Төгөлдөр хуур тоглохынхоо хажуугаар бөмбөр тоглож сурсан Марвин хөгжимд авьяаслаг болох нь балчир наснаас нь илт байв. Гэвч түүний ээж хүүгээ дуучин болохыг хатуу эсэргүүцэж байснаас болж Марвин сэтгэлээр унаж, хөгжим байхгүй баяр баясалгүй амьдралаар яаж үргэлжлүүлэн амьдрахаа гайхдаг байснаа дурсан ярьжээ.
Марвин эгчийгээ 7 настайгаас өсвөр нас хүртлээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр байхыг харж өссөн тул түүний хувьд амьдралд итгэл алдрах энүүхэнд байв.
Дуулгавартай амьдрахаас залхсан хүү 17 настайдаа сургуулиа хаясан байна. Өдөр бүр үргэлжлэх гэр бүлийн хэрүүлээс холдохыг хүссэн тэрээр АНУ-ын Агаарын цэргийн хүчинд сайн дураараа элсчээ. Гэвч хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа Марвин эцэстээ сэтгэлээр унан ажлаасаа халшрах болж, төд удалгүй халагдсан юм.
Марвин 1957 онд "The Marquees" хамтлагаа байгуулж, хамтлагийн анхны дуу болох "Wyatt Earp"-ын арын хоолойг Бо Дидли, Билли Стюарт нараар дуулуулжээ. Хэдийгээр "The Marquees" хамтлагийн урлагийн карьер богино хугацаанд үргэлжилсэн ч Марвины ирээдүйн амжилтад хөтлөх Харви Фукуагийн анхааралд өртөж чадсан байна. Ийнхүү Марвин түүний тусламжтай "Motown" студийн эзэн, продюсер Берри Гордитой танилцаж, хамтран ажиллах гэрээг үзэглэсэн аж. Үүнээс гадна Берригийн эгч Анна Горди Марвины эхнэр болсон байна.
Марвин "Motown" дахь карьераа бөмбөрчнөөр эхлүүлсэн бөгөөд анхны синглээ гарахаас өмнө овгоо өөрчилжээ. Түүний жинхэнэ овог Гэй (Gay) буюу баяр хөөр гэсэн утгатай байсан ч харамсалтай нь энэ нь 70-аад оны үед ижил хүйстнүүдийг тодорхойлох болсон байлаа. Тиймээс тэрээр нэрээ "Marvin Gaye" хэмээн бичих санааг өөрийн шүтээн Сэм Күүк (Sam Cooke)-ээс авсан аж.
Марвин урт хугацааны туршид студийнхээ шахалтаар хэмнэл, аясын хувьд маш хөнгөн жанрын бүтээлүүд гаргаж байсан. Харин Марвин 1970-аад оны эхэн үед өөрийн хүссэн дууг бичих эрхтэй болжээ. Тэрээр удалгүй "What's Going On" цомгоо гаргасан бөгөөд түүний бүтээл тансаг аялгуугаараа сонсогчдыг алмайруулав. Өнөөдөр энэ цомог блюзийн түүхэн дэх хамгийн чухал бүтээлүүдийн нэгт тооцогддог болсон төдийгүй бүх цаг үеийн шилдэг цомгуудын жагсаалтыг эзэлсээр буй.
Хэдийгээр Марвин ажил мэргэжлийн хувьд өндөр амжилтад хүрсэн ч амьдрал нь асуудал, бэрхшээлээр дүүрэн байлаа. Тэрээр 1960-аад онд "Motown"-ы дуучидтай хэд хэдэн романтик дуэт бичүүлж байжээ. Тэдгээр хамтрагчдынх нь нэг Тамми Терреллийн гэнэтийн үхэл Марвинд хүнд цохилт болж, 1970-аад оны эхэн үеэс тэрээр цаг үеийн үйл явдлыг харуулсан бүтээл гаргахаа больсноор илүү хувийн шинж чанартай зүйлсийг дуулах болжээ.
Тухайлбал, Марвины хамгийн алдартай дуунуудын нэг "Let's Get It On" нь анх улс төрийн сэдэвтэй байсан ч удалгүй хайр, сексийн өнгө аястай болсон байна.
Мөн түүний сүүлд гаргасан цомгуудын нэг нь "Here, My Dear" (Май хонгор минь) хэмээх нэртэй байжээ. Тухайн үед Марвин анхны эхнэрээсээ салж байсан бөгөөд тус цомгоос олсон ашиг нь шууд түүний хуучин эхнэрт салсны нөхөн төлбөр болж очих байсан учраас ийм нэр өгсөн гэдэг.
Марвин амьдралдаа хоёр удаа гэрлэсэн юм. Анхны эхнэр Анна Горди түүнээс 17 насаар эгч байсан бол сүүлийн эхнэр Жанис Хантер нь Марвинаас 17 насаар дүү байжээ.
Марвины амьдралын сүүлийн жилүүд татвар, эхнэрээсээ салсан гэх хэл ам, "Motown"-ы удирдлагатай зөрчилдсөн, хамгийн гол нь хар тамхинд донтсон гээд асуудлуудаар дүүрэн байсан ч урлагийн ертөнцөд Марвины нэр хүнд өссөөр байсан юм. Марвины "Let's Get It On" дуу түүнийг илүү алдартай болгосны зэрэгцээ тэрээр 1983 оны NBA-ийн бүх оддын тоглолтын үеэр АНУ-ын төрийн дууллыг дуулсан нь одоог хүртэл яригддаг байна.
Марвин хамгийн сүүлд дуучин Барри Уайттай дуэт бичүүлэхээр төлөвлөж байсан ч түүнтэй уулзахаас долоо хоногийн өмнө санаанд оромгүй байдлаар хорвоогоос хальсан юм. Алдарт дуучин 1984 оны 4-р сарын 1-ний өдөр гэр бүлийн маргаанаас үүдэж, төрсөн эцэгтээ амин газраа буудуулж нас баржээ. Харамсалтай нь, Марвин тэр бууг аавдаа зул сарын баярын бэлэг болгож бэлэглэсэн байв.