XX зууны хамгийн учир битүүлэг осол - "Дятловын давааны" нууц

2019 оны хоёрдугаар сарын 4-нд Оросын прокурорууд одоогоос 60 жилийн өмнө Уралын нуруунд болсон ослын шалтгааныг илрүүлэх ажлыг дахин эхлүүлснээ мэдэгдсэн билээ. Цэл залуу есөн уулчин нууцлаг шалтгаанаар амиа алдаж байсан тэрхүү явдал нь орчин үеийн хамгийн дуулиантай бөгөөд учир битүүлэг хэргүүдийн нэг билээ.

XX зууны хамгийн учир битүүлэг осол - "Дятловын давааны" нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Игорь Дятлов нь Уралын Политехникийн Институтид радио инженерийн чиглэлээр суралцдаг, 23 настай залуу эр байлаа. Тэрээр маш чадварлаг цаначин бас явган аялагч байсан бөгөөд 1959 оны нэгдүгээр сард сургуулийнхаа 9 оюутныг цуглуулан Хойд Уралын Холят Сяхл, Отортений уулсаар 300-аад км аялах 16 өдрийн экспедицийг эхлүүлжээ. Ингээд цанын спортын 2-р зэргийн үнэмлэхтэй 8 эрэгтэй, 2 эмэгтэй нийлэн тухайн үеийн ЗХУ-ын хамгийн дээд зэрэглэл болох 3-р зэргийн үнэмлэх авах дэврүүн хүсэлтэйгээр замдаа гарчээ.

1 Явган аяллын эхлэл

1959 оны нэгдүгээр сарын 25-ны өглөө аялалын багийнхан галт тэргээр Ивдел хотод очиж, тэндээсээ машинаар аяллын зам дахь хүн суурьшсан сүүлийн газар болох Вижайд очжээ. Тэд тэндээс талх, хүнсээ базааж аваад цааш хөдөлсөн байна.

Ингээд нэгдүгээр сарын 27-нд аялал албан ёсоор эхэлсэн аж. Гэтэл маргааш нь багийн гишүүн Юрий Юдиний бие тавгүйрхсэн тул Вижай руу буцаж, үлдсэн 9 гишүүн аяллыг цааш үргэлжлүүлжээ.

Явган аяллын эхлэл

Тэдгээр гишүүдийг дурьдвал Игорь Дятлов (23), Юрий Дорошенко (21), Людмила Дубинина (20), Юрий Кривонишенко (23), Александр Колеватов (24), Зинайда Колмогорова (22), Рустем Слободин (23), Николай Тибо-Бриньоль (23), Семён Золотарёв (38) нар юм.

2 Аяллын зам

Нэгдүгээр сарын 31-нд аяллын багийнхан модтой хөндийд хүрч, буцахдаа хэрэглэх хоол хүнс болон тоног төхөөрөмжөө тэнд нуун орхижээ. Ингээд маргааш нь буюу хоёрдугаар сарын 1-нд багийнхан хожмоо Дятловын даваа гэж нэрлэгдэх даваа өөд өгсөж эхэлсэн байна. Хожим багийнхны тэмдэглэл болон зургийн аппаратыг нөхөн сэргээж үзэхэд тэд даваан дээр гараад биш уруудаад цаад талд нь буудаллахаар төлөвлөж байсан нь тогтоогджээ.

Гэсэн ч тэр өдөр цасан шуурга шуурсан тул багийнхан замаасаа баруун тийш хазайн, нэг мэдэхэд Холят Сяхл уулын орой дээр шахуу очсон байжээ. Холят Сяхл гэдэг нь нутгийн иргэдийн хэлээр “Үхлийн уул” гэсэн утгатай аж. Дятловын багийнхан уулнаас бууж ой модтой нөмөр хэсэг рүү чиглэхийн оронд, уулын энгэрийн налуу дээр буудаллахаар сонгосон байна. Гэтэл тэр шөнө цаг агаар -25-30 градус хүртэл эрс хүйтэрч, багийнхан бүгд нэг том майханд оржээ.

Аяллын зам

3 Цахилгаан мэдээ

Юрий Юдин бие тавгүй шалтгаанаар буцах үед Дятлов түүнд аяллын багийнхан замаа амжилттай дуусгаад Вижайд буцаж ирэхдээ цахилгаан мэдээ явуулна хэмээн хэлж байжээ. Гэсэн ч товлосон хугацаанд Юдинд тэдний буцаж ирсэн тухай ямар ч мэдээ ирсэнгүй. Ингээд 7 хоногийн дараа Юдин хүмүүст мэдэгдэж, Уралын Политехникийн коллежоос оюутан, багш нараас бүрдсэн аврах багийг илгээсэн бөгөөд удалгүй араас нь зөвлөлтийн армийн цэргүүдийг явуулах шаардлага гарсан юм.

Цахилгаан мэдээ

Аврах багийнхан 1959 оны 2-р сарын 26-нд Дятловын майхныг олсон байна. Майхан нь хоёр хуваагдсан байсан бөгөөд нарийн шинжилж үзвэл дотроос нь хутгаар зүссэн нь тогтоогджээ. Майхны гадаа гуталтай, оймстой, зарим нь бүр хөл нүцгэн 9 хүний мөр олдсон байна. 

Аврах багийнхан мөрийг мөшгиж үзэхэд зарим нь майхнаас зүүн хойд зүгт 1.5 километр зайтай ойн зах руу орсон байж. Ингээд нэгэн том нарс модны дороос бага хэмжээний түүдэг гал болон Кривонишенко, Дорошенко нарын гуталгүй цогцос олдсон байна. Мөн тэд майхнаас зөвхөн дотуур хувцастайгаа гарч зугтсан байжээ. Цогцоснуудын дээр модны мөчир, иш унасан байсан төдийгүй хэн нэг нь мод руу 5 метр өндөрт авирснаас мөчирнүүд хугарсан ул мөр олдсон байна.

Удалгүй майхан болон модны зах хоорондын газраас Дятлов, Коломогорова, Слободин гурвын цогцос хоорондоо 100 метрийн зайтай олджээ. Гэвч хайгуулчид тухайн үед үлдсэн 4 гишүүний цогцсыг олж чадаагүй бөгөөд хожим тавдугаар сарын 4-нд ойн гүн рүү 75 метрийн зайд байхад нь илрүүлсэн байна. Тэр дөрвийн гурав нь бусдыгаа бодвол илүү зузаан хувцастай байжээ. Энэ нь гишүүд нэг нэгээрээ амиа алдаж эхлэхэд, амьд үлдсэн хүмүүс нь хувцсыг нь авч давхарлаж өмссөн болохын тэмдэг юм. Жишээ нь, Дубинина шархдсан хөлөө Кривониченкогийн ноосон өмдний тасархайгаар боосон байжээ. Мөн Золотарёв Дубининагийн цув, малгай зэргийг өмссөн байсан аж.

4 Шалтгаан нь тодорхойгүй бэртэл, гэмтлүүд

Экспедицийн багийнхний цогцост задлан шинжилгээ хийсний дараа тэднийг үхэлд хүргэсэн бэртэл гэмтэл нь маш сонин жигтэй болохыг тогтоожээ. Жишээ нь, Тибо-Бриньолын гавлын яс нь хэд хэдэн цөмрөл авсан байсан бол Людмила Дубинина, Семён нар цээжний томоохон бэртэнги авсан байжээ. Гэсэн ч ихэнхийнх нь биед гадны нөлөөний шинж тэмдэг илрээгүй байна. Задлангийн эмч нар тэдний үхлийг машины осолтой төстэй шинж тэмдэгтэй байсныг хэлжээ. Энэ нь тэд маш хүчтэй даралтны нөлөөн дор орсныг илтгэж байгаа юм.

Шалтгаан нь тодорхойгүй бэртэл, гэмтлүүд

Харин гадны нөлөөтэй гэмтлийн шинж тэмдэг илэрсэн ганц цогцос нь Дубининагийнх юм. Түүний нүд, хэл, уруулын хэсэг гээд нүүрнийх нь тал нь байхгүй байсан ба гавлын ясных нь хэлтэрхий мөн үгүй байжээ. Харин Александр Колеватовын биед ямар ч гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байна.

5 Үхлийн шалтгааны тухай таамгууд

Эрх баригчид эхлээд аяллын багийнхан руу Мансууд буюу нутгийн уугуул иргэд дайрсан байж болзошгүй гэж үзсэн ч, цасан дээр гадны хүний мөр байгаагүйн дээр хэн нэгэнтэй тэмцсэн ямар ч шинж тэмдэг байгаагүй аж. Тэгвэл багийн гишүүд яагаад яаран сандран майхнаа орхиж, нүцгэн шахуу цасан дээгүүр гүйсэн байх вэ?  Ямар нууцлаг хүч залуусыг тийм хачирхалтай нөхцөл байдалд, жигтэй гэмтэл авч үхэхэд хүргэсэн байх вэ? Хэргийн албан ёсны шалгалтаар дараах дүгнэлтийг гаргажээ.

  • Багийн 6 гишүүн осголтоос болж нас барсан бол 3 гишүүн гэмтлээс болж өөд болжээ.
  • Энэ үйл явдлын үеэр Холят Сяхлд Дятловын бүлгийнхнээс өөр хүн байгаагүй нь тогтоогдсон.
  • Экспедицийн бүх гишүүд сүүлийн хоолоо идсэний дараа 6-8 цагийн зайтай нас баржээ.
  • Хоёр цогцосны өмссөн байсан гурван хэсэг хувцаснаас радио идэвхт бодис илэрсэн

Энэ бүгдийг нэгтгэн дүгнээд тэдний үхлийг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэжээ. AFP агентлагийн мэдээлснээр уг дүгнэлтийг 1970-аад он хүртэл нууцалсан аж. 

Үхлийн шалтгааны тухай таамгууд

Харин энэ оны хоёрдугаар сард хэргийн мөрдөлтийг дахин эхлүүлэхэд CNN агентлагаас байж болох гуравхан шалтгаан байгаа гэж мэдээлжээ. Тэдгээр нь цасан уруй, цасны өнгөн хэсгийн нуралт болон хар салхи юм байна.

Цасан уруй болоогүйг баталдаг нэг баримт нь цогцосуудыг 10 өдрийн дараа олоход тэдний бие маш бага цасаар хучигдсан байжээ. Мөн хэрэг гарсны дараа 100 гаруй судалгаа хийгдсэн ч, нэг нь ч цасан уруй болсон гэж тайландаа бичээгүй байна. Александр Золотарёв магистрийн зэргээ цанын сургалт болон ууланд авиралтын чиглэлээр хамгаалсан бол Дятлов ч цасны нуралтын үед ямар замаар зугтахаа сайн мэддэг байсан тул энэ таамаг нь няцаагддаг аж. Түүнчлэн ямар нэг амьтны халдлага, хэт дуу авианы довтолгоо, зэвсгийн туршилт гэх мэт янз бүрийн хуйвалдааны онол, таамгууд зөвхөн Орост төдийгүй дэлхий дахинд яригдсаар ирсэн юм.

6 Ослын дараа

Ослын дараа уг хэрэг “Дятловын давааны осол” хэмээн нэрлэгдэх болж, Екатеринбург дахь оршуулгын газарт есөн оюутны дурсгалын хөшөөг босгосон байна. Мөн 1990 онд Анатолий Гущин уг явдлын тухай “Есөн амины үнэ цэнэ” ном хэвлүүлсэн бол 2013 онд “Дятловын давааны осол” кино гарсан юм.

Ослын дараа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()