Данийн тамирчин Кристиан Эриксенийг талбай дээр амиа алдахаас хэрхэн аварсан бэ?

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах "Евро-2020" тэмцээний Дани-Финландын шигшээ багуудын тоглолтын үеэр хөлбөмбөгч Кристиан Эриксен (Christian Eriksen) ухаан алдан унасан юм. Азаар Копенхаген хотын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа тэрээр ухаан орсон байна. Эргэн тойрны хүмүүс нь маш түргэн хугацаанд оновчтой арга хэмжээ авч чадсан учраас ийнхүү амийг нь аварчээ. 

Данийн тамирчин Кристиан Эриксенийг талбай дээр амиа алдахаас хэрхэн аварсан бэ?

Эриксен тоглолтын явцад хажуугаас гаргасан бөмбөгийг авах гэж байхдаа гэнэтхэн тэнцвэр алдаж, үхэтхийн унахыг Копенхагены Паркен цэнгэлдэх хүрээлэнд байсан үзэгчид хараад нам жим болсон юм. 

Данийн шигшээ багийн ахлагч Симон Кяер түүний дэргэд хамгийн түрүүнд очсон бөгөөд даруй түүнд амьсгалах зай гаргаж өгсөн байна. Түүний биеийн байдал ноцтой байгаа нь илт байсан учраас хоёр багийн тоглогчид талбайн эмч нарыг яаравчлуулан дууджээ.

Эриксенд сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэх үеэр багийн нөхөд нь түүнийг тойрон зогсож, цэнгэлдэх дэх мянга мянган үзэгчид, телевизээр үзэж буй сая сая хүмүүсээс эвгүй дүр зургийг далдлахыг хичээж байлаа. Тэр хугацаандаа тоглогчид нулимс дуслуулж, зарим нь бүр залбирч байгаа нь харагдаж байв.

Интер Милан клубын тоглогч, 29 настай Эриксенийг удалгүй эмч нар дамнуурга дээр хэвтүүлэн авч явж, эмнэлэгт хүргэсэн юм. Эцэст нь Эриксенийг ухаан орсон гэсэн мэдээ ирсний дараа хойшлогдсон байсан тоглолт дахин эхэлж, Финландчууд 1: 0-ээр хожсон байна. 

Дотрын анагаах ухааны мэргэжилтэн, профессор Санжай Шарма Эриксенд эргэн тойронд нь байсан хүмүүс цаг алдалгүй зөв арга хэмжээ авсан тул аюулаас мултарч чадсаныг мэдэгджээ.

Данийн багийн эмч Мартин Боесен тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд оролцож, үйл явдал хэрхэн өрнөснийг тайлбарлав.

"Тэр ухаан алдсан нь тодорхой байсан. Намайг дэргэд нь очиход Эриксен ухаагүй боловч зүрх нь цохилж байсан юм. Гэтэл гэнэт биеийн байдал нь муудсан учир хиймэл амьсгал, зүрхний массаж хийж эхэлсэн.

Эмнэлгийн баг болон бусад ажилтнууд хамтран зүтгэсний хүчинд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэсэн. Бид хийх ёстой зүйлээ хийж, Кристианыг аюулгүй болгож чадлаа. Тэр эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө надтай хэдэн үг сольсон." гэж тэрээр ярьсан байна.

Фабрис Муамба хэмээх хөлбөмбөгчний зүрх 2012 онд болсон тоглолтын үеэр мөн зогсож байсан билээ. Азаар түүний бие нь тэнхэрсэн ч дахин хөлбөмбөг тоглоогүй юм.

Тэрээр BBC Sport-д өгсөн ярилцлагадаа "Би түүнийг хараад бараг мартсан дурсамжаа сэргээсэн. Тэгэж унахыг нь харах аймшигтай байсан ч эмнэлгийн ажилтнуудын гавьяагаар амьд мэнд үлдлээ. Бас багийн нөхөд нь Кристианд санаа тавьж байгааг хараад надад их бахархал төрлөө. Нэг талаар итгэж болох хүмүүстэй байхын сайхныг бид бүгд харлаа шүү дээ. Бүх зүйл зүгээр болно гэж найдаж байна." гэж хэлжээ. 

Тэмцээний зохион байгуулагчид Данийн тоглогчдод нэг бол тоглолтоо тэр оройдоо үргэлжлүүлэх эсвэл маргааш өдрийн 12 цагт үргэлжлүүлэх гэсэн хоёр сонголт өгчээ. Эриксенийг зүгээр гэдгийг сонссоны дараа тэд тоглолтоо дуусгахаар шийдсэн байна. 

Данийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Каспер Хюлманд: "Тоглогчид өнөө шөнө унтаж чадахгүй гэдгээ мэдэж байсан учраас одоо бүгдийг дуусгасан нь илүү зөв сонголт болно гэж үзэж байна." хэмээн шийдвэрээ тайлбарлажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()