Судлаачид бүх мэргэжлийг хиймэл оюун орлох боломжгүй гэж үздэг. Мэдээжийн хэрэг, ачаа ачих, хүснэгтэд өгөгдөл оруулах, касс дээр ажиллах гэх мэт энгийн зүйлсийг хиймэл оюунаар хийлгэх нь тодорхой.
Үүнээс гадна хүмүүсийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж, түүнд тааруулсан бодлого гаргахад хиймэл оюун маш том нэмэр болно. Жишээлбэл, цэцэрлэгийн багш нар сурагчдынхаа зан байдлыг анзаарч, өөрчлөлт гарсан тохиолдолд түүнд таарсан арга хэмжээ авах ёстой болдог. Ийм үед тухайн багш компьютерийн тусламжтай хүүхдүүдийн өгөгдлийг түргэн хугацаанд цуглуулж, шийдвэр гаргаж болно.
Мөн ихэнх сурталчилгааны компаниуд хэрэглэгчдийн мэдээллийг хиймэл оюуны тусламжтай богино хугацаанд боловсруулж, хүн тус бүрт таарсан сурталчилгаа явуулдаг билээ. Энэ мэтээр мэргэжилтнүүд робот ашиглаж болох салбаруудыг нэрлэжээ.
Тэдгээр нь:
- Нягтлан бодох бүртгэл, нийгэм, татвар тооцоо - 96 хувь
- Хөрөнгийн менежмент, 81 хувь
- Нийгмийн үйлчилгээ, 73 хувь
- Тээврийн менежмент, 59 хувийг роботоор орлуулж болох гэнэ.
Хэрэв та өөрийн мэргэжилдээ санаа зовж байгаа бол willrobotstakemyjob.com сайтаар зочилж өөрийн салбараа хайгаад үзээрэй. Тус сайт нь төрөл бүрийн салбарт хүнийг хиймэл оюун орлож чадах эсэх талаарх мэдээллийг харуулдаг юм.
Гэхдээ хиймэл оюуны чадамж одоо ч хязгаарлагдмал хэвээр байна. Мөн түүний мэдээлэл боловсруулах, аливаа зүйлийг сурах чадвар нь ямар төрлийн мэдээлэл хүлээж авахаас ихээхэн хамааралтай. Хэдэн жилийн өмнө дэлхийн хамгийн том худалдааны сайт Амазон хүний нөөцөө бүрэн хиймэл оюунаар орлуулах гэж үзсэн болов ч энэ жилээс тус санаагаа бүрэн орхисон байна.
Тус хиймэл оюун нь хүлээж авсан мэдээллийнхээ дагуу эмэгтэйчүүд болон өнгөт арьстай эрчүүдийг ажилд авахаас татгалзаж байсан учраас энэ аргыг цаашид үргэлжлүүлэхээс татгалзсан аж. Тус систем хүмүүсийг ердөө цаасан дээрх үзүүлэлтээр ангилж байсан бөгөөд хувь хүний үүднээс дүгнэж чадаагүй гэнэ. Тиймээс хиймэл оюун нь хүний нөөц зэргийн нарийн мэдрэмж шаардсан ажлыг хийж чадахгүй гэсэн үг юм.
Амазоны жишээнээс харахад та бид хиймэл оюун ухаанд хэт их найдаж болохгүй, эс бөгөөс жинхэнэ сүйрэлд хүргэж болзошгүй болж таарч байна. Бизнесээ бүрэн автоматжуулахаас өмнө энэ систем ямар үр өгөөжтэйгөөс гадна, ямар сул талтайг ойлгох нь зүйтэй.
Ажилд авах тухайд хиймэл оюун ухаан нь ажилтнуудаа тодорхой шалгуураар шүүж, өмнө нь хулгайн хэргээр ажлаас халагдаагүй байх, зохих боловсрол эзэмшсэн зэрэг дээр үндэслэн шийдвэрээ гаргана. Гэхдээ робот нь тухайн хүнийг хамт олонтойгоо таарч тохирох эсэх, ажлын байран дээр зөв хандлага гаргаж чадах уу, үгүй юу гэдгийг шүүн тунгааж мэдэхгүй.
Гар утасны операторууд болон арилжааны банкууд тусгай чатбот ашиглах замаар хэрэглэгчидтэйгээ харилцах системийг хэдийнээ нэвтрүүлж эхэлсэн билээ. Гэвч чатботууд ерөнхий асуултуудад хариулж чадах ч онцгой нөхцөл байдалд тааруулсан хариултыг яагаад ч өгч чадахгүй.
Танд нарийн боовны цех байна гээд төсөөлье. Цехээ ажиллуулахын тулд хүмүүс ажиллуулах, түүхий эд авах хэрэгтэй болно. Үүний дээр байгууллагын ашгийн дор хаяж тэн хагас нь ажилчдын цалин, татвар руу орох бөгөөд орчин үед урсгал зардалд маш их мөнгө төлдөг болсон шүү дээ.
Ийм тохиолдолд өөрөө гурилаа зуурч, талх нарийн боов хийдэг автомат төхөөрөмжийг та ямар ч эргэлзээгүй шууд авах байсан. Мөн захиалгаа чатботоор дамжуулан хүлээн авч, жолоочгүй машинаар бараагаа хүргэх юм бол маш их мөнгө, цаг хугацаа хэмнэж чадна.
Одоогийн байдлаар таван бизнес тутмын нэг нь хиймэл оюунаас татгалзаж байна. Гэхдээ үүнтэй зэрэгцэн 5 удирдах албан тушаалтны 4 нь хиймэл оюун ажлын ачааллыг хөнгөвчилдөг болохыг анзаарсан гэж ойлгож болно.
Хиймэл оюун нь ойрын ирээдүйд бага цалинтай энгийн ажлын байрнуудыг л орлох төлөвтэй байна. Энэ нь боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүсийн хувьд том гарз болж таарч байгаа. Гэвч нийгэм хөгжих тусам ийм хүмүүсийн тоо буурна гэдэгт мэргэжилтнүүд санал нэгтэй байна.
Нэмж дурдахад, хиймэл оюуны салбар хөгжихийн хэрээр шинэ ажлын байрууд нэмэгдэж байна. Мөн хиймэл оюун ухааныг ашигладаг Google, Facebook, Uber, Tesla гэх мэт компаниудын тоо улам бүр нэмэгдсээр байгаа учраас одоо бид чадвараа дээшлүүлж, хэдхэн жилийн өмнө байгаагүй шинэ ажлын байрны төлөө өрсөлдөх хэрэгтэй болжээ.