1
Мариа Каллас (Maria Callas)
Мариа Каллас хэрвээ Грекийн Олимпик Эйрвэйз компанийг үндэслэгч Аристотель Онассистай учраагүй байсан бол түүний хувь заяа тэс өөрөөр эргэж болох байсан. Гэвч тэдний харилцаа хэн хэндээ хор хөнөөл авчрахаас өөр сайн сайхан нөлөөгүй байв. Үүнээс өмнө дуучин бүсгүй өөртөө чин сэтгэлээсээ хайртай тэрбумтантай гэрлэсэн байжээ.
Италийн хөрөнгөтөн Жиованни Баттиста, залуу дуучин Мариа Каллас нар 1947 онд танилцаж байв. Тэд хоорондоо 27 насны зөрүүтэй байсан ч Жиованни дуучин бүсгүйд бараг анхны харцаар дурлаж, сарын дараа гэхэд гэрлэх санал тавьсан юм. Үүнээс хойш Мариа бараг хоёр жилийн дараа л түүний саналыг хүлээн авсан боловч Мариа Каллас нөхрөө чин сэтгэлээсээ хайрладаг байсан эсэх нь эргэлзээтэй.
Тэдний гэрлэлт 10 жилийн настай байсан бөгөөд энэ бүх хугацаанд Жиованни Батиста залуухан эхнэртээ итгэмжит нөхөр, халамжит аав, өгөөмөр хөрөнгө оруулагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан юм. Хэрэв тэр 1959 онд Аристотель Онассистай учир ургуулаагүй бол түүний амжилт, аз жаргал нь удаан үргэлжлэх боломжтой байв.
2
Анна Павлова
Авьяаслаг балетчин Анна Павлова чин сэтгэлийн мэдрэмж, жинхэнэ хайрыг мөрөөддөг байжээ. Хожим тэрээр Виктор Дандре хэмээх залуухан, эелдэг боловсон зантай царайлаг язгууртанд сэтгэл алдарсан байна.
Харамсалтай нь түүний жинхэнэ хайр гэж итгэсэн боловсон Виктор нь бүжигчин бүсгүйн сэтгэлийг төвөггүй урхидаж дөнгөнө хэмээн бооцоо тавьсан өөдгүй эр болж таарчээ. Дандре түүнтэй тоглоомоор дотноссон ч тэдний харилцаа сүүлдээ хайр болж хувирсан тул Анна түүнийг уучилсан аж.
Чинээлэг Виктор Анна Павловагийн бүжгийн бэлтгэл, хувцас, гоёл чимэглэл, бэлтгэлийн байр гэхчлэн хөрөнгө мөнгө харамгүй зарцуулахаас өөрөөр хайр халамж үзүүлдэггүй байв. Энэ хугацаанд Анна Павлова өөрийгөө гарал үүслээрээ Виктортой дүйцэхгүй гэдгийг ойлгож эхэлсэн ч түүнээс холдож зүрхлээгүй. Ингэж амьдарсаар хэдэн жилийн дараа гэхэд Анна хэдийнээ дэлхийд алдартай болсон байв.
Дандрег улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт унасны дараа Анна нөхрийнхөө бүх өрийг төлж, Оросоос гарахад нь тусалсан бөгөөд дараа нь тэд Лондонд очиж гэрлэжээ. Тухайн үед жинхэнэ уран бүтээлч хүн гэр бүл зохиох ёсгүй гэж үздэг байснаас болж тэд эцсээ хүртэл гэрлэлтээ нуусан байна.
3
Марлене Дийтрих (Marlene Dietrich)
Германд төрсөн Америкийн жүжигчин, дуучин Марлене Дийтрих "Tragedy of Love" кинонд камео дүр бүтээх үедээ уг уран бүтээлийн туслах найруулагчаар ажиллаж байсан Рудольф Сибертэй танилцаж, дотноссон байна. Тэд 1923 оны 5-р сард гэр бүл болж, дараа жилийнх нь 12-р сард бяцхан охиноо угтан авчээ.
Энэ гэр бүл ердөө таван жилийг хамтдаа өнгөрүүлсэн боловч Марлене Дийтрих, Рудольф Сибер нар амьдралынхаа сүүлийн өдрийг хүртэл хууль ёсоор эхнэр, нөхөр хэвээр байсан гэнэ. Тэдний охин хожим эцэг, эхийнхээ харилцааны талаар "Миний аав ээжийг бүх сэтгэлээрээ хайрладаг, түүний төлөө юугаа ч зориулахад бэлэн хүн байсан. Харин ээж шинэ хүмүүстэй уулзаж, өөр эрэгтэйчүүдтэй харилцаа үүсгэдэг байсан ч удалгүй буцаад ирчихдэг байсан. Гэхдээ тэр аавыг дэмжиж, хөрөнгө санхүүгээр тусалдаг байсан." гэж хуваалцсан байна.
4
Ангела Меркель (Angela Merkel)
Ангела Каснер болон Улрих Меркель нарын гэрлэлт удаан үргэлжлээгүй ч өдгөө хүн бүрийн мэддэг Меркель хэмээх овгийг үлдээжээ. Салалтаасаа хоёр жилийн дараа Ангела квантын химич Иоаким Зауэр хэмээх эртэй болзож эхэлсэн байна. Тэрээр эхнэр шигээ улс төрийн амбицтай байгаагүй ч шинжлэх ухаанаар салбартаа хамгийн шилдгүүдийн нэг нь болсон юм.
Иоаким олон нийтийн нүднээс зайлсхийхэд боломжтой бүхий л аргыг хэрэглэдэг бөгөөд тэр ч байтугай Бундестаг дахь эхнэрийнх нь анхны тангараг өргөх ёслолд ч очоогүй аж. Тэрээр сэтгүүлчдэд судалгаа шинжилгээнийхээ талаар л дуртайяа ярихаас биш хувийн амьдралынхаа тухай юу ч цухуйлгадаггүй. Өдгөө Иоаким Зауэр нь эрдмийн салбарт гялалзсан хэвээр бөгөөд Германы үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн, Берлиний их сургуулийн профессор, Их Британийн хааны нэрэмжит нийгэмлэгийн гишүүн болжээ. Гэхдээ мэдээж тэрээр Германы канцлерийн нөхөр гэдэг байр сууриа үгүйсгэх боломжгүй тул зарим үйл ажиллагаа, хүлээн авалтад эхнэртэйгээ цуг ирсэн харагддаг.
5
Маргарет Тэтчер (Margaret Thatcher)
Денис Тэтчер хэмээх бизнесмен, ахмад дайчин эр Маргарет Тэтчертэй улс төрийн карьерынх нь эхэн үед танилцаж байсан бөгөөд хожмоо тэрээр "Төмөр хатагтай"-ын үнэнч хань төдийгүй хамгийн дотны найз нь болсон юм. Хэдий өндөр албан тушаалтай бүсгүй хүн ганцаараа байх тавилантай гэдгийг Маргарет мэдэж байсан ч Денис түүнд энэхүү мэдрэмжийг амсуулаагүй байна. Тэрээр бүхий л бололцоогоороо эхнэрээ дэмжиж, тайван амьдрах нөхцлийг нь бүрдүүлж, тэр ч байтугай угаагаагүй аяга таваг огт үлдээдэггүй байв. Мөн тэрээр хүү охин хоёрыг нь харах асрагч, гэр орныг нь өөд татах үйлчлэгч хөлслөх санхүүгийн боломжтой байжээ.
Их Британийн ерөнхий сайдын нөхөр гэхэд Денис тун даруухан, чимээгүй байсан ч эхнэрийнхээ амжилтаар бахархдгаа нуудаггүй, сэтгүүлчдийн элдэв ёжилсон асуултад зохих хариуг нь өгчихдөг нэгэн байв. Маргарет Тэтчер ч нөхрөө сэтгэлийнхээ гүнээс хүндэлж, хувийн амьдрал болон улс төрийн карьерт нь үзүүлсэн чухал нөлөөнд үнэхээр талархалтай ханддаг байлаа.
2003 онд Денис хорт хавдраар өөд болсон нь "Төмөр хатагтай"-д асар хүнд цохилт болжээ. Хэдий үүний дараа тэрээр ганцаараа 10 жил амьдарсан ч ханийнх нь үхэл түүний эрүүл мэндэд гүнзгий нөлөөлсөн билээ.