Файз хэн бүхний элсээд байдаггүй Оксфордын их сургуулийг амжилттай төгссөн тул тийм ч яадгаа алдсан явуургүй, залхуу нэгэн биш байж болох юм. Түүний эцэг эх нь Дубайд амьдардаг, чинээлэг хүмүүс бөгөөд тэд хүүдээ Лондоны төв хэсэгт байрлах Хайд Паркийн ойролцоох байрыг нэг сая ам.доллараар худалдан авч өгчээ.
Нэмж дурдахад 71 настай Жавед, 69 настай Ракшанда Сиддики нар хүүгийнхээ бүх амжиргааны зардлыг даадаг бөгөөд долоо хоног тутамд халаасны мөнгө болгож 400 фунт өгдөг. Тиймээс насанд хүрсэн "хүүхэд" болсон Файз ажилд орох оролдлого ч хийлгүй, 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл нас өндөр гарсан эцэг эхээрээ тэжээлгэн амьдарсан байна.
Тэгтэл саяхан ажилгүй хүүтэй эцэг эхийн тэвчээр нь барагдаж, хүүгээ бусдын адил идэвх зүтгэл гаргаж амьдрахыг ятгажээ. Харамсалтай нь тэдний санаа бүтэлгүйтсэн тул тэд өгдөг мөнгөний хэмжээгээ багасгахаар шийдсэн гэнэ. Эцэг эхийнх нь энэхүү шийдвэр Файзад огтоос таалагдаагүйн дээр, төрсөн эцэг эхээ шүүхэд өгсөн байна. Тэрбээр өөрийгөө "эрүүл мэндийн асуудалтай эмзэг хүүхэд" тул эцэг эх нь амжиргааны зардлыг нь хүссэн хэмжээгээр нь үргэлжлүүлэн төлөх үүрэгтэй гэж мэдэгджээ.
Энэ бол Файз Сиддик хэн нэгнээс мөнгө салгахаар шүүхэд гаргасан анхны нэхэмжлэл биш байлаа. Гурван жилийн өмнө Файз Оксфордын их сургуулийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, нэг сая фунт стерлинг нэхэмжилжээ. Сиддики тус сургуульд суралцах нь уйтгартай байсны дээр зарим чиглэлээр мэргэшсэн багш байхгүй хэмээн зарга үүсгэсэн аж. Лондонгийн Дээд шүүх түүнийг сургуулиа ямар ч асуудалгүй төгссөн учраас сургуулийн зүгээс түүнд суралцах бүх боломжийг олгосон гэж үзээд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Файз Сиддикийн эцэг эх хүүгийнхээ уг үйлдлийг уучилж болох ч нэхсэн мөнгийг нь өгөхгүй гэжээ. Хөгшин эцэг эх нь хүүгээ хэцүү ааштай, шуналтай хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнийг ямар ч мөнгөгүй болж үзэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.