Бразилийн Солинополис хотод оршин суудаг, 26 настай загвар өмсөгч Элизане Силва нь хүмүүсийн мэдэж байгаагаар тус улсын хамгийн өндөр эмэгтэйд тооцогддог. Түүний өсөлт өнчин тархины хоргүй хавдартай холбоотой байсан нь хожим тогтоогдсон байна.
Тэрээр аравхан настайдаа хэдийнээ 170 гаруй см өндөр болсон бөгөөд биеийн хэмжээнээсээ болж бусад хүүхдүүдэд гоочлуулж, дооглуулсаар сургуулиасаа гарч байв. Элизане 2010 онд эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө олохын тулд Бразилийн телевизийн сувагт өөрийнхөө түүхийг хуваалцсан аж.
Ийнхүү тэрээр хэт их өсөлтийн даавраас болж аварга биетэй болсон нь тогтоогдсон тул Элизане эмчилгээ хийлгэж, олон жил үргэлжилсэн ясны өвдөлтийг нь бууруулж чадсан байна.
Элизане хайртай залуугийнхаа ачаар энэ хэцүү цаг мөчийг даван туулсан гэнэ. Тэрээр 2011 онд Францинальдо Да Силва Карвальотой танилцан, бие биедээ анхны харцаар дурлаж, хэдхэн жилийн дараа гэр бүл болжээ.
Францинальдо эхнэрийнхээ биеийн хэмжээ, хөндлөнгийн хүмүүсийн доог тохууг үл харгалзан Элизанийг чин сэтгэлээсээ хайрладаг аж. Бүсгүй энэ талаар Daily Mail-д өгсөн ярилцлагадаа "Францинальдо намайг өөлж гоочлолгүй, байгаагаар минь хүлээн авсан цорын ганц хүн." гэж тайлбарласан байв.
Тэд гэрлээд өдгөө зургаан жил болж байгаа бөгөөд Анжело хэмээх хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч байгаа аж. Анжело хүүгийн өндөр хэвийн, эрүүл саруул өсөж торниж байна.
Ер бусын өндөр моделийн нөхөр Францинальдо 162 см өндөр юм.
Элизане түүнтэй учрахаасаа өмнө өөрийгөө гажигтай гэж бодож, бусдаас ичдэг байсан бол Францинальдотой уулзсаны дараа өөрийнхөө онцлогийг хүлээн зөвшөөрч чаджээ.
Ийнхүү 41 см зөрүүтэй хос хэнээс ч санаа зоволгүйгээр нэг нэгнээ байгаа чигээр нь хайрлаж, хөндлөнгийн хүмүүсийн хар бараан сэтгэгдлээс ангид, сэтгэл хангалуун амьдарч байгаа гэнэ.