Мелиса 5 настай байхдаа хэд хэдэн мууртай байв. Тэрээр нэг өдөр хашаандаа тэжээвэр амьтадтайгаа тоглож байсан бөгөөд аав нь охиноо хараад нэг зүйл сэдсэн аж. Кит гадаа хувцас хатаадаг хэцэн дээр түүний муурнуудыг дүүжилж, өлгөсөн гэнэ. Хөөрхий охин айсандаа ааваасаа тэднийг алахгүй байхыг гуйсан ч эцэг нь охиныхоо нүдэн дээр хайртай муурнуудыг алсан байна. Тэр үеэс эхлэн Мелиса аавыгаа эрүүл саруул сэтгэхүйтэй хүн мөн эсэхэд эргэлзэж эхэлсэн байна.
Энэ аймшигт мөч хүртэл охин нь аавыгаа баатар мэт санаж, сэтгэлдээ биширдэг байжээ. Тэр үед Кит ачааны машины жолооч байсан учраас шатахууны газрын талон авчирч охиндоо өгөх бүрт нь Мелиса хагартлаа баярладаг байв.
Кит гадна талдаа гэр бүлээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж буй сайн нөхөр, халамжит аав шиг харагддаг байжээ. Тэрээр эхнэр хүүхэддээ маш сайн ханддаг байсан ч заримдаа нууц төрх нь гарч ирдэг байсан тухай Мелиса хуваалцсан юм.
Мөн нэг удаа Кит Мелиса охиныхоо хамт замын хажуугийн хоолны газарт хооллох үедээ зөөгчөөс харцаа салгалгүй ширтэж байв. Дараа нь тэр амандаа "Буруутан болмооргүй байвал цамцны товчийг тасдах хэрэгтэй." гэж аяархан хэлжээ. Ааваасаа үл ойлгогдох хачин үг сонссон бяцхан охин мэдээж гайхсан ч тухайн үед учрыг нь олж чадалгүй өнгөрсөн аж.
Хожим нь хүн амины хэргийн газруудад алуурчны хурууны хээ байхгүй байсан нь мөрдлөг хийхэд ихээхэн хүндрэл учруулсан байна. Учир нь гэмт хэрэгтэн хохирогчдын хувцаснаас товчийг нь нямбайлан хайчилж авдаг байжээ.
Мелисагийн аав дэлгээстэй ном шиг биш, харин зоос шиг нэг тал нь үргэлж бусдын нүднээс далд байдаг хүн байсан гэнэ. Хожим цуврал алуурчин Китийн намтрыг Жак Олсен хэмээх эр бичиж, түүнийг яагаад тийм харгис аллагуудыг үйлдэх болсон, эргэн тойрны хүмүүс нь юу анзаарсан зэргийг олж мэдэхээр шийдсэн байна.
Тэрээр Мелисатай үерхэж, эцгийнх нь талаар судалж эхэлжээ. Түүний судалгааны явцад Кит бага байхын л үхэлд дуртай байсан нь тодорхой болов. Гэр бүлийнхэн нь Китийг огтхон ч хайхардаггүй байсны дээр эцэг нь архичин байсан нь ч үүнд нөлөөлсөн аж.
Ихэнх хүмүүсээс ялгаатай нь Кит бага насаа дурсах дургүй байв. Магадгүй энэ үед л тэрээр харгис нэгэн болсон байх магадлалтай. Хүүхэд насны бараан дурсамжаасаа болоод тэрээр хүмүүст өс санаж, хүний амийг хэрцгийгээр хөнөөж эхэлсэн байж болзошгүй байлаа.
Кит таван хүүхэдтэй гэр бүлээс гаралтай. Китийн ах дүү нар амьдралд нь бараг нөлөөлөөгүй бөгөөд гэр бүл нь их нүүдэг байсан тул тэрээр ах, дүүсийнхээ хамт нэг сургуулиас нөгөө сургууль руу олон удаа шилжиж байв. Мэдээж хэрэг, үүнээс болоод тэрээр хэнтэй ч дотносож чадаагүй аж. Мөн түүний нуруу далий байсан учраас хаа явсан газраа бөгтөр гэж шоолуулдаг байв. Үүнээс болоод түргэн ууртай болсон Кит байнга хүүхдүүдтэй зодолддог болсон ч тэр бүрт дийлдэж, илүү хүнд шийтгэл хүлээдэг байжээ.
Маниак Китийн зурсан зураг
Тэрээр энэ бүгдээс болж амьтан хөнөөж стрессээ тайлах болов. Кит нохой, муур, шувуу гээд нүдэнд нь харагдсан амьтан бүрийг хөнөөж эхлэв. Ингэхдээ тэр эхлээд тухайн амьтнаа удаанаар тамлах бөгөөд аажим аажмаар тамир нь барагдахыг харж, таашаал авдаг байсан аж. Эцэст нь ямарч тэнхэлгүй болсны дараа амьтны амийг нь тасална. Кит хожим хүнийг мөн энэ аргаараа хөнөөхийг хүсэж эхэлсэн юм.
Багадаа маш их дээрэлхүүлдэг байсан Кит ганцаардмал, зожиг болж өссөн бөгөөд өсвөр насандаа ямар ч охинтой болзоогүй юм. Түүнийг 1973 онд ахлах сургуулиа төгсөхөд эцэг нь бүтэлгүй хүүдээ мөнгө зарцуулж, их сургуульд сургахыг хүссэнгүй. Эзэмшсэн боловсролгүй Кит 20 настай байхдаа Роз Хак хэмээх бүсгүйтэй танилцаж, гэр бүл болсон бөгөөд тэд хоёр охинтой болж, Кит амьдралын эрхээр ачааны тэрэг барьж эхлэв.
Кит Жесперсон болон Роз Хак нар
Мелиса тухайн үед дэндүү жаахан байсан учраас эцэг, эхээ аз жаргалтай байсан гэж эндүүрсэн байжээ. Кит мөнгө хангалттай олдог ч төгс нөхөр байж чадаагүй. Заримдаа тэрээр замын дэн буудалд биеэ үнэлэгчтэй хонодог байсан аж. Мелисагийн ээж нөхрийнхөө нууц явдлыг бусдын амнаас дуулжээ.
Олон удаагийн араар тавилт, амьтны аминд хүрэх харгислал зэрэг хэрээс хэтэрсэн байдлыг тэвчихээ байсан Роз 1990 онд нөхрөөсөө салсан байна. Мелисса энэ үед хайртай аавыг нь орхисон "өөдгүй" ээждээ гомддог байсан ч сүүлд өөрөө бүхнийг ухаарсан аж.
Энэ явдлаас 10 жилийн дараа ээж нь хүүхдүүддээ Китийг цагдаад баригдсан гэдгийг хэлснээр тэд аавыгаа олон эмэгтэйн аминд хүрсэн цуврал алуурчин болохыг мэдсэн байна. Роз хүүхдүүддээ эцгийнх нь үйлдсэн хэргүүдийн талаар нарийвчлан хэлж өгөөгүй тул Мелиса сонин сэтгүүл, хэвлэлүүд дээр гарсан нийтлэлийг хайчилж цугуулсны үр дүнд аав нь яг хэн болох талаар үнэнийг мэдсэн гэнэ.
Кит үнэн хэрэгтээ амьдралын эрхээр бус, гагцхүү өөрийн харгис хүслээ гүйцэлдүүлэхээр ачааны тэрэгний жолооч болсон байна. Цагдаа нарын дүгнэлтээр Кит анхны хохирогчоо 1990 оны 1-р сард хөнөөсөн болж таарчээ. Тэрээр Орегон муж дахь нэгэн цайны газарт байхдаа Тони Беннет хэмээх бүсгүйтэй танилцаж, цаашлаад нэг оронд орсон байна. Гэвч удалгүй муудалцаж эхэлсэн бөгөөд Кит сурсан зангаараа түүнийг удаан зодож, тамлаж байгаад эцэст нь бүсгүйн амьсгалыг боож хөнөөжээ.
Цуврал алуурчны анхны хохирогч Тони Беннет
Кит ингэж анх удаа хүний амь хороосон ч бүх зүйлд маш тайван ханджээ. Тэрээр цайны газарт эргэж очоод хаатал нь сууж хэрэгт холбоогүй гэх нотолгоотой болсон бөгөөд үүнийхээ дараа цогцсыг нь нуусан байна. Хэдэн өдрийн дараа Тони Беннетийн цогцос олдсон боловч Китийг түүнтэй холбох ямарч баримт байгаагүй аж.
Китийн гарт амиа алдсан сүүлчийн хохирогч Жули Энн
Дараагийн 5 жилийн турш Кит энэ аргаар олон эмэгтэйг хороосон юм. 35 настай 2 метр шахам өндөр, 109 кг жинтэй харгис эрийн гараас ямар ч эмэгтэй мултарч чадаагүй. Тэрээр биеэ үнэлэгч эсвэл аялж яваа хүмүүсийг онилдог байсан учраас хохирогчдыг алга болсон гэх мэдээлэл бараг байдаггүй байв. Кит ихэнх бүсгүйчүүдийг хүн танихын аргагүй болтол зодож, дараа нь цогцсыг ачааны машины ёроолд бэхлэх замаар зөөвөрлөдөг байв. Замын тоос шороо ихэнх нотлох баримтыг үгүй хийдэг байсан учраас тэрээр баригдалгүй олон жил болж чаджээ.
Гэхдээ эцэст нь Китийг 1995 оны 3-р сарын 30-нд Жули Энн хэмээх бүсгүйн үхэлд буруутган баривчилсан аж. Шоронд тэрээр 2 удаа амиа хорлох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн учраас Кит цагдаа нарт бүх үнэнээ хэлж, хэргээ хүлээсэн байна.
Кит бусад алуурчдын адил олонд алдартай болохыг хүссэн тул хэргээ хүлээсэн захидал бичиж, сэтгүүлчдэд илгээжээ. Тэрээр гарын үсгийн оронд инээсэн нүүр зурсан тул хэвлэлүүд Китийг "Инээсэн нүүртэй алуурчин" гэж нэрлэв.
Хохирогчдын цогцос аллагын газраас маш хол зайд хаягдсан байсан учир Кит Калифорни, Флорида, Орегон, Вайоминг, Вашингтонд аллага үйлдсэн шалтгаанаар муж дамнасан хэрэгт унасан юм. Шүүхээс Кит Жесперсонд бүх насаар нь хорих ял оноожээ.
Цуврал алуурчны охин эцгээсээ болж хүнд амьдрал туулсан юм. Хүнийг амь тасартал нь зовоож, таашаал авдаг маниак эрийн ген охинд нь өвлөгдсөн байж болзошгүй гэж болгоомжилсон хүмүүс түүнийг гадуурхаж, хэл үгээр ч доромжилдог байв. Мелиса эцгийгээ яг ямар хэрэг хийсэн болохыг ойлгохын тулд их зүтгэл гаргасан бөгөөд олон хэргийг судалсан байна. Насанд хүрсэн хойноо тэрээр эцгийнхээ бүх хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзаж, уучлал хүсэж, эмгэнэлэл илэрхийлж байсан ба одоо ч тэдгээр гэр бүлийнхэнтэй холбоотой байдаг гэнэ.
Тэрээр алуурчны үр хүүхэд ч энгийн хүний адил өрөвч сэтгэл, ёс зүйтэй болохыг өөрийн жишээгээр батлан харуулж яваа юм.
Өнөөдөр тэрээр мэргэжлийн сэтгүүлчээр ажиллаж, телевизийн гэмт хэргийн тухай нэвтрүүлэг хөтөлдөг. Мелиса 2009 онд "Shattered Silence: Untold story of Serial Killer's Daughter" хэмээх намтар түүхээ хэвлүүлсэн нь богино хугацаанд бестселлер болжээ.
Энэ ном мөн кино уран бүтээлчдийн анхаарлыг татсан бөгөөд 2014 онд Рик Ботын "The Happy Face of Killer" гэмт хэргийн сэдэвт триллер дэлгэцнээ гарсан юм.
VIDEO