1
Түбү (Toubou)
Эдгээр хүмүүс Сахарын цөлийн яг төвд, Тибестийн өндөрлөгт амьдардаг. Энэ газар Сахарын байнгын хүчтэй салхи, шуурганд туугдсаар элсгүй болж, хатуу чулуулгууд нь үлдсэн цорын ганц чулуурхаг газар юм. Дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэгт тооцогддог энэхүү чулуун "арал нь" сүүдэртээ хүртэл 50-аас дээш хэмтэй байдаг гэдэг ч үнэндээ энэ газраас сүүдэр ч олох бэрх гэнэ.
Үүнээс болоод энд таатай сайхан амьдрах нь бүү хэл, зөвхөн амьд үлдэхийн тулд тэмцэх хэрэг гарна. Гэхдээ түбүчүүд ийм газарт ч амьд үлдэж, бүр цэцэглэн хөгжиж чадсан байна. Үүний нууц нь хөрш зэргэлдээх ард түмний аман зохиолд хүртэл орсон тодорхой хоолны дэглэмийн ач байсан ч эдгээр ард түмний өөр хэнээс ч илүү тэвчээртэй, тууштай зан нь нөлөөлсөн нь эргэлзээгүй.
Түбү нь гол төлөв бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд нүүдэлчин эсвэл хагас нүүдэлчид гэж болно. Хачирхалтай нь, тэд зөвхөн малыг худалдах, солилцох зорилгоор үржүүлдэг бол өөрсдөө бүрэн цагаан хоолтон аж. Тэд өдөр бүр ойролцоогоор 80-100 км зам туулна. Явган аялалын үеэр тэд тэмээгээ унадаггүй. Өдөрт 45-50 градусын халуунд 100 км явган явна гэдэг та бидний хувьд төсөөлөхөд ч бэрх.
2
Гүйхээр төрсөн хүмүүс
Тарахумару бол ууланд амьдардаг Мексикийн эртний омгийн хүмүүс юм. Тус омог нь соёл иргэншлээс нэлээд тусгаарлагдсан бөгөөд тэдэнтэй ойлголцож тохиролцоход одоо ч хэцүү хэвээр байна.
Эдгээр хүмүүсийн нэр угтаа рарамури буюу "хөнгөн хөлтэй хүмүүс" гэсэн утгатай. 90-ээд онд Тарахумаругийн залуус Колорадо хотод болсон уулын хоёр супермарафонд түрүүлснээр спортын ертөнцөд шуугиан тарьж байсан түүхтэй. Үүнээс гадна тэд тусгайлан бэлтгэгдсэн тамирчид биш, харин Фишер гэдэг хүний авч ирсэн жирийн залуус байв.
Фишерээс болж энэхүү омгийнхон хожим өөр тэмцээнүүдэд оролцохоос татгалзсан юм. Тэрээр омгийнхныг хуурч, уралдаанаас олсон их хэмжээний мөнгийг өөрөө завшиж, ганц хоёр шуудай эрдэнэ шиш өгөөд тэднийг буцаажээ. Тарахумару сүүлд нь хууртаад салсан гэдгээ мэдээд цаашид ямар ч тэмцээнд оролцохгүй гэж шийдсэн аж
Тэд хөрш зэргэлдээ омгийнхны дунд асар хол зайг нойргүй, амралтгүйгээр гүйсээр туулах чадвартай гэдгээрээ алдартай бөгөөд зөвхөн ус, талх идээд л алдсан энергиэ нөхөж чаддаг гэнэ.
Тэдний хувьд "хол зай" гэдэг нь 10, 20 км биш. Ямар ч бэлтгэл сургуулилт хийгээгүй Тарахумару эр 200-250 км замыг асуудалгүй туулж чаддаг. Энэ бол тэдний амьдралын хэв маягт тооцогддог бөгөөд Тарахумаручууд холын зайд алхдаггүй, зөвхөн гүйдэг.
Үүнээс гадна, тэд эрүүл хооллолтын дэглэмтэй биш бөгөөд өөрсдийн нэрсэн эрдэнэ шишийн шар айраг, текилад маш дуртай.
3
Эверестийн нууцлаг баатрууд
Эдгээр хүмүүс байгаагүй бол дэлхийн хамгийн өндөр оргилд хүн төрөлхтөн өнөөг хүртэл гарч чадаагүй л байх байсан болов уу.
Шерпа гэх үгийг та хаа нэгтэйгээс сонсож байсан байх. Тэд Шерпа ууланд маш өндөрлөг газар амьдардаг бөгөөд магадгүй дэлхийн хамгийн өндөрлөг газрын хүмүүс юм. Гималайн нурууд дээр гарсан аяллын бүх экспедицүүд Шерпачуудгүйгээр нэг нь ч амжилтанд хүрэхгүй байсан. Тэд хөтөч, ачаа тээгчдийн үүргийг гүйцэтгэдэг төдийгүй, энгийн Шерпачууд оргил өөд ихэвчлэн мэргэжлийн уулчидтай эн зэрэгцэн авирдаг.
Шерпачууд өөрсдийн жингээс хэтэрсэн ачааг үүрээд юу ч болоогүй мэт өгсүүр замаар явж чаддаг. Үүний зэрэгцээ тэд дэлхийн хэмжээний уулчдыг ч үхэлд хүргэж чадах ачааллыг тэсвэрлэж чаддаг гэдгээрээ алдартай. Эрдэмтэд олон удаагийн судалгааны үндсэнд тэдний тэсвэр хатуужлын шалтгааныг олж тогтоосон бөгөөд Шерпачуудын цусны эргэлтийн системд хамаг нууц нь оршиж байсан гэнэ.