.
Түүний царайг харахад арьсанд нь цагаан толбо үүссэн байсан нь өсөлтийг нь зогсоох бэлдмэл өгсөний илрэл байж болзошгүй гэж үзэх хүмүүс ч байсан юм. Дийлэнх интернет хэрэглэгчид энэ бүхэнд хүүг гэнэт алдар нэрд гаргаж, дараа нь хөсөр хаясан байгууллагуудыг буруутгаж байгаа аж.