1986 оны намар “Sun” сонинд “Queen” хамтлагийн дуучин Фредди ХДХВ-ийн халдвартай гэсэн нийтлэл гарсан. Гэсэн хэдий ч олон нийт шар хэвлэлд итгэлгүй алдарт рок хамтлагийн 13 дахь цомгийг тэсэн ядан хүлээж байсан билээ. Харамсалтай нь энэ удаад цуурхал үнэн байв.
1987 оны эхэн үеэс Фредди эмчийн хяналтад орсон бөгөөд энэ хооронд нэг биш, хоёр цомог гаргасан нь 1989 оны "The Miracle", 1991 оны "Innuendo" юм. Хамтлагийн гишүүд дараа нь Фреддигийн бие их муудаж, байнга өвчин намдаагч хэрэглэдэг байсныг нь мэдээгүй хэмээн дурссан байдаг. Тэр хэзээ ч бие нь өвдөж байна гэж гомдоллоогүй боловч маш амархан сульддаг байсан гэнэ. Тэрээр энэ хугацаанд өвчнийхөө тухай огт ярьдаггүй байсан ч аялан тоглолт хийхээс татгалзсан байна. Зөвхөн сүүлийн нэг, хоёр жилд л нөхөд нь нь найзынхаа биеийн байдлын талаарх үнэнийг мэдэж авсан бөгөөд 1990 оны 5-р сард BritAwards шагнал гардуулах ёслол дээр Фредди өөрийн биеэр ирж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан байна.
1990 онд домогт "Queen" хамтлаг уран бүтээлийнхээ хорин жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд энэ өдрийг тохиолдуулан тэдэнд “Хөгжмийн урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан уран бүтээлч" хэмээх шагнал гардуулсан. Баярын арга хэмжээ 2-р сарын 18-нд Доминион театрын тайзан дээр анх удаа зохион байгуулагдсан бөгөөд тус хамтлаг хөтөлбөрийн жинхэнэ од болж байв. Энэ арга хэмжээнд Фредди тодоос тод гялалзаж байсан ба олны өмнө хүндэтгэл үзүүлэн бөхийж, гараараа даллан, сүүлчийн удаа тайзан дээр гарч ирээд дараах гурван үгсгийг хэлжээ: “Та бүгдэд маш их баярлалаа. Баяртай."
Эдгээр нь зүгээр ч нэг хоосон үгс байсангүй. Фреддиг ДОХ-той гэж оношлогдсоныг хамгийн ойрын хүмүүс л мэддэг байсан бөгөөд түүний бие амьдралынх нь сүүлийн гурван жилд ихэд доройтжээ. Тэрээр энэ ёслолоос хойш ердөө жил хагасын дараа буюу 1991 оны 11-р сарын 24-нд таалал төгсөж, хорвоог орхисон билээ.