Орчин үеийн урлагийн хамгийн алдартай 9 зургийн утга учир ба түүх

Америкийн  Орчин үеийн урлагийн музей одоог хүртэл хамгийн үзүүштэй, хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газрын тоонд ордог. Энэхүү газар та уран зургийн түүх төдийгөөс өдийг хүртэл хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно. Энэ удаад бид танд энэхүү музейд байрлах хамгийн сонирхолтой, бусдын анхаарлыг татсан бүтээлийн түүхээс хүргэе.

Орчин үеийн урлагийн хамгийн алдартай 9 зургийн утга учир ба түүх

1 "Drowning Girl", Рой Лихтенштейн

Хамгийн анх Рой Лихтенштейн нь кубизм болон абстракт экспрессионизмээр зурдаг байсан ч хожим поп-арт төрөлд нэрээ дуурсгасан байна. Лихтенштейний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь "Drowning Girl" зураг бөгөөд зургийн арга барил, сэтгэл хөдлөлийн илэрхийлэмж зэрэг нь уг зургийг комик номын нэг хэсэг мэт санагдуулна.

Зурагт бүсгүй дурлалт залуугаасаа тусламж гуйхын оронд, живж үхэх замыг сонгож байна.  Уг мелодрам тосон зургийг зураач  1963 онд зурж, 1971 оноос хойш Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд хадгалагдаж байгаа аж.  

"Drowning Girl", Рой Лихтенштейн

2 "Broadway Boogie-Woogie", Пит Мондриан

Абстракт геометр бол геометрийн хэлбэр дүрсийг ашиглан бүтээж буй урлагийн бүтээл юм. Пит Мондриан өөрийн уран бүтээлдээ шулуун зураас болон хар, цагаан, саарал гэсэн үндсэн 3 өнгийг ашигладаг байна.

Манхэттений гудамжны схем, бродвейн буги-вуги хөгжмийн урсгалд сэтгэл алдарсан тэрээр өөрийн хамгийн сүүлийн уран бүтээл болох "Broadway Boogie-Woogie" гэх зургаа зуржээ. Уг зураг нь зураачийн бүхий л авъяас чадварыг харуулахаас гадна үндсэн арга барил болох шулуун зураас, квадрат, үндсэн өнгөө ашигласан байна.

"Broadway Boogie-Woogie", Пит Мондриан

3 "Christina's World", Эндрю Уайет

Эндрю Уайет бол ХХ зууны дунд үеийн америкийн хамгийн алдартай зураачдын нэг байсан юм. Түүний хөдөө ахуйн бодит мэт зургууд нь америкийн соёлын дүр төрх болж, америкийн орчин үеийн урлагийн ертөнцөд гайхалтай хувьслыг хийсэн аж. Түүний "Christina's World" хэмээх зураг нь ХХ зууны дунд үеийн хамгийн шилдэг уран бүтээлүүдийн нэг юм. Зурагт тариалангийн талбай дээрх  саарал байшинг ажиглаж буй эмэгтэй гарна.

Уран зургийн гол баатар болох Анна Кристина нь Мэн мужийн Кашинг дахь зураачийн гэрийн хөрш бөгөөд тэрээр алхаж чаддаггүй байсан юм. Бүсгүйг тариалангийн талбайгаар мөлхөж буйг харсан зураачийн зураг зурах хүсэл шууд л төрсөн байна.  Хэдийгээр анхны үзэсгэлэн дээр "Christina's World" зураг төдийлөн бусдын анхаарлыг татаж чадаагүй ч жил ирэх тусам уг зураг алдартай болж байсан юм. Харин орчин үед энэхүү зураг нь уран зургийн гайхалтай бүтээл, америкийн реалист шилдэг бүтээлийн тоонд багтдаг аж.  

"Christina's World", Эндрю Уайет

4 "The Lovers", Рене Магритт

Рене Магритт ХХ зууны уран зургийн сюрреалист төрөлд бүтээл туурвидаг Бельгийн шилдэг зураач юм. Энэхүү зурган дээр улаан даашинзтай бүсгүйг тэвэрч буй костюмтай залуу харагдана. Хосууд даавууны цаанаас үнсэлцэж байгаа энэхүү зураг  Магриттагийн онцгой  бүтээлүүдийн нэг билээ. 

"The Lovers" зураг нь хүн төрөлхтөн бие махбодь, сэтгэл зүрхээрээ ойртож дотносдог ч жинхэнэ дотоод мөн чанарыг бүрэн таних боломжгүй  гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Нүүрийг нь нуусан байх нь Магриттагийн бүтээлүүдийн онцлог шинж. Ренег 14 настай байхад ээж нь усанд живж амиа хорлосон бөгөөд цогцсыг олох үед даашинз ээжийнх нь нүүрийг  халхалсан байсан гэнэ. Олон хүн зураачийг хүүхэд ахуй насандаа авсан энэ сэтгэлзүйн гэмтлээсээ болж ийн зурах болсон гэж үздэг.  Гэвч зураач энэ таамгийг эрс эсэргүүцдэг байна.

"The Lovers", Рене Магритт

5 "Les Demoiselles d'Avignon", Пабло Пикассо

Энэхүү зурагны нэр анх “Le Bordel d'Avignon” (Авиньоны эмсийн хүрээлэн) гэсэн нэртэй байсан бөгөөд ХХ зууны үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг аж. Учир нь энэхүү зураг кубизм болон орчин үеийн уран зургийн урлагийн хөгжилд чухал үүргийг гүйцэтгэж байжээ.  Энэ бол европын уламжлалт хэв маягаас тэс өөр бүтээл юм.

Пикассо уг зургийг зурахдаа маш олон төрлийн дүрсийг ашигласан. Зураг өөрийн шинэлэг хэв маяг, сэдэв зохимжоороо олны анхаарлыг татсан юм. Анх энэхүү зургийг 1916 онд үзэсгэлэнд тавьсан бөгөөд элдэв цуурхал, шүүмжлэлээс болж нэрийг нь "Les Demoiselles d'Avignon" буюу (Авиньоны охид) хэмээн өөрчилжээ.

Авиньон гэдэг бол эмсийн хүрээлэнгээрээ алдартай Барселоны гудамжны нэр юм. Зураач бүтээлдээ таван нүцгэн биеэ үнэлэгчийг харуулсан болно.  “Авиньоны охид” зураг бол Пикассогийн хамгийн шилдэг уран бүтээлүүдийн нэг бөгөөд музей уг зургийг 24 мянган доллараар худалдан авч байжээ.

"Les Demoiselles d'Avignon", Пабло Пикассо

6 "The Persistence of Memory ", Сальвадор Дали

"The Persistence of Memory " зураг дээр хайлж буй цаг харагдаж байгаа бөгөөд энэ нь Далигийн хамгийн алдартай, маргаантай уран бүтээлүүдийн нэг юм.  Тэрээр уг зургандаа хатуу зөөлнийг харуулсан гэнэ.  Хатуу нь түүний хувьд бодит байдал бол зөөлөн нь ухаан бодол байх аж.

Гэвч зураач бүтээлийнхээ талаар тодорхой тайлбар өгөөгүй учир уран зураг сонирхогчид, судлаачид  маш олон таамаг дэвшүүлэн судалдаг. Зарим судлаачдын үзэж байгаагаар хайлж буй цаг нь орон зайн харьцангуй байдлыг  илэрхийлж байгаа гэж үзсэн бол зарим нь үхэл доройтолтой холбож тайлбарласан байна.  

"The Persistence of Memory ", Сальвадор Дали

7 "The Starry Night", Ван Гог

Сэтгэцийн өвчнөөр шаналж байсан Ван Гог Францын Сен-Реми-де-Прованс хотын Сен-Поль сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан. Хэдийгээр уг зургийг тэр өдрийн цагаар өрөөнийхөө цонхоор харж зурсан ч харанхуй шөнө байгаа нь хачирхалтай.

“The Starry Night” уран зураг нь Винсентийг одон орон судлалд сонирхолтой болохыг батлан харуулж байгаа юм. Судлаачдын өнцгөөс үзэхэд зураач энэхүү бүтээлдээ сар, сугар гариг болон оддыг дүрсэлсэн гэнэ. 

Судлаачид зургийг маш олон удаа судалж байсан бөгөөд уг зураг барууны урлагийн гайхалтай бүтээлийн нэг яах аргагүй мөн. Дон Маклины “Винсент” дуунд энэхүү зурагны талаар өгүүлнэ. Орчин Үеийн Урлагийн Музейд буй хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Винсент Ван Гогийн “The Starry Night” зураг аж.

"The Starry Night", Ван Гог

8 "Girl in front of the mirror", Пабло Пикассо

Пабло Пикассо энэхүү бүтээлдээ 1927-1935 оны дурлалт бүсгүй Мари-Тереза Вальтерийг зурсан байх бөгөөд 1930-аад оны үеийн Пикассогийн зурах дуртай сэдэв нь залуухан Мари-Тереза бүсгүй байсан аж.

Girl in front of the mirror” зургийн нэг тал  дээр бүсгүйн үзэсгэлэнт төрх харагдах бол нөгөө талд нь царай зүс гундуу, эв хавгүй бие галбир бүхий төрх харагдана.

Энэхүү бүтээл нь мөн  л бусад зургийн адилаар маш олон тайлбар дагуулна. Зарим нь уг зургийг бүсгүйн дотоод сэтгэл болон гадаад гоо үзэмжийг харуулсан гэж үзэж байгаа бол зарим нь зураач маань цаг хугацаа асар хурдтай өнгөрч байгаа болохыг харуулахыг зорьсон гэжээ.

"Girl in front of the mirror", Пабло Пикассо

9 "Campbell's Soup Cans", Энди Уорхол

“Campbell's Soup Cans” поп-арт нь 32 зургаас бүрдэх бөгөөд энэхүү бүтээл нь АНУ-ын поп-арт урлагийн хөгжилд чухал хувь нэмрийг оруулсан болно. Зураг зурсан арга барил, сурталчилгааны хэв маяг нь тухайн үед Америкт ноёрхож байсан технологи, абстракт экспрессионизмийн үзэлд огт нийцэхгүй байсан учир маш их шүүмжлэлд өртсөн байна. Гэхдээ энэ нь Энди Уорхолыг поп-артын хамгийн шилдэг уран бүтээлч болоход нөлөөлсөн гэнэ.

"Campbell's Soup Cans", Энди Уорхол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()