Ослын улмаас 12 хүн газар дээрээ амиа алджээ. Хэдхэн цагийн дараа гэхэд таван хүн осгож, долоо хоног өнгөрөхөд нэг хүн өлбөрч үхсэн байна. Мөн ослоос хойш 17 хоногийн дараа цасан нурангинд дарагдаж дахин найман хүн амь үрэгдэв.
"Коч" гэж алдаршсан Хосе Луис Инкиарт тэр бүхнийг тэсэж, амьд үлдсэн хүмүүсийн нэг юм. Аймшигт ослоос амьд үлдэгсдийг 72 хоногийн дараа олж аварсан бөгөөд тэр хүртэл Коч болон түүний нөхөд нас барсан найзуудынхаа цогцсыг идэхээс өөр аргагүй байдалд оржээ.
Саяхан Коч Британийн нэгэн нэвтрүүлэгт зочноор оролцохдоо хэрхэн амьд үлдсэн тухайгаа олон нийтэд хуваалцсан аж. Тэрбээр найз нөхдийнхөө махыг идэхэд "асар их сэтгэлийн тэнхээ, эр зориг шаардсан" хэмээн дурссан байна.
Тэрээр амьд үлдэхийн тулд ийм зүйл хийсэн учраас харамсаж, өөрийгөө зэмлэхийг хүсдэггүй гэжээ.
"Тэр үед ид эсвэл өлбөрч үх гэдэг л хоёр сонголт байсан. Гэхдээ амиа алдсан найзынхаа биеийн хэсгийг тасдаж ам руугаа хийх үед өөрийн эрхгүй гар салгалаад, биеэ удирдаж чаддаггүй юм билээ. Амьдралын төлөөх бидний тэмцэлд асар их эр зориг шаардсан." гэж Коч тайлбарласан байлаа.
Мөн амьд үлдсэн хүмүүс аврагдахаасаа өмнө үхвэл бусдынхаа хоол болохыг зөвшөөрсөн байна.
Ослоос хойш бараг гурван сарын дараа тэд үхлээс аврагдсан юм. Амьд үлдэгсдийн хоёр нь эцсийн хүчээ шавхан 10 хоног алхсаны эцэст нутгийн малчин Серхио Каталантай таарч, аврах баг дуудсанаар арай хийн амь гарсан аж.
Коч өөрийн түүхээр "Андын дурсамж" хэмээх ном бичсэн бөгөөд түүнээс сэдэвлэсэн "Амьд" кино 1993 онд олны хүртээл болсон байдаг.
Үхэхээс бусдыг үзсэн амьд үлдэгсдийн хүний мах идсэн түүх дэлхийн өнцөг булан бүрт хүрч, шуугиан дэгдээж байсан. Тэднийг эхлээд маш хүчтэй шүүмжлэн буруутгаж байсан боловч эцэст нь шуугиан намжсан байна. Гамшигт явдлын үеэр нас барж, тэдний хоол болсон хүмүүсийн ар гэрийнхэн амьд үлдэгсдийн ямар аймшигтай цаг хугацааг туулсан болохыг ойлгосон гэнэ.
Коч, амьд үлдсэн Роберто Канесса, Карлос Паез Родригес нарын хамт олон жилийн дараа онгоц осолдсон газарт эргэн очжээ.
Энэхүү аймшигт ослын талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл доорх холбоос дээр дараарай!
~"72 хоногийн тэмцэл" - Андын нуруунд болсон аймшигт ослын түүх~