Өмнөд Солонгос улсын жүжигчин Ён Ю Жин 2020 онд Өмнөд Солонгосоос АНУ-ын Арканзас мужид очин суурьшиж байгаа гэр бүлийн тухай өгүүлэх Minari кинонд туслах дүр бүтээн ажиллаж, оскарын шагнал хүртээд байгаа билээ. Тус кино нь мөн цагаач иргэдийн амьдралыг тун өвөрмөц талаас нь харуулж чадсан гэдгээрээ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Сонирхуулахад, Ён Ю Жин нь өөрөө 1970-аад онд хуучин нөхөртэйгээ АНУ-д цагаачилж, 13 орчим жил амьдарч байсан гэнэ.
Тэрээр сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Хүмүүс намайг Америк кинонд оролцож тоглосон болохоор Холливудад дуртай гэж яриад байх шиг байна. Би үнэндээ Холливудыг шүтээд байдаггүй. Бид АНУ-д ирж ойр ойрхон ажиллах юм бол тэнд амьдардаг хүүтэйгээ илүү олон удаа уулзаж чадна л гэж бодсон юм." гэж хэлсэн байна.
Тэрээр Оскараас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн хоёрдахь ази хүн аж. Анх Япон гаралтай Америк дуучин Миёоши Умеки 1957 оны "Sayonara" киноны дүрээрээ энэхүү шагналыг хүртэж байжээ.
Ён Ю Жин кино урлагийн ертөнцөд амьдралынхаа 50 гаруй жилийг зориулжээ. Тэрээр 23 настайдаа Өмнөд Солонгосын найруулагч Ким Ки Ёны найруулсан "Woman of Fire" кинонд анхны дүрээ бүтээсэн бөгөөд өнөөг хүртэл кино, телевизийн цуврал нийлээд 70 гаруй бүтээлд тоглосон байна.
Тэрбээр анх Өмнөд Солонгосын нэрт дуучин Жо Ян Намтай гэр бүл болжээ. Хэсэг хугацааны дараа Ю Жин нөхрийн хамт АНУ руу нүүсэн бөгөөд үүнээс болоод амжилттай явж байсан карьераа завсарласан байдаг.
Харамсалтай нь Ю Жин 1980-аад оны дунд үед нөхрөөсөө салсан учраас хүүхдээ өсгөхийн тулд нутаг буцаж, жүжигчний карьераа үргэлжлүүлэх хэрэгтэй болжээ. Тухайн үед Солонгосын нийгэм гэр бүл салалтыг хүлээн зөвшөөрдөггүй, салсан эмэгтэйчүүдийг гадуурхдаг байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ талаар Ю Жин “Би залуу байхдаа үнэхээр алдартай байсан. Дараа нь нөхрөөсөө салсан учраас бараг хэн ч биш болсон доо." гэж тэрээр дурсчээ.
Жүжигчин Ю Жин 38 насандаа нөхрөөсөө салсан бөгөөд хоёр хүүгээ тэжээхийн тулд Флорида дахь Publix хүнсний дэлгүүрт хамгийн бага буюу цагийн 2.75 долларын цалинтай ажил хийдэг байсан аж. Тэрээр хэлний бэрхшээлтэй байсан учраас АНУ-д өндөр цалинтай ажилд орж чадахгүй харин Солонгост нэр хүндгүй болсон учир үүнээс өөрөөр амьдрах арга байхгүй гэж итгэсэн байв.
Гэвч гайхамшиг тохиож Ю Жиний зохиолч найз нь түүний жүжигчний авъяасыг нь биширдэг байсан учраас дүр санал болгож, ажлын санал тавьсан аж.
Тэрээр "Тэр үеэс л би насан туршдаа жүжигчнээр ажиллах хүн гэдгээ ухаарсан. Би урьд нь гаргасан шийдвэрээ дахин харж, эргээд хүсэл зорилгодоо хөтлөгдсөн эмэгтэй болсондоо маш их баярлаж явдаг. Анхныхаа дүрийг авах үед би жүжигчний сургууль төгсөөгүй байсан учраас мөнгө олохын тулд цагийн ажил хийнгээ зохиолоо цээжилдэг байсан үе ч надад бий." гэж өөрийн түүхээсээ хуваалцсан байлаа.
Тэрээр шагналаа хүртсэнийхээ дараа Лос Анжелес дахь Өмнөд Солонгосын Ерөнхий консулын газраас зохион байгуулсан Солонгосын хэвлэлийн бага хурлын үеэр Брэд Питтэй холбоотой олон асуултад хариулт өгчээ. Учир нь шагнал гардуулах ёслолын үеэр Ён Ю Жин түүнтэй тун ойр байсан учраас тэднийг юу ярьсан талаар хүмүүсийн дунд олон цуу яриа тархсан аж.
Дээрхтэй холбоотой олон асуултуудад тэрээр "Би түүнд ирээдүйд хийх кинонууддаа арай их хөрөнгө төсөвлөхийг зөвлөсөн юм." гэж хариулсан байна. Түүний ингэж хэлдэгийн учир нь "Minari" киног санхүүжүүлсэн "Plan B Entertainment"-ийг Брэд Питт эзэмшдэг гэнэ.
Оскарын шагнал түүний хувьд урам зориг нэмсэн гайхалтай үйл явдал болсон ч тэрээр Холливудэд үлдэхгүй, харин эх орондоо эргэж очоод, хийдэг ажлаа үргэлжлүүлэн хийж амьдарна гэдгээ ч илэрхийлээд амжсан юм.