Хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрт жилд 30 гаруй мянган доллар шаардлагатай болдог ч Безосоос салахдаа 53 тэрбум долларын хөрөнгө авч үлдсэн Маккензигийн хувьд энэ нь тийм ч их зардал биш юм. Гэр бүл цуцлалтын гэрээний дагуу тэдний дөрвөн хүүхэд ээжтэйгээ амьдардаг бөгөөд Маккензи хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар зохиол бичиж, буяны ажилд оролцдог аж.
Харин түүний сонгосон эрэгтэй хүүхдүүдийнх нь сургуулийн багш Дэн Жуетт байв.
Гэрлэх ёслолын талаарх хосуудын мэдэгдэлд Жуетт эхнэрийнхээ буяны ажил хийх хүслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Маккензигийн өгөөмөр сэтгэлийн ачаар тусламж хэрэгтэй хүмүүст өөрийн мэдлэг, цаг хугацаа, эрч хүч, материаллаг үнэт зүйлсээ хуваалцахыг хичээх болсноо тэмдэглэсэн байв.
2019 онд Безосоос салснаас хойш өнөөдрийг хүртэл Маккензи Скотт буяны ажилд идэвхтэй оролцож ирсэн. Өнгөрөгч 2020 онд л гэхэд тэрээр буяны хөтөлбөрт ойролцоогоор 6 тэрбум доллар зарцуулсан байна. Түүний туслалцааг ашгийн бус болон буяны 116 байгууллага, хэд хэдэн их дээд сургуулиуд авчээ.
Маккензи Жефф Безостой 1993 онд гэрлэж, 20 гаруй жилийг хамтдаа өнгөрүүлсэн ч түүний нөхөр Безос болон Лаурен Санчез нарын харилцаа илчлэгдсэнээр Маккензи салах өргөдөл гаргаж байв. Харин одоо Лаурен Санчез Безосын найз бүсгүй болж үлдсэн билээ.
Дэн Жуетт, Маккензи Скотт хоёр хэзээнээс дотносож, нэг нэгэндээ сэтгэлтэй болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч хамтын амьдрал зохиож, хурим хийхээ зарлаад байгаа юм.
Дэн Жуеттийн ажилладаг сургууль чанартай боловсрол олгодог гэдгээрээ алдартай, хувийн сургууль бөгөөд амжилттай яваа төгсөгчдийнх нь төлөөлөл Билл Гейтс аж.