Энэ цагийн дэлхийн хамгийн өндөр настан Танака Токио хотод зохиогдох зуны олимпийн бамбарыг өөрийн төрөлх хот болох Шимэгээр буухиалан өнгөрөх үед барьж явах хүндэтгэлтэй үүргийг хүлээсэн гэнэ. Түүнийг тэргэнцэр дээр суулгаад үр хүүхдүүд нь түрж явах аж.
Түүний 60 настай ач хүү Эйжи Танака "Ийм өндөр насалчихаад идэвхтэй амьдарч байгааг нь харах сайхан байдаг. Хүмүүс эндээс үлгэр жишээ авч нас гэдэг тоо болохыг ойлгоосой гэж хүсэж байна." хэмээжээ.
Танака хүн төрөлхтөн анхны нисэх онгоцыг амжилттай туршсан 1903 онд төржээ. Тэрээр 19 настайдаа будааны дэлгүүр ажиллуулдаг хүнтэй гэр бүл болж, 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд тэр дэлгүүртээ 103 нас хүртлээ ажилласан байна. Тэрбээр 5 ач, 8 гучтай. Танака дэлхийн нэг, хоёрдугаар дайны зэрэгцээ 1918 оны Испани ханиад гэгдэх цар тахлыг давсан юм.
Түүний ач Эйжи "Тэр хэзээ ч өнгөрсний тухай ярьж байгаагүй, үргэлж ирээдүйгээ боддог байсан" гэж эмээгийнхээ талаар хуваалцсан байв.
Танака мөн орчин үеийн Олимпийн наадамтай бараг нас чацуу бөгөөд түүний амьдралдаа үзсэн нийт Олимпийн наадмуудыг тоолоход 49 болсон гэнэ.
Тэрээр өдгөө асрамжийн газар амьдардаг бөгөөд өглөө 6 цагт босож, өөрийн дуртай тоглоом болох Othello-оо тоглодог аж. Харамсалтай нь, хөл хорионоос болж гэр бүлийнхэн нь түүнтэй уулзахаар ирж чадалгүй 18 сар болсон байна. Танака эмээ өндөр насалсан ч ухаан саруул хэвээр байгааг нь түүний эргэн тойрны хүмүүс сэтгэхүйн тоглоом тоглодогтой нь холбон тайлбарлав.
Гэхдээ Танака Японы цорын ганц 100 настан биш юм. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны мэдээлснээр өнгөрсөн жил анх удаа 80 мянга гаруй зуун настнууд бүртгэгдсэн байна.
2020 онд Японы 1565 хүн тутмын нэг нь 100-аас дээш настай байсан бөгөөд тэдний 88 гаруй хувь нь эмэгтэйчүүд байжээ. Японд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87.45 байгаа бол эрэгтэйчүүдийнх 81.4 нас байна гэж 2020 оны 7-р сард гаргасан засгийн газрын тоо баримтад дурджээ.
2019 онд Гиннесийн дээд амжилтын номонд Танакаг дэлхийн хамгийн хөгшин хүн гэж бүртгэсэн бөгөөд одоо тэрээр дахин нэг амжилтанд хүрэхийг зорьж байгаа аж. Дэлхийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр настай хүнийг францын иргэн Жанна Калмент гэдэг байсан бол тэрээр 122 насандаа таалал төгссөн юм. Эмээ энэ амжилтыг эвдэх хүсэлтэй гэнэ.
Танака ёслолын арга хэмжээнд оролцохдоо баяртай байгаа ч тухайн өдрийн цаг агаарын байдал эмээгийн биед томоохон нөлөө үзүүлэх магадлалтай гэж үзэж байгаа аж.