Хятадын Хэбэй мужид бизнес эрхэлдэг хөдөө аж ахуйн салбарын магнат, гахай үржүүлгээрээ хөрөнгөжсөн тэрбумтан Сун Дау Гаобейдиан хотын шүүхээс 18 жилийн хорих ял сонссон тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж эхэлсэн байна. Түүнийг өнгөрсөн оны 11-р сараас эхлэн мөрдөж байцааж, хэд хэдэн удаагийн нууц шүүх хуралдаан явуулсны эцэст ийнхүү ял оноосон нь энэ аж.
Тодруулбал, 2020 оны 11-р сарын 11-ний өдөр тэрбумтан Сун Дауг эхнэр, хоёр хүү болон бэрүүдийнх нь хамт саатуулж, нарийвчилсан хяналт шалгалт явуулж эхэлсэн бол хэдхэн хоногийн өмнө "төвөг учруулсан" үндэслэлээр 18 жилийн хорих ял оноосон байна.
Хятадын хүний эрхийн идэвхтнүүдийн үзэж байгаагаар уг хэргийн цаад учир Сун Даугийн улс төрийн үзэл баримтлал, байр суурьтай нь холбоотой гэжээ. Түүнийг төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, олон нийтийг үймээн самуунд турхирсан, засгийн газарт тэрсэлсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутай гэж үзжээ.
Сун Дау нь Хятадын улс төрийн сөрөг хүчнийхэнтэй үзэл бодол, байр сууриараа нэгддэг тул эсрэг намынхны явуулгаар түүнд зориуд хэрэг "тулгасан" байж болзошгүй гэж сэрдэх хүмүүс ч олон байв. Тэрээр өмнө нь эрх баригчдын хөдөө орон нутагт явуулж буй бодлого, шийдвэрүүдийг нэг бус удаа хатуу шүүмжилж байсан удаатай. Мөн 2019 онд гахайн ханиаднаас болж түүний бизнесээс гадна хүнс, хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ уналтад орсонд засгийн газрыг буруутган дуугарч байсан цөөхөн хэдэн хүмүүсийн нэг юм.
Тэрээр Dawu Agricultural and Animal Husbandry Group -ийн үүсгэн байгуулагч бөгөөд 9000 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангадаг. Өдгөө 67 настай Сун Дауд 18 жилийн хорих ял оноосныг дуулсан түүний ажилчид, тэдгээрийн гэр бүлийнхэн гээд олон мянган хүмүүс шүүхийн энэ шийдвэрийг буруутгаж байгаа аж.
Сун Дау өөрийн ажилчдадаа зориулан үр хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд үнэ төлбөргүй суралцуулах, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр авах, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд зэрэг иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг багтаасан бичил хот хүртэл байгуулсан байжээ.