Гэр нь шатахад Аня дөнгөж 7 сартай байжээ. Ээж нь тэр үед согтуу байсан тул түүнийг аврах хүн байгаагүй ч гайхамшиг тохиож, Аня амьд үлджээ.
Дараа нь охиныг эмээ, өвөө нар нь өөр дээрээ авсан байна. Одоо Аня 30 настай. Эмээ өвөө нь түүнд сайн анхаарал халамж тавьдаг байсан ч маш тарчиг амьдардаг байсан гэж дурсав.
Эмээ нь ач охиноо дагуулан Оросын хотуудаар явж, түлэгдсэн нүүрийг нь харуулж, хоолны мөнгө гуйдаг байв. Аня нэг өдөр ангийнхаа хүүхдүүдийн шоглолтыг тэсэлгүй амиа хорлохыг оролджээ. Хүүхдүүд түүнийг "мангас", "Франкенштейн", "нүүргүй хүн" гэж хочилдог байв. Охин энэ бүх доромжлолоос залхсан учраас хоёрдугаар ангиасаа сургуулиа хаяжээ.
Асрамжийн газарт байх үе түүний амьдралын хамгийн сайхан дурсамж гэнэ. Нэг удаа Аня өөр шигээ түлэгдсэн нүүртэй охинтой танилцаж, найзууд болцгоосон байна. Үүний дараа Аня өөрийгөө ганцаараа биш гэдгийг ойлгож, сэтгэл санаа нь дээрджээ.
Өдгөө Аня Алексей хэмээх нөхөртэй болсон бөгөөд 11 настай Даша охинынхоо хамт сэтгэл хангалуун амьдарч байна. Хүүхэдтэй болсон Аня өөрийгөө хайрлаж сурчээ.
Тэдний амьдрал тийм ч хангалуун бус боловч тайван бөгөөд хайраар дүүрэн орчинг бий болгож чаджээ.
Энэ оны хоёрдугаар сард цахилгааны гэмтлээс болж тэдний байшин шатжээ. Тэд ихэнх үл хөдлөх хөрөнгөө алдсан боловч аз болоход аав, ээж, охин гурвуулаа бэртэл, гэмтэлгүй, элэг бүтэн үлджээ.
Аня Болдырева хэзээ нэгэн өдөр гоо сайхны мэс засал хийхийг мөрөөддөг. Москвад түүнд үнэ төлбөргүй мэс засал хийх эмнэлэг байгаа боловч нөхөн сэргээх эмчилгээнд их мөнгө хэрэгтэй болжээ.
Аня гадаад төрх байдлаасаа болж дээд боловсрол эзэмшиж, ажилд орж чадаагүй. Иймд тэрээр амьдралаа сайн сайхан болгохын тулд тосгоноосоо том хот руу нүүхийг мөрөөддөг аж.