"Дорнын Мата Хари" - Япон, Монгол, Хятадад нөлөөгөө тогтоосон цуутай тагнуулч бүсгүйн түүх

Ёшико Кавашима (Yoshiko Kawashima) бол Манжийн язгуур угсаат гүнж байв. Сонирхолтой нь тэрээр өөр хүний дүрд маш чадварлаг хувирдаг байснаар барахгүй өөрийгөө эр хүн мэтээр бусдад итгүүлж чаддаг байжээ. Ёшико Кавашима энэ чадвараа ашиглан тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд XX зууны хамгийн алдартай туршуулуудын нэгт зүй ёсоор тооцогдож үлдсэн байна.
Источник: https://gameasphalt.ru/mn/shest-samyh-vydayushchihsya-shpionok-za-poslednie-sto-let-samy

"Дорнын Мата Хари" - Япон, Монгол, Хятадад нөлөөгөө тогтоосон цуутай тагнуулч бүсгүйн түүх

Түүний жинхэнэ нэрийг Шянью гэдэг бөгөөд 1907 онд Хятадыг удирдаж байсан Манжийн Айсин Гиорогийн удмын гэр бүлд гүнж болж төрсөн юм.

Гүнжийг дөнгөж дөрвөн настай байхад Чин гүрэн задарч, оронд нь Бүгд Найрамдах Улс тунхаглагдсаны дараа түүний гэр бүл ордноос хөөгджээ. Тухайн үед балчир эзэн хаан Пүи-г эрх мэдэлгүй болгосныхоо хариуд хувьсгалчид Шянью тэргүүтэй язгууртан угсааныхны амь насыг өршөөхөөр тохиролцов.

Язгууртан гэр бүлүүд ийнхүү эрх ямбаа алдах үест хөрш гүрнүүд үүнийг давуу тал болгон ашиглаж болохыг анзаарсан байна. Үүний үр дүнд Шяньюгийн аав Японы тагнуулын ажилтан Нанива Кавашиматай холбоо тогтоожээ. Тагнуул 1915 онд буюу Шяньюг найман настай байхад нь өөрт нь өргүүлэхийг ятгасан байна. Ингээд Нанива түүний нэрийг Ёшико хэмээн өөрчилж, өөрийн охин болгон өсгөхөөр Токио руу авч явсан аж.

Шянью япон гэр бүлийхэнтэйгээ хамт

Гэвч Ёшико Японд ирээд зовлонт амьдрал туулжээ. Хятадад буй түүний төрсөн аав 1921 онд нас барсан бол төрсөн ээж нь нөхрөө нас барсны дараа амиа хорложээ.

Үүний зэрэгцээ түүний өргөж авсан эцэг Нанива тун этгээд ааш гаргаж эхэлсэн аж. Тэрбээр Ёшикотой гэрлэх тухай ярьж эхэлсэн бөгөөд түүнийг өөр хүнтэй сээтэгнэж байна гэж бодож харддаг (тэр ч байтугай хүч хэрэглэдэг) болжээ. Түүний өөрийгөө сатааруулах зүйлс нь Кэндо, Жүдо зэрэг Японы тулааны урлагаар хичээллэх, нийгмийн шинжлэх ухаанд суралцах явдал байв.

Хожим нь тэрээр хойд эцэг нь түүнийг арван долоон настай байхад нь хүчирхийлсэн учраас гэрээсээ оргосон хэмээн дурссан байдаг. Ингээд тэрээр үсээ богиносгон тайрч, эрэгтэй хувцас өмсөж, Токиогийн залуу үеийнхэнтэй холбоо тогтоосон байна. Тэрээр өөрийгөө бисексуаль бэлгийн чиг хандлагатай гэдгээ нуудаггүй байжээ.

Ёшико энэ үеэр цөөн хэдэн баян амрагуудтай (эрэгтэй, эмэгтэй аль аль нь) болсон гэгддэг боловч 1927 онд  улс төрийн ертөнцөд хөл тавих хүртэлх түүх нь бүрхэг хэвээр байна. Учир нь түүний ах болон хойд эцэг нь Ёшиког нөлөө бүхий хүнтэй гэрлүүлэхээр тохиролцоод байжээ.

Энэ үеэр тэрбээр "Дорнын сувд" гэсэн утгатай Дунжэн гэх нэртэй болсон байна. Энэ нэрээрээ тэрээр Богд хаант Монгол улсын цэргийн зүтгэлтэн, жанжин, Харчин гүн Бавуужавын гэр бүлд бэр орсон юм. Ихэнх эх сурвалж нөхрийг нь "Өвөрмонголын цэргийн жанжин Бавуужавын хүү Ганжууржав" гэж танилцуулсан байдаг. 

Ёшико, Ганжууржав нар

Энэхүү "зохион байгуулалттай" гэрлэлтийн цаад зорилго нь хожим Өвөр Монголд байгуулагдах Японы тоглоомын "Менжян" улсын үндэс суурийг бэхжүүлэх, Монголын нөлөө бүхий жанжны итгэлийг олох явдал байжээ.

Гэвч Ёшикогийн энэхүү гэрлэлт богино настай байсан бөгөөд хосууд 1929 онд салсан байна. Бүсгүй тухайн үед дөнгөж 22 настай байсан. Ёшико даруй Шанхай руу нүүн, тэндхийн гадаадын иргэдийн хороололд амьдарч, бүс нутгийн улс төр, тагнуулуудтай хутгалдаж эхэлжээ. Тэрээр Япон улсын үйл хэрэгт үнэнч үлдэж, гэр бүлийг нь шавартай хутгасан Хятадын төв Бүгд найрамдах засгийн газраас өшөө авахын тулд хүчээ дайчилж эхэлжээ.

Мөн тэрээр монголчуудтай харилцаатай хэвээр байснаас гадна хамгийн чухал нь өөрийн хамаатан, Чин гүрний сүүлийн эзэн хаан Пүи-д гүнзгий нөлөөлөх боломжтой байлаа. Үүний зэрэгцээ тэрээр Японы нөлөө бүхий цэргийн зүтгэлтэн, тагнуулч офицер Рюичи Танакатай амрагийн холбоотой болсон байна.

1932 онд Японыг эсэргүүцсэн жагсаал, цуглааныг (зарим нь жинхэнэ, заримыг нь Японы агентууд өдөөн турхирсан) далимдуулан Японы арми Шанхай хот руу довтолсон юм. Гэвч Хятадын хөлсний 19-р арми жинхэнэ эх оронч үзэл гаргаж, тэдний эсрэг боссон бөгөөд амжилттайгаар Япончуудыг Шанхайгаас хөан зайлуулж чадсан байна.

Мөн Солонгос үндсэрхэг үзэлтнүүд ажиллагааг удирдаж байсан Японы жанжныг хөнөөсөн нь бас тэдний ялалтад нөлөөлсөн юм. Үүний үр дүнд Танака зэрэг Японы цэргийн албан хаагчид хотод нэвтрэх эрхгүй болжээ. Түүний эзгүйд Ёшико Японыг дайнд уруу татахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байсан цэргийн генерал Кенжи Дойхарад хандаж эхэлсэн аж.

Кенжи Дойхара-д Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнтэй холбоотой, мөн Манжийн хааны удмын гүнж Ёшико нь юу юунаас илүү хэрэгтэй хүн байв. Өмнөх жил нь Япончууд Хятадаас тусгаар тогтнуулах нэрийдлээр Манжуур руу довтолж эзэлсэн юм. Ёшикогийн маш том нөлөөгөөр Япончууд Пүи-г Манж-Го нэртэй энэхүү шинэ тоглоомын улсын хаан болгосон байдаг.

Энэхүү шинэ төрийг Манж Чин гүрний жинхэнэ залгамжлагч гэж нэрлэж байсан бөгөөд энэ алхам нь 1934 онд Пүи-г Манж-Гогийн эзэн хаанаар зарлахад илт тодорхой болсон юм. Ёшико нь идэвхтэй төрийн зүтгэлтэн байсны хажуугаар хэдэн мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хороо бэлтгэж, тэднийг Японы эсрэг партизан бүлэглэлүүдийг устгах хэд хэдэн үйл ажиллагаанд удирдаж байв.

Тэрээр эрчүүдийг удирдаж байхдаа үргэлж эрэгтэй цэргийн дүрэмт хувцас өмсдөг байсан. Зарим түүхчид түүний энэ үйлдлийг өөрийгөө цэрэг эрсийн түвшинд бодолцсоных гэж үздэг бол зарим нь түүний бисексуал чиг хандлагын илрэл гэж үздэг аж. 

Түүний байгаа байдал, гадаад төрх нь Японд ихээхэн алдаршиж, хэвлэлүүд түүнийг "Манж Гогийн Жанна д'Арк" хэмээн нэрийдэж, түүнд зориулсан дуу, өгүүллэг хүртэл гарч байжээ.

Эрэгтэй хувцастай Ёшико

Ийнхүү олон нийтийн анхааралд орсон нь Ёшикогийн ирээдүйг балласан юм. Тэрээр Японы цэргийнхэнтэй ойр дотно харилцаатай байснаар барахгүй, "цэргийн ерөнхий зөвлөх" генерал Хаяо Тадагийн нууц амраг байсан тул зарим төрийн хэрэгт маш ойрхон байв.

Гэхдээ тэр эргээд Манжийн гүнж гэсэн статусаа олж авсны нөлөөгөөр нэгэн үе их эзэнт гүрэн байсан төрөлх нутаг, ард иргэдийнхээ төлөө сэтгэл чилээх болсон байна.  

Улмаар тэрээр Японы цэргийн харгис тактикийг эсэргүүцэж эхлэв. Мэдээж Манж-Го бол Хятад, Японы дайны хувьд амин чухал зүйл байсан тул Ёшиког элдэв чухал асуудалд оролцох эрхийг нь хассан байна. Дэлхийн 2-р дайны туршид тэрбээр "зүгээр суусаар" таарчээ. Учир нь Ёшико тагнуулын ажилд явахад дэндүү олонд танигдсан, суртал ухуулгын ажил хийхэд дэндүү найдваргүй нэгэн болсон байв.

Дэлхийн 2-р дайны төгсгөл нь мөн Манж-Гогийн төгсгөл байсан ба Манжийн сүүлийн төрийг хятадууд татан буулгав. Дайны дараа коммунист Ардын чөлөөлөх арми Манжуурыг хяналтандаа авав. Чухамдаа энэ бүс нутаг Хятадын иргэний дайныг дуустал Ардын чөлөөлөх армийн гол бааз болжээ. Мэдээж тэд Ёшиког шууд баривчлах шийдвэр гаргасан аж.

Тэрээр хоёр сарын турш баригдалгүй явахдаа Япон руу оргож чадна гэж найдаж байсан ч 1945 оны 11-р сард Бээжинд баривчлагджээ. Түүнийг хоёр жил шоронд хорьсон байна. Шүүх явц удаан үргэлжилсэн ч эцэст нь түүнийг урвагч хэмээн 1948 оны 3-р сарын 25-нд цаазаар авах ял оноосон аж. Түүнийг олон хүний ​​нүдэн дээр буудаж, улмаар хуучин дэглэмд үнэнч зүтгэсэн хүмүүсийн ойрын ирээдүйг харуулахын тулд цогцсыг нь олон нийтэд дэлгэн тавьжээ.

Ёшико цаазлуулахдаа ч хүчирхэг хэвээр байв. Түүнийг цаазлуулаагүйгээр барахгүй, эсэн мэнд амьдарч байгаа гэсэн цуу яриа хэдэн арван жилийн турш үргэлжилсэн. 1950-иад оны сүүлээр түүний он удаан жил уулзаагүй дүүг нь зүгээр л хамаатан нь байсных нь төлөө баривчилж, 15 жил хорьжээ. 

Ёшикогийн Японы тагнуулын дүр Хонконгийн кинонуудад их гардаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()