Японы сүүлчийн самурай Сокакү Такедагийн амьдралын түүх

Түүхийн хуудаснаа тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн Сокаку Такеда (Sōkaku Takeda) бол самурайн бүх эрдмийг эзэмшиж, Наран улс даяар нэрээ дуурсгаж байсан сүүлчийн хүн юм. Тийм ч учраас түүнийг сүүлчийн самурай гэж нэрлэхэд буруудах зүйлгүй. Өнөөдөр бид уншигч та бүхэнд Сокаку Такедагийн туулж өнгөрүүлсэн замналаас хүргэхээр бэлтгэлээ. 

Японы сүүлчийн самурай Сокакү Такедагийн амьдралын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сокаку Такеда 1860 оны 10 -р сарын 10-нд эртний самурайн удамтай гэр бүлд төрсөн юм. Түүний аав, өвөө хоёр тулааны урлагийг гарамгай эзэмшсэн хүмүүс байсан тул Сокаку тэдний замналыг дагахаар шийджээ. Сокакүгийн аав сүмогийн дээд түвшний бөх, мөн сэлэм, жадны мастер, өвөө нь аики-жюцүгийн алдартай мастер байсан аж.

Тулааны урлагаар хичээллэж эхэлсэн Такеда алдарт мастер Том Шибуяагийн удирдлага дор сэлэмний эрдэмд суралцсан аж. Дараа нь тэрээр өвөөгийнхөө шавь Таномо Сайгогоос гардан тулаан сурсан байна. Эцэст нь Такеда аики-жюцү, уламжлалт самурай илдээр маш сайн тулалддаг болжээ. 

Сокаку Такеда гэхдээ бусдад гайхуулахын тулд тулааны урлагт суралцаагүй аж. Амьдралынхаа хорь гаруй жилийн хугацаанд Такеда Япон даяар аялж, хүчтэй гэсэн болгонтой тулалдсан юм. Ингэхдээ тэрээр үргэлж өрсөлдөгчтэйгөө адил зэвсгээр тулалддаг байжээ.

Тэр үед халз тулаан нь одоогийнх шиг спортын шинж чанартай байгаагүй бөгөөд хоёр тал амь насаа дэнчин тавьдаг байжээ. Тиймээс Такеда тэр бүгдийн дараа амьд үлдсэн нь ямар гайхалтай ур чадвартай болохыг нь харуулна. 

Такеда өөрийгөө өндөр зэрэглэлийн тулаанч гэдгийг хүн бүрт нотолж чадсан бөгөөд сонирхсон хүмүүст тулааны урлагаа зааж эхэлсэн байна. Гэхдээ тэрээр бусад мастеруудын адил нэг газар сургууль нээн суурьших маягаар эрдэм заасангүй. Тэднээс ялгаатай нь Такеда тэнүүчилсэн хэвээр байв.

Тухайн үеийн Японд ганцаараа аялах нь нэлээд аюултай байсан бөгөөд үүнийг Такедагийн амьдралын түүхээс баталж болно. 1910 онд Такедагийн амьдарч байсан нутагт зартай дээрэмчин халдан ирсэн тул тэрхүү харгис этгээдээс бүхэл хот даяараа айх болов. Түүнийг цагдаа нар ч барьж чадаагүй гэдэг. Гэвч нэг өдөр өнөөх аюултай дээрэмчний цогцос Такедагийн байнга явдаг замын ойролцооноос олджээ. Энэ хэргийг цагдаа нар цааш нь мөрдөөгүй байна. 

Өөр нэг түүх дээр Такеда замын ажил хийж байсан тавин эртэй тулалдахаар болов. Тухайн үед дээрэмчин, шоронгоос гарсан гээд аль бүтэхгүй эрчүүд л ийм төрлийн хар ажил хийдэг байсан бөгөөд тэд Такедаг боломж олдох л юм бол цааш харуулах байв. Ажилчид шон, замын багажаар зэвсэглэж Такеда руу дайрсан байна. Тэднээс хэдийг нь цааш харуулсныхаа дараа Такеда тулаанаас амьд гарч чадахгүй гэдгээ ойлгов. Тэрээр эцэст нь илдээ сугалж, арав орчмыг нь цавчиж хороосон байна. Ширүүн тулааны эцэст Такеда маш хүнд шархдаж, азаар цагдаа нар цагаа олж иржээ. Учир нь тэд хэдхэн хором л хоцорсон бол Такеда нас барах дөхсөн байв. Энэ мэт Сокаку Такедагийн гарамгай чадварыг харуулсан бусад түүхүүд олон байдаг. Гэсэн хэдий ч үүнийг батлах баримтууд цөөн бий. 

Өмнө дурьдсанчлан, Такеда нэг газраа тогтон суурьшиж хичээл заагаагүй ч аялж явахдаа 30 мянга орчим хүнийг энэ эрдэмд сургасан гэдэг. Тэдэн дунд тухайн үеийн Японы дээдсийн хүрээний хүмүүс байсны зэрэгцээ цэрэг, цагдаагийн томоохон албан тушаалтнууд, тулааны урлагийн мастерууд хүртэл энэ тоонд орох гэнэ. 

Такедагийн зан чанар нь түүний амьдралын хэв маягийг нь бүрэн илтгэдэг. Танилууд болоод үр хүүхдүүд нь хүртэл Такедаг бусдад итгэдэггүй, сэжигч, тулаанд үргэлж бэлэн байдаг хэмээн дурссан байдаг. Тэрээр цэвэр өөрийн дүрмээр амьдардаг байсан тул улс орон нь огцом өөрчлөгдөж байсныг ч огт тоодоггүй байсан аж. Үнэндээ яг түүний амьд байх хугацаанд тулааны урлагийг үнэлэх үнэлэмж огцом буурсан юм. Гэхдээ Сокаку Такеда хорвоод самурай болж төрсөн бөгөөд буцахдаа ч самурай хэвээрээ явжээ.

Өндөр нь 150 см, жин нь ердөө 50 гаруй кг байсан ч Такеда тулааны урлагийг төгс эзэмшсэн учраас нас барах хүртлээ гайхалтай тулаанч хэвээр насыг үджээ. Такеда нас барахынхаа өмнөхөн саа өвчнөөс эдгэрч чадсан бөгөөд дараа нь цагдаа нарт хичээл заасан байдаг. 

Сокаку Такедагийн тулааны урлагт оруулсан хувь нэмрийн талаарх маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр буй. Гэхдээ түүний эрдмээс суралцсан хүн биеэ хамгаалах битгий хэл, дайнд явахад ч бэлэн болдог гэх яриа бий. Үүнд нүцгэн гараараа тулалдахаас гадна сэлэм, саваа болон бусад төрлийн зэвсгээр тулалдах арга хүртэл багтана. 

Хамгийн гол нь Такеда тууштай байдал, сахилга бат, өөртөө итгэх итгэлийг заадаг байсан ба өөрөө ч дээрх чанаруудынхаа ачаар ийм өндөрлөгт хүрсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()