1
Насаараа ганцаараа байна гэж үгүй
Энэ насыг хүний амьдралын хамгийн эгзэгтэй мөчлөгүүдийн нэгт зайлшгүй багтаах ёстой. Их сургуулиа саяхан төгссөн, ажлын гараагаа дөнгөж эхлүүлсэн эсвэл эхлүүлэхээр хичээж байгаа хүмүүс ямарваа нэг байдлаар төөрөлдөж, цаашдаа яахаа мэдэхгүй эргэлзэх нь хэвийн үзэгдэл. Үүнийг дагаад эргэн тойрондоо байгаа хүмүүстэйгээ ч сэтгэлээ хуваалцаж, нээлттэй ярилцаж чадахгүй байсаар хий дэмий дотроо шаналж ганцаардах нь олон.
Гэхдээ аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай гэдгийг үргэлж өөртөө сануулж байх нь чухал. Өөртөө хугацаа өг. Харилцаандаа ч хугацаа өг. Хайр сэтгэл, найз нөхдийн харилцаа, ажил, сонирхол гээд бүгд өөрчлөгдөж хувьсаж болох учраас бүх хүслээ нэг дор биелүүлэх гэж яарах хэрэггүй.
2
Төгсөөд шууд мөрөөдлийн ажилдаа орохгүй ч байж болно
Мөрөөдсөн ажилдаа орж чадахгүй байгаа бол зүгээр суухын оронд боломжтой ажилдаа орох нь зөв. Хүсэж хүлээсэн цэгтээ хүрэхийн тулд заавал тогтсон нэг замаар явах хатуу дүрэмтэй биш шүү дээ. Харин ч энэ хугацааг чи туршлага хуримтлуулах боломж гэж олзуурхах хэрэгтэй.
3
Төөрөлдөх үе хүн бүхэнд бий
Чиний эргэн тойрон дахь хүмүүсээс эхлээд гудамжаар зөрөөд өнгөрсөн хэн бүхэн амьдралынхаа аль нэг цаг үед юу хийгээд байгаагаа, цаашдаа яг ямар сонголт хийхээ ойлгохгүй төөрөлдөх үеийг туулсан. Тиймээс чамд ч бас ялгаагүй энэ мөчлөг таарч байж болно.
4
Бүтэлгүйтсэн ч зүгээр
Магадгүй чи насаараа хамтдаа гэж итгэж байсан хайраасаа салж, амьдралынхаа зорилгыг болгож мөрөөдсөн мэргэжил чинь чамд тохирохгүй санагдаж, бүх зүйлд буруу сонголт хийсэн юм шиг харамсаж байж болно. Гэвч аливаа зүйлийг шинээр эхлэхэд огтхон ч оройтоогүй байна шүү дээ. Дөнгөж 20-иод настай чамд хэдэн ч удаа унаж, хэдэн ч удаа босоход хангалттай хугацаа бий. Тиймээс бүхнийг шинээр эхлүүлэх хүсэл зориг, цаг хугацаа, хүч чадалтай байгаа дээрээ том эрсдэл гаргахаас бүү айгаарай.
5
Чамайг хайрлах хүн гарч ирнэ
Яг энэ мөчид чамд болж бүтэх зүйл нэг ч байхгүй байгаа юм шиг, чи хэн нэгэн хүний хайрыг хүртэх эрхгүй юм шиг ганцаардан шаналж байж болно л доо. Гэхдээ л тэр бүх өвдөлт багассаар тодорхой хугацааны дараа чи өөр хэн нэгнийг сэтгэлдээ хүлээн авахад бэлэн болно.
6
Чи өөрийгөө хайрлана
Цаг хугацаа өнгөрөх тусам чи өөрийгөө илүү насанд хүрсэн, бие даасан хүн болж төлөвшсөөр байгааг олж харна. Одоогийн байдлаар хүсэж байсан шигээ хүн болж хараахан амжаагүй байлаа ч чамд төлөвших, юмыг ойлгож ухаарах хугацаа зөндөө байгаа учраас өөрөөрөө бахархаж, урамшуулахаа битгий мартаарай.
7
Хил хязгаар тогтоох эрх чамд бий
Залуу хүн байх гэдэг нь олон зүйлд "Тийм" гэж хэлэх ёстой болсон гэсэн үг. Илүү цагаар ажиллах, найз нөхдөдөө тус хүргэх гэх мэтээр хөврөнө. Учир нь чи "үгүй" гэж хэлж болох эсэхээ хараахан мэдэхгүй байгаа болохоор тэр.
Гэхдээ өөрийн амьдралаа тогтвортой, бие махбодио эрүүл хэвээр байлгахын тулд хувийн амьдрал болон ажил төрөлдөө хил хязгаар тогтоох эрх чамд нээлттэй. Өөртөө анхаарал хандуулах хэрэгцээ нь амьдралын явцад олж авдаг зүйл биш, байгалаас заяасан эрх гэдгийг санаарай.
8
Дэмжлэгийг чамлах хэрэггүй
Санхүүгийн хувьд асуудалгүй, хүссэн бүхнийг нь биелүүлж өгөх чинээлэг гэр бүлд төрөөгүйдээ өөрийгөө азгүй гэж боддог хүмүүс олон бий. Эсвэл бүр хэрэгтэй үед нь сэтгэлийн дэм өгч, ярилцаж тайтгаруулах найз алга гэж гомдоллох хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ үнэхээр ямар нэг зүйл буруугаар эргэвэл тусалж дэмжих ойр дотны хүмүүс байгаа гэдэгт итгээрэй.
Хэзээд чамтай хамт байх хүмүүсээ хуруу дараад тоолоод үзэхэд ядаж хоёр гурван хүн санаанд чинь бууж байвал чи үнэхээр азтай нэгэн гэсэн үг шүү.
9
Чи өөрийгөө чадна гэдгийг мэдэж байгаа учраас чи өөртөө гутарч байгаа
Сэтгэлээр унах, өөртөө урам хугарах нь чи арчаагүй гэсэн үг биш. Харин түүнээс илүү хичээл зүтгэл гаргах хангалттай чадвартай байсан гэдгээ сайн мэдэж байгаагийнх. Өөрийнхөө чадвар, нөөц бололцоог үнэлж чаддаг энэ чанар хожим чиний төсөөлснөөс ч илүү их зүйлийг авчрах болно.
10
Бусдын мөрөөдлийг биелүүлэх нь чиний үүрэг биш
Аав ээжийнхээ үгийг дагаж, өндөр цалин авахын тулд хүсээгүй мэргэжлээ сонгож, хүсээгүй ажилдаа ороод эцэст нь амаа барих явдал үе үеийн залууст тохиолдож л байсан хэрэг. Хэчнээн хайртай аав ээж, ах эгч, найз нөхөд байлаа ч хариуцлагыг нь чи хүлээх учраас сонголт хийх эрх зөвхөн чиний л гарт байгаа шүү дээ.
11
"Үгүй" гэдэг үгийн үнэ цэн
Чамд сөргөөр нөлөөлөх, зорилго мөрөөдөлд чинь харшлах бүхэнд үгүй гэж хатуухан хэлэх зоригтой байх нь чухал. Чамайг эерэгээр өөрчлөгдөж, сайн сайхан зүйл рүү тэмүүлэхэд садаа болж буй хүнээс зайгаа барих нь хувиа хичээсэн хэрэг огтоос биш.
12
Хэн ч чиний бодлыг уншиж чадахгүй учраас байр сууриа ил тод илэрхийл
Чиний мөрөөддөг хайр, сайхан ажил, цогцлоохыг хүсдэг амьдралын хэмнэл зэрэг зүйлсийг хэн ч тааж мэдэж чадахгүй. Тиймээс дотроо хий дэмий хүлээлт үүсгэж, бусдыг харзнаж цаг алдалгүй өөрийн байр сууриа шууд илэрхийлж хэлэх нь зөв.
13
Юунаас ч санаа зовох шаардлагагүй
Ангийнхантайгаа холбогдоход зарим нь гэр бүлтэй болсон, хэдийнээ карьераа амжилттай эхлүүлсэн, өсөж дэвшиж байгаа гээд бүх зүйл нь төгс төгөлдөр өрнөж байхад чи л юу ч үгүй, сэтгэл дундуур амьдраад байх шиг санагдаж байна уу? Гэхдээ амьдралынхаа аль ч цаг хугацаанд явж байсан ичиж зовох, одоо байгаагаа чамлах эсэх нь бас л чиний өөрийн сонголт. Хүн бүхний амьдралын замнал харилцан адилгүй шүү дээ.
14
Өсвөр нас дууссан
Унтахынхаа өмнө гоймон идэж, кола уугаад, орой болгон чипс чихэх зуршлаа хаях цаг аль хэдийн иржээ. Чиний бие одооноос л бага багаар өөрчлөгдөж эхлэх учраас таргалдаггүй гэж онгирдог бэлхүүс чинь амьдралын буруу хэмнэлээс болж нэг мэдэхэд бондойгоод эхлэх вий.
20 жилийн дараа ямар харагдмаар байгаагаа бодоод үзэхэд илүүдэл жинтэй, аахилж уухилсан хүн болохыг хүсэхгүй нь л мэдээж байх.
15
Чи өөрийнхөө бодож байгаагаас ч илүү сэтгэл татам хүн
Ахимаг насны эгч нар хориодхон настай байхдаа яагаад өөрийгөө муухай биетэй, хөөрхөн биш гэж боддог байснаа гайхан ярьж байхыг сонсож байсан л биз дээ?
Бидний хэн хэн нь энэ үед өөрсдийгөө хамгийн хатуугаар шүүмжилж байгаа. Чи гадаад төрх, биеийн галбиртаа сэтгэл дундуур явдаг бол яг одоо л үүнийгээ өөрчилж эхлэх хэрэгтэй. Өөртөө гутарсаар залуу насаа элээх гээгүй л бол...
16
Чи өөрчлөгдөж дуусаагүй, дуусах болоо ч үгүй
Бид хорь гаруйхан настайдаа бүхнийг ойлгочихсон, амьдралын утга учрыг олчихсон юм шиг ховор сайхан мөчүүдтэй учирдаг. Гэхдээ үнэндээ энэ үзэл удаан үргэлжлэхгүй. Амьдрал байнга өөрчлөгдөж байдгийн адилаар чи ч өдөр хоног өнгөрөх тусам хөгжсөөр байгаа нь гарцаагүй. Харин чиний яг одоо хийж болох хамгийн буруу зүйл бол сэтгэл ханаж, зогсонги байдалд орох юм.
17
Өөртөө амралт өгөх хэрэгтэй
23 насандаа ажил хийж, ахиц дэвшил гаргаж, хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, өөрсдийгөө олох гээд завгүй гүйсээр бид аз жаргал мэдрүүлдэг амьдралын энгийн мэдрэмжүүдийг мартчихдаг. Тиймээс хэсэг хугацаанд амсхийж, амьдралын сайхныг мэдрэхээ битгий мартаарай.
18
Найзууд цөөрөх нь энгийн үзэгдэл
Хуучин ангийн найзууд, багаасаа тоглож өссөн байрны найз гээд хүүхэд байхдаа бид бүгд маш олон дотны нөхөдтэй байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэднээс цөөн хэд нь л чиний амьдралд тунаж үлдэж байгаад гуниглах хэрэг огтоос байхгүй. Найз нөхөд, ер нь ямар ч харилцаа зөвхөн чамаас шалтгаалахгүй учир хоёр талын хичээл зүтгэл үгүй бол цагаа үрэх шаардлага байхгүй.
19
Амьдралаа үргэлжлүүлэхийн тулд ардаа орхих ёстой хүн гэж бий
Хүн бүр өсөж томрохдоо харилцан адилгүй байдлаар өөрсдийгөө хөгжүүлдэг. Хөгшрөх тусам зарим хүмүүс бараг л албаар өөрчлөлтөөс зугтаж, нэг цэгтээ гацдаг. Эдгээр хүмүүсийг аварч, чиглүүлж зааварлах нь чиний үүрэг биш. Чи тэднийг хайрлаж, дэмжиж, урамшуулж болох ч тэдний өмнөөс золиос гаргаж, тэдний амьдралаар амьдарч өгч чадахгүй. Тэд өөрсдийнхөө амьдралыг хариуцах ёстой, харин чи өөрийнхөө амьдралыг хариуцна. Эцэст нь чи тэдэнгүйгээр үргэлжлүүлэн урагшлах нь хувиа хичээсэн үйлдэлд тооцогдохгүй.
20
Өөрийгөө бусадтай харьцуулах нь
Хэн нэгний амжилтад баярлаж, чин сэтгэлээсээ урамшуулна гэдэг үнэндээ маш ховор, сайхан чанар. Бусдын амжилтаас үлгэр жишээ авч, урам зориг орох зорилгоор өөрийгөө бусадтай харьцуулж, боломж байгаа болохыг ухамсарлах нь маш зөв. Гэхдээ эсрэгээрээ бусдын амжилтыг хараад өөртөө гутарч, атаархалдаа баригдаж суух нь цаг хугацаа, эрч хүчний жинхэнэ гарз шүү дээ. Чи бол зөвхөн "чи" болохоос өөр "хэн нэгэн" биш.
21
Бүх хүнд "балрах" үе бий
Хүн бүхэнд "Би тэр үед л тэгчихсэн бол..." гэж харамсах үе байдаг. Харин дийлэнх нь түүнийгээ цаг хугацааны эрхээр хүлээн авсан байх нь элбэг. Хүн бүхэнд л өөрчлөхийг хүсдэг ямар нэгэн шийдвэр байдаг учир ганцаараа бүтэхгүй хүн болчихсон мэтээр өөрийгөө төсөөлөх хэрэггүй.
22
Бүх хүнд айдас бий
Үлдсэн бүхий л амьдралынхаа турш дан ганц энэ замаар л алхаж, энэ хүмүүстэй л уулзана гэх баталгаа хэнд ч байхгүй. Ойрын ирээдүй байлаа ч түүнийгээ 100 хувь баттай мэдэх хүн бидний дунд нэг ч үгүй. Хийж байгаа зүйлээ зөв гэдэгт бүрэн итгэлтэй хүн ч тодорхой хэмжээгээр "Яах бол..." гэсэн бяцхан айдастай байдаг.
23
Бүх зүйлийн учрыг олчихвол үлдсэн амьдрал утгагүй болно
Нэг хэсэг сэтгэлээр унаж байснаа эргээд урам зоригоор дүүрэх нь амьдралын ердийн хэмнэл юм. Амьдралынхаа зорилгыг олчихсон мэт шулуун дардан явж байсан ч сүүлдээ юу хүсээд байгаагаа ойлгохгүй төөрөлдөөд эхлэх үе бид бүгдэд цөөнгүй тохионо. Харин одоо тэр хэлбэлзлийг арилгах хамгийн тохиромжтой цаг. Тэмцлийн үе гэдэг ирээдүйн тэсвэр тэвчээрийг бэлтгэдэг учир яг одооноос л эхлээрэй. Ирээдүйд өөрийн гэсэн байр сууриа эзлэх цаг хугацаа чамд хангалттай бий.