Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сүүлийн жилүүдэд цаасаа хэмнэх, цаасны хэрэглээг танах талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр багагүй ярьж бичиж уриалга гаргах болсон билээ. Гэхдээ бид чухам ямар учраас “цаасаа хэмнэх” шаардлагатай тулгараад байгаа талаар төдийлөн сайн ойлголттой байдаг уу гэвэл үгүй.
Бичгийн цаас, хуучин ном, сонин, бараа бүтээгдэхүүний баглаа боодол, тавилгын хайрцаг гээд ажил болон гэртээ өдөр тутамд маш их цаасыг өөрсдөө ч мэдэлгүй, тооцоололгүйгээр хог хаягдал болгож байдаг нь эргээд байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэндэд ч асар хортой нөлөөг үзүүлдэг байна.
Дэлхий даяар, минут тутамд 190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд нэг тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Энэ нь Улаанбаатарчуудын ердөө нэг өдрийн хэрэглээнд зориулагдаад л хог хаягдал болдог нь харамсалтай.
Нэг ширхэг мод хоногт дунджаар гурван хүн амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг ч эсрэгээрээ хаягдал болсон цаас ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хийг агаарт ялгаруулдаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг бид төдийлөн мэддэггүй.
Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын тоонд ороод байгааг НҮБ-аас анхааруулсан нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол үүрэгтэй ой модыг огтлон хэрэглэж, их хэмжээний үргүй хаягдал болгож байгаатай холбоотойг тус байгууллагын албан ёсны хуудаст тэмдэглэсэн байна. Тиймээс хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж буй экологийн тэнцвэрт байдал алдагдсан эдгээр сөрөг үзэгдлийг бид өөрт тулгамдаж буй асуудал хэмээн ухамсартайгаар хандах цаг нэгэнт болжээ.
Цаасаа хэмнэж байгалиа хамгаалах энгийн аргууд
- Ажилчдадаа мэдээлэл хүргэхдээ хүн бүрт цаасан дээр хэвлэж тараах бус мэдээллийн самбар ашиглах, эсвэл цаасан харилцааг цахим хэлбэрээр илгээх.
- Компьютерт 12 гэсэн фонтоор бичсэн 57 хуудсыг 11-тийн фонтоор бичихэд 6 хуудас цаас хэмнэдэг байна.
- Бичгийн цаасны хоёр талд хэвлэж, цаасыг бүрэн ашиглах.
- Бичиг баримт, гарын авлага, заавар зэргийг интернэт, дотоод сүлжээндээ цахим хэлбэрээр хадгалан онцгой шаардлагагүй үед хэвлэхээс зайлсхийх
- Хэвлэхээсээ өмнө сайтар шалгах
- Олон хуудастай файлаас хэрэгтэй хэсгүүдээ түүж хэвлэх
- Хаягдал цаасыг шууд хогийн саванд хийлгүй цуглуулж байгаад дахин боловсруултад өгөх
Сонирхуулахад, манай улсад “Төвшин сайхан төв” хоёрдогч түүхий эд авах цэг 1кг цагаан цаасыг 50 төгрөгөөр, бичгийн цаас, бор хатуу хайрцаг, хуучин номыг 20 төгрөгөөр авдаг байна. Цаасыг дахин боловсруулж ариутган өндөгний бор сав, хайрцаг, дахин боловсруулсан цаас, ариун цэврийн цаас, дэвтэр зэрэг олон бүтээгдэхүүнийг бий болгон зах зээлд дахин нийлүүлэх боломжтой. Тиймээс байгаль орчин, эрүүл мэндийнхээ төлөө өнөөдрөөс эхлэн цаасаа хэмнэн ашиглаж, хогийн саванд шууд хийхээсээ азнаж, ангилан ялгаж дахин боловсруулалтад өгөх зэрэг энгийн аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлж #ДэлхийгээХайрлая.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.