Хятад дахь Монгол үндэстний нэгжүүдийг харуулсан газрын зураг
1
Ховогсайр Монголын өөртөө засах хошуу
Шинжаан Уйгурын өөртөө засах орны алс хойд зүгт, Тарвагатай аймгийн нутагт 50 мянга гаруй хүн амтай Ховогсайрын хошуу бий. Хойд талд нь Тарвагатайн нуруу, өмнө талд нь Манас нуурын говь орших бөгөөд баруун хойд талаараа Казахстантай шууд хиллэдэг.
Монголчуудын хүчирхэгжлийн үед Цагаадайн хаант улсын бүрэлдэхүүнд орж байсан энэ нутаг эрт үеэс Ойрадчуудын бэлчээрийн нутаг байжээ. Харин Чин улсын үед буюу 1771 онд Ижил мөрнөөс нутгаа зорин нүүдэллэсэн Торгуудчуудын зарим хэсэг нь Ховогсайрт нутагласан нь өнөөгийн энэхүү ард түмнийг бий болгожээ.
Өдгөө Ховогсайрын хүн амын ихэнхийг Торгуудууд болон Өвөр Монголоос нүүдэллэн ирсэн Цахар түмэн эзлэх бөгөөд мөн цөөн тооны Дагуур хүмүүс бий.
Алдарт "Жангар" тууль анх төрсөн нутаг бол Ховогсайр гэж үздэг бөгөөд 2014 Жангарын нэрэмжит соёл урлагийн ордон тус хошуунд байгуулагдаж байжээ.
2
Сүбэй Монголын өөртөө засах хошуу
Хятад улсын Ганьсү мужийн Жючуань хотын харъяанд монгол үндэстэн өөртөө засах Сүбэй шянь бий. Нийт талбай нь 66,748 км² бөгөөд 15 мянга гаруй хүн амьдарч байгаагаас 4000 гаруй нь Монгол хүмүүс юм.
Хуучин Таванбулаг нэртэй байсан энэ нутагт Дээд Монголчууд амьдардаг байсан бөгөөд 1900-аад онд Хөх Нуур мужаас Ганьсү мужийг салгахад 3000 гаруй монголчууд бүрэлдэхүүнд нь орж, өнөөгийн Сүбэй хошуу болжээ.
Чиляний нурууны өвөрт, говь нутагт суух эдгээр монголчуудыг өөрөөр Цастын Монголчууд гэж нэрлэх бөгөөд халх аялгатай, муждаа боловсролын түвшингээр харьцангуй өндөрт тооцогддог хүмүүс юм.
3
Дөрвөд Монголын өөртөө засах хошуу
Хейлунжянь мужийн Дацинь хотын бүрэлдэхүүнд ордог Дөрвөд Монголын өөртөө засах хошуу 1648 онд Жиримийн чуулганы нэг хэсэг болон анх байгуулагдаж байжээ. Нууц товчоонд дурдсанчлан Дува Сохорын дөрвөн хүү Ноон мөрний сав газар нутаглаж байсан нь Дөрвөд болсон бөгөөд хожим ихэнх ард иргэд нь Алтай руу нүүсэн гэж үздэг.
Хошууны нийт хүн ам 250,500 бөгөөд тэдгээрийн 18.2 хувь нь буюу 42,800 нь Монгол үндэстнүүд аж. Газарзүйн хувьд Ноон мөрний сав газрын зөөлөн уур амьсгалтай хээрийн бүс зонхилох бөгөөд тэндхийн Монголчуудын голлох аж ахуй нь мал аж ахуй юм.
4
Бортал Монголын өөртөө засах тойрог
Шинжааны уйгурын өөртөө засах орны баруун хойно, Казахстан улсын хилтэй залгаа Борталын монголчууд амьдардаг. Энэхүү тойрог нь 27 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, монгол, хятад, уйгар, казак, хотон зэрэг 35 үндэстэнтэй, нийт 430 мянга гаруй хүн амтай юм. Газар нутаг нь гурван талаараа Тэнгэр уулын нурууны салбар уулсаар хүрээлүүлсэн голын уужим хөндийд байрладаг. Эв ба Сайрам гэх хоёр том нуур бий.
Борталд байгаа монголчууд голдуу Чин улсын тэнгэр тэтгэгч хааны үед 1760-аад оны эхээр Өвөр монголоос хилийн цэргээр нүүж ирсэн Цахар монголчууд болон 1771 онд Ижил мөрний урсгал дагуу нутгаас буцаж ирсэн торгууд ястны нэг хэсгээр бүрэлдсэн юм. Тэд энх тайван цагт мал хариулан тариа тарьж, дайны цагт буу үүрэн мордоцгоодог байжээ. Хожим нь Цахарчуудын олонх нь Борталд шилжин аж төрж амьдарсаар өдгөө 234 жилийн нүүр vзэж байгаа юм.
5
Өмнөд Горлосын өөртөө засах хошуу
Зүүн хойд Хятадын Гирин мужид 570 мянга гаруй хүнтэй Өмнөд Горлосын өөртөө засах хошуу гэж бий. ӨМӨЗО, Хэйлунжянь мужуудтай хил залгаа нутагт оршдог, далайн салхины нөлөө бүхий чийглэг, зөөлөн уур амьсгалтай нутаг юм.
Уугуул ард иргэд нь эртний түүхт Горлос монголчууд бөгөөд тэдний тоо 50 мянга гаруй буюу хошууны нийт хүн амын 8.9 хувийг эзэлдэг. 1206 онд Их Монгол улс байгуулагдсаны дараа Хянганы нурууны баруун талаар нутагладаг Горлос аймгийн Сэчэгүрийг мянгатын ноёнд өргөмжилж нэг бүлэг Горлосыг захируулсан бөгөөд Өэлүн эхэд хувь хүртээсэн түмэн өрхийн гурван мянган өрх нь Горлос, Олхонудаас бүрэлдэж байжээ. Энэ бүлэг иргэн хожим нь Манж Чин улсын үед Жирэмийн чуулганы Горлосын хоёр хошуу болсон нь энэ юм.