Мариама Диалло бол Гвинейн мисс, Африкийн мисс зэрэг гоо бүсгүйн хэд хэдэн тэмцээний ялагч бөгөөд дэлхийн миссийн тэмцээний оролцогч байв. Тэрээр 2018 оны 1-р сараас Швейцарийн "Makari De Suisse" брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлснээс хойш түүний нүүрэн дээр тууралт гарч, гэрээсээ ч цухуйх аргагүй болгож орхижээ.
Гвинейн уугуул 25 настай залуу эмэгтэй тэрээр одоо АНУ-ын Манхэттэнд амьдардаг. Учирсан энэ хохирол нь зөвхөн түүний гоо үзэсгэлэнд төдийгүй карьерт нь хор уршиг авчирсан тул тэрээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээ явуулдаг уг компанийг шүүхэд өгчээ. Загвар өмсөгчийн ажлын онцлогоос шалтгаалж гадаад төрх нэн чухал үүрэгтэй учир ийм нүүртэй болсон тэрээр 3 жилийн хугацаанд ажилгүй суусан гэв.
Мариамагийн нүүрэн дээр тууралт гарч эхэлсний дараа тэрээр гомдол гаргаж, дээрх компанид хандсан байна. Үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд үйлдвэрлэгчид түүнд шинэ бүтээгдэхүүнүүд илгээсэн боловч арьс нь бүр ч дорджээ. Үүнээс болж загвар өмсөгч бүр мөсөн тэвчээр алдаж, заргалдахаар шийдсэн аж.
Африк гоо бүсгүй Nike, Calvin Klein зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг байсан ч үзэшгүй муухай арьстай болсон тэрээр гэртээ суух болжээ. Шүүхэд хандахдаа Мариама арьсны асуудал нь ажилгүй болоход хүргэсэн болохыг дурдсан байлаа. Үүнээс гадна тэрээр сэтгэлийн хямралд орж, гэр бүл, найз нөхөд гээд гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаад байгаа юм.
Мариама дерматологич дээр байнга очдог болсон бөгөөд арьсныхаа өмнөх төрхийг нь бүрэн сэргээж чадаагүй ч багахан хэмжээгээр дээрдүүлж чаджээ. Гэхдээ арьсны өнгийг нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд өндөр зардал хэрэгтэй тул тэрээр буруутай компанийн зүгээс эмчилгээний зардлыг нөхөн төлж, ажилгүй болоход хүргэсэн хохирлыг ч мөн барагдуулахыг шаардаж байна.
Тэрээр мөн Makari De Suisse компанийн чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүнээс болж хохирол амссан бүсгүйчүүдийг өөртэйгөө хамтрахыг уриалж байгаа юм.