Хятадын төрөөс явуулсан туршилтаар Яао Минийг бүтээсэн түүх

2020-08-24, 17:22
7,142

Хятадын бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг Яао Мин нь үнэндээ гэнэт гялалзсан од биш аж. Харин түүнийг генийн тусгай аргаар төрүүлж, өөрийнх нь хүслийн эсрэг спортын замналд оруулж, улам өндөр болгохын тулд шинжлэх ухааны олон туршилт хийснийг нэгэн номд дэлгэжээ.

Хятадын төрөөс явуулсан туршилтаар Яао Минийг бүтээсэн түүх

NBA-ын "Хьюстон Рокетс" багийн шилдгүүдийн нэг байсан, 228 см өндөртэй тэрээр ядаж улсдаа онцгойрохын төлөө зүтгэж буй мянга мянган хөвгүүдтэй мөр зэрэгцэн бэлтгэл хийж, нухлагдаж байсан нь үнэн.

Харин "Newsweek"-ийн сэтгүүлч Брүүк Лармерийн "Operation Yao Ming" номондоо дурдсан нууцууд Бээжингийн олимпийн өмнө багагүй шуугиан дэгдээсэн билээ. Лармерийн өгүүлснээр Хятадын төрөөс улсынхаа нүүр царай, нэр хүндийг авч гарах алдартай тамирчинтай болохын тулд Мао Зэдуны үеэс эхлэн явуулсан генийн хөтөлбөрийн үр дүнд Яао Мин төрсөн аж.

"Хятадын орчин үеийн хөгжлийн нүүр царай, өрнө дорныг холбосон гүүр бол Яао яах аргагүй мөн. Гэхдээ тэр бол социализмын харгис тогтолцооны бүтээгдэхүүн бас мөн" хэмээн Лармер ярьж байв.

Аварга биет Яао төрнө гэдгийг коммунист эрх баригчид 10-аад жилийн өмнөөс л мэдэж байжээ. Хятадуудын эх оронч үзлийг сэргээх агуу тамирчныг бүтээхийн тулд тэд Яаогийн гэр бүлийн дээд талын 2 үеийг байнга хяналтандаа байлгажээ.

Тэр үед хөвгүүдийн өсөлт хэр байх, ирээдүйд тамирчин болох эсэхийг урьдчилан мэдэхийн тулд яс болон умдагны үсийн уртыг нь хэмжих, биеийн галбирыг нь шинжих аргыг Хятадын төр ашиглаж байв. Цээжин бие томтой бол хүндийг өргөгч, тааз багатайг нь усанд шумбагч, зүгээр л өндөр бол сагсчин гэх мэт.

Яаогийн өвөө нь Шанхай хотдоо цуутай өндөр (213 см) нэгэн байсан ч сагсан бөмбөгийн спортод дэндүү хожуу оржээ. Харин түүний хүү, 205 см өндөр Яао Жиюаныг төрөөс анхааралдаа авч, тамирчны замналыг нь сонгож өгчээ.

Дараа нь түүнийг Хятадын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч, Коммунист намын үнэнч гишүүн, 182 см өндөртэй Фан Фендитэй гэрлүүлжээ.

Нэг ёсондоо тэр хоёрыг нацистуудын ашиглаж байсан сайн гентэй хүүхэд төрүүлэх евгеникийн аргаар нийлүүлж, Яаог төрүүлсэн юм.

Дөнгөж долоон настайдаа 171 см өндөртэй болоод байсан Яао Минийг өөрийнх нь хүсэл сонирхол, аав ээжийнх нь эсэргүүцлийг үл харгалзан сагсан бөмбөгийн спорт руу оруулжээ.

"Тэр спортыг үнэхээр үзэн яддаг байсан. Өөрөө сайн ч байгаагүй" хэмээн Лармер бичжээ.

8 настай Яаог багш нар нь маш хүнд мөртлөө нэг л дасгалаа давтан хийдэг бэлтгэлийн хөтөлбөрөөр "нүдэж" эхэлжээ.

Бэлтгэлийн хажуугаар эрдэмтэд түүнд өсөлт сайжруулах төрөл бүрийн эм өгч, гормоны эмчилгээ хийж байв.

"Хэдийгээр нотлох баримт байхгүй ч 1990-ээд оны үед тэд тамирчны тэсвэр, хүч тэнхээг нэмэгдүүлэх бүхий л эм бэлдмэлийг ашиглаж байсан" гэжээ.

"Спорт бол Хятадын үндэсний үзлийг нэмэх, олон улсын өмнө нүүр бардам байх гол зэвсэг тул тэд энэ аргаа орхино гэж бодохгүй байна. Алтан медалиуд бол тэдний хувьд донтуулах үйлчилгээтэй" хэмээн Лармер өгүүлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()