1
Шар айргийн үер
XIX зууны эхэн үед Лондон хотын оршин суугчид хүний гараар бүтсэн гамшигт явдалд өртсөн юм. 1814 оны 10-р сард Тоттенхэм Корт Роуд дахь шар айрагны үйлдвэрийн шар айраг хадгалах танк задарснаас болж 1.5 сая литр шар айраг Лондон хотын гудмаар урсжээ. Шар айрагны давалгаа асар хүчтэй байсан учир замдаа таарсан байшин барилгыг бүхэлд нь шахуу хамсан байна. Шар айргийн үерийн улмаас 9 хүн амь үрэгдсэнээс 8 нь живж, нэг нь хордлого болж нас баржээ. Энэ үйл явдлыг байгалийн гамшиг гэж зарласан бөгөөд хохирогчид шар айраг үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр авч чадаагүй юм.
2
1859 оны Каррингтон дахь соронзон орны шуурга
Британийн одон орон судлаач Ричард Каррингтон 1859 оны 9-р сарын 1-нд нарны туяа ажиглаж байгаад дор хаяж сүүлийн 500 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүчтэй соронзон орны шуургыг илрүүлжээ. Тэрхүү шуургын үр дүнд Европ болон Хойд Америкийн бүх цахилгаан зурвасын сүлжээнүүд тасарч, туйлын туяа дэлхийн өнцөг булан бүр, тэр ч байтугай Карибын тэнгис дээгүүр үзэгдсэн байна.
Туйлын туяа хүний нүдэнд маш тод харагдаж байсан тул олон хүн өглөө болсон гэж эндүүрсэн аж.
3
Цагаан бурхан өвчнийг дарсан нь
1967 онд хүн төрөлхтөн жилдээ 2 сая хүний аминд хүрдэг цагаан бурхан өвчнөөс салах зорилго тавьжээ. Үүний үр дүнд 10 гаруй жилийн дараа буюу цагаан бурхны сүүлчийн тохиолдол 1978 онд бүртгэгдсэн бөгөөд 1979 онд уг өвчнийг албан ёсоор устгасан гэж зарлав. Өнөөдрийг цагаан бурхан нь хүн төрөлхтний арилгасан цорын ганц өвчин хэвээр байна.
4
Мөсөн гаригт ойртсон нь
Манай нарны аймагт мөснөөс бүтсэн хоёрхон гараг байдаг. Тэдгээр нь ус, аммиак, метан, устөрөгчийн сульфид зэрэг хий болон шингэнээс бүтсэн учраас ийнхүү мөсөн гараг хэмээжээ. Тус хоёр гараг нь Тэнгэрийн ван ба Далай ван юм. 1977 онд Вояжер 2 сансрын хөлгийг хөөргөсөн бөгөөд Вояжер 2 Тэнгэрийн ван (1986 онд) ба Далай ван (1989 онд)-д хүрсэн аж. Өнөөг хүртэл Вояжер 2 дээрх гарагуудад хүрсэн анхны бөгөөд одоогоор цорын ганц хөлөг хэвээр байна.
Вояжер 2-ийн ачаар Тэнгэрийн ван гаригийн агаар мандал нь 85 хувийн устөрөгч, 15 хувийн гелигээс тогтсон бөгөөд үүлний дор буцалж буй далай байгааг хүн төрөлхтөн мэдэж авсан юм. Үүний зэрэгцээ Далай вангийн нэг дагуул дээр идэвхтэй булаг байгааг ч илрүүлсэн аж.
5
Байлдааны хөлөг онгоцыг морьтон цэргүүд эзэлсэн нь
Морьтон болон явган цэргүүд хэд хэдэн худалдааны хөлөг онгоцыг дагалдсан 850 буутай 14 байлдааны хөлөг онгоц бүхий флотыг эзэлж байсан гэвэл та итгэх үү? 1795 оны 1-р сард Нидерландын флот Амстердамын ойролцоо буудаллаад байжээ. Тэгтэл гэнэт ихээр хүйтэрч, далай мөстсөнөөр бүх хөлөг онгоц гацсан байна. Үүнийг анзаарсан францчууд мөсөн дээгүүр эвтэйхэн явж очоод тэрхүү хөлөг онгоцнуудыг олзолсон аж.
6
Ниагарагийн хүрхрээ хатсан нь
Ниагарагийн хүрхрээнээс секунд тутамд 567 мянган литр ус бууж байдаг. Гэхдээ хэрэв та 1969 оны зун тус хүрхрээг үзэхээр очсон бол байгалийн үзэсгэлэнт газрыг харж чадахгүй байх байсан юм. Учир нь бүс нутгийн засгийн газар тэр жил болсон гангаас болж хүрхрээний эхээс их хэмжээний ус авч хуурайшсан нутгуудаар тараасан байна. Тиймээс Ниагара хэдэн сарын турш хатсан юм. Гэхдээ энэ нь жуулчдын сонирхлыг бууруулаагүй бөгөөд тус хүрхрээ хатсан эхний өдрүүдэд бараг 90 мянган хүн ирж үзсэн түүхтэй.