ЗХУ болон АНУ-ын сансрын уралдаанд хэн нь ялсан бэ?

1969 онд Аполло 11 хөлөг саран дээр бууснаас хойш өдгөө 52 жил өнгөрчээ. Америкийн сансрын нисгэгч Нил Армстронг (Neil Armstrong) саран дээр алхаж, "Энэ бол хувь хүний ​​хувьд нэг жижиг алхам, хүн төрөлхтний хувьд нэг том үсрэлт" гэж тунхагласнаас хойш хагас зуун жилийн дараа ч энэ явдлыг дэлхий нийтээр тэмдэглэсэн хэвээр байна. Саран дээр хүн газардсан нь АНУ-ын хувьд шинжлэх ухаан, техник, зохион байгуулалтын гайхалтай амжилт байсан нь эргэлзээгүй боловч сансрын уралдаанд АНУ үнэхээр ялсан гэж үү?

ЗХУ болон АНУ-ын сансрын уралдаанд хэн нь ялсан бэ?

1969 онд Америкийн өндөр албан тушаалтнууд Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хийж буй сансрын уралдаан дуусч, АНУ "яллаа" гэж тунхаглахад үүнийг эсэргүүцэх хүн бараг гараагүй. Гэхдээ одоо бид өнгөрсөн үеийн ололт амжилтуудыг бүрэн үнэлж чадахаар болсон тул АНУ-Зөвлөлтийн сансрын уралдаанд хэн үнэхээр түрүүлсэн бэ гэдгийг тодорхойлж чадахаар болсон. 

Хүйтэн дайны нөлөөгөөр АНУ-Зөвлөлт хоёр бүх зүйлээрээ өрсөлдөж эхэлсэн байна. Үүний ачаар техник технологийн бүхий л салбарууд, ялангуяа сансар судлал үсрэнгүй хөгжиж чадсан билээ. Сансрын уралдаан нь хоёр үндэстний шинжлэх ухааны судалгаа, технологийн чадамж, эдийн засгийн нөөцийг шалгах томоохон сорилт байв.

Гэхдээ энэ нь бас зэвсгийн өрсөлдөөн байсан гэхэд болно. Америк, Зөвлөлтийн сансрын хөтөлбөрүүд хэзээ ч "цэвэр шинжлэх ухаан"-ы үүднээс хэрэгжиж байгаагүй. Хүйтэн дайны өрсөлдөгчид өөрсдийн судалгааг ашиглан тив хоорондын баллистик пуужин, тагнуулын хиймэл дагуул зэргийг хөгжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулсан юм. Астрофизикч Нейл деГрасс Тайсоны бичсэнчлэн: "Сансрын шинжлэх ухааны хөгжлийг цэргийнхнээс салгаж болохгүй. Энэ хоёр үүрд хамт явдаг" гэжээ.

Анх 1957 онд Зөвлөлт Холбоот Улс анхны хиймэл дагуул Спутник 1-ийг дэлхийн тойрог замд оруулах үед Америкчууд хүйтэн дайны анхны томоохон ялагдлаа амссан юм. Хүн төрөлхтний бүтээсэн анхны хиймэл дагуул дэлхийг 90 минут тутамд нэг тойрдог байжээ. Үнэхээр ч түүний илгээж байгаа радио дохиог дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс сонссон байна. Түүхч Филип Таубман "Спутник 1 бол АНУ-ын хувьд гутамшигт ялагдал юм." гэж хэлжээ. Үүний дараа жил нь АНУ-ын Үндэсний нисэх, сансар судлалын газар (НАСА) байгуулагдсан юм. 

Гэсэн хэдий ч Зөвлөлтүүд сансрын "анхны" гэсэн юм бүрийг хийж байв. Жишээ нь анх саран дээр хөлгөө буулгасан (Луна 2, 1959), сансарт анх хүнээ гаргасан (Юрий Гагарин, 1961), сансарт анхны эмэгтэй гаргасан (Валентина Терешкова, 1963), задгай сансарт анх хүн гаргасан (Алексей Леонов, 1965) зэргийг дурдаж болно. Хэрэв бид "сансрын уралдаан"-ыг сансрын нислэг үйлдэх чадвараар авч үзэх юм бол Зөвлөлтийн тал ямар ч эргэлзээгүй ялсан билээ. 

Гэхдээ Ерөнхийлөгч Жон Кеннеди 1960-аад оны эцэс гэхэд саран дээр хүний мөр гаргаж байж л ялалтад хүрнэ хэмээн мэдэгдсэн аж. Тэрээр энэ уриалгаа Юрий Гагарин сансарт гарснаас нэг сарын дараа тунхаглажээ.

Тэрээр үүнийг хийх хэцүү ч заавал гүйцэлдүүлэх ёстой гэж мэдэгдсэн. Үнэхээр ч Кеннидигийн уриалгын дагуу 1969 онд Нил Армстронг сарны гадаргуу дээр Америкийн далбааг мандуулахад АНУ "ялсан" юм. Гэхдээ магадгүй 1975 онд сансрын уралдаан жинхэнээсээ дууссан байх. Тэр жил АНУ-ын Аполло хөлөг Зөвлөлтийн Союз хөлөг онгоцтой залгагдаж хоёр талын сансрын нисгэгчид эелдэгээр уулзсан байдаг. 

Ялахад аль аль тал нь анхаарлаа хэт хандуулснаас болж хэр их зардал гаргасан болохоо хоёр тал хоёул бараг мартсан гэхэд болно. НАСА-д санхүүжилт олгохыг урьтал болгосноор ядуурал, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгахад зориулсан дотоодын хөтөлбөрүүд зогссон юм. 

Үүний нөлөөгөөр Аполло 11 хөөргөхөөс нэг өдрийн өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байсан. Жагсагчид "Сансарт зориулж тэрбум доллар, өлсгөлөнд зориулж нэг цент" гэсэн лоозон барьсан байв. 

Гэхдээ сансрын уралдааны нөлөөгөөр олон сайн зүйл гарч ирснийг мартаж болохгүй. Тэрхүү технологийн шинэчлэлүүд бидний ертөнцийг бүрмөсөн өөрчилсөн билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()