Завины бүхээгээс олдсон бичгээс онгоцны эзэн нь герман аялагч, 59 настай Манфред Фриц Байорат болохыг олж мэджээ. Тэрбээр 2009 онд сураггүй алга болсон бөгөөд радионы дэргэд нас барснаас харвал тусламж дуудахыг оролдож байсан бололтой.
Ахмадын дэргэд 2010 онд хорт хавдраар нас барсан эхнэр Клаудидаа бичсэн захидал нь байсан аж. Тус захидал “30 жил чи бид хоёр хамтдаа нэг л замаар явсан. Гэвч ямар нэгэн хар хүч чи бид хоёрын замыг салгаж. Одоо чи алга. Чи минь холын холд амар амгалан байх болтугай. Чиний Манфред” гэж төгссөн байна. Манфред Байорат сүүлийн 20 жил эхнэртэйгээ хамт далайгаар аялж байгаад эхнэрээ нас барахаас хоёр жилийн өмнө салжээ.
Санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг компанийн менежер Манфред Баорат 39 настай байхдаа Германы Рур дахь амьдралаасаа маш их залхаж байгаагаа мэдэрсэн аж. Тиймээс тэр далайгаар аялахаар шийдсэн байна. Эхлээд тэрээр Эгийн болон Газар дундын тэнгисээр аялах багуудын бүрэлдэхүүнд багтаж, дараа нь Энэтхэгийн далайг “чадах чинээгээрээ судалсан” гэнэ. Эцэст нь тэрбээр өөрийн гэсэн дарвуулт онгоц худалдаж аван эхнэртэйгээ хамт аялах болжээ.
Сайо гэж нэрэлсэн 13 метрийн урт дарвуулт онгоц худалдаж авсандаа хосууд баяртай байв. Тэд хадгаламжийнхаа тодорхой хэсгийг үүнд зарцуулсан бөгөөд дараачийн хорин жилийн хугацаанд эхнэртэйгээ хамт асар олон газраар аялсан байна.
Номхон далай, Атлантын далай, Карибын тэнгис, Индонез ба Майорка, Газар дундын тэнгис, Балтийн тэнгис гээд тэд байж болох бүх газраар Майнфред 20 жилийн турш "тэнэсэн" байна. Гэхдээ эцэст нь Клаудиа далайн амьдралаас залхаж, газар дээр гарахаар шийдсэн бөгөөд үүнээс болоод хосууд салжээ.
Эцэст нь 2016 онд Филиппинд 13 метр урт дарвуулт онгоц олдсон юм. Тус онгоцны дарвуул нь шуурганаас болж хугарсан учраас ахмад нь далайд гацан нас барсан байлаа.
Усан онгоцны шал нь шагай хүртэл усанд автсан бөгөөд дотор нь байсан хувцас, эд хэрэглэлүүд чийгтэй, хаа сайгүй тархсан байсан боловч гал тогооны алчуур ба зургийн цомог зэрэг зүйлс нь чийгэнд огт идэгдээгүй байжээ.
Цагдаа нар ямар зэвсэг болоод өөр хүн байсан гэх ул мөр олоогүй учраас хүн амины хэрэг гэж үзээгүй байна.
Задлан шинжилгээ хийсний дараа Филиппин дэх цагдаагийн хэлтсийн төлөөлөгч "Энд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нотолгоо байсангүй. Цогцосонд хийсэн задлан шинжилгээнээс үхэл нь хурдан, магадгүй зүрхний шигдээсээс үүдэлтэй болохыг харуулж байна" гэж шүүх эмнэлгийн шинжээч, доктор Марк Бененке хэлэв.
Ойр дотны хүмүүс нь түүнийг 2009 оноос хойш хараагүй учраас сураггүй алга болсон гэж цагдаад мэдүүлээд байжээ. Үүнээс болж Манфредыг тэр жилдээ нас барсан гэж үзсэн байна. Гэвч мэргэжилтнүүд түүнийг Филлипинд олдохоос хэдхэн долоо хоногийн өмнө нас барсан болохыг тогтоосон аж.
Мөн Манфред 2013 онд орон нутгийн цагдаагаас Филлипиний далайн хилээр нэвтрэх эрх авсан баримт бичиг байсны дээр 2015 онд нутгийн далайчидтай хамт явсан гэх нотолгоо хангалттай байсан юм.
Тэгвэл яагаад түүний цогцос ер бусын байдалтай олдов? Мэргэжилтнүүд хэт халуун, хуурай салхи, далайн давсархаг агаар занданшуулах нөхцөл бүрдүүлсэн гэж тайлбарлав. Энгийн үед 6-12 сарын дотор цогцос бүрэн зандашдаг. Зарим тохиолдолд үйл явц нь 3-5 сарын хугацаанд явагдаж болно. Харин халуун орны агаар болоод чийг энэ явцыг хурдасгасан байна.