ЗХУ-ын төрөөс "хав даран" нууцалсан 5 эмгэнэлт явдал

2020-08-17, 14:37
56,543

Захиргаадалтын үед сонин дээр л гараагүй бол ард түмэн хэлгүй дүлий мэт байдаг байв. Харин одоо бол цахим сүлжээний тусламжтай бүх юм ил тод байдаг болсон. Ийм ч учраас хүмүүс тухайн үед улсдаа гарч буй томоохон хэргүүдийг хэдэн жилийн дараа олж мэдэх явдал ихээхэн тохиолддог байсан юм. 

ЗХУ-ын төрөөс "хав даран" нууцалсан 5 эмгэнэлт явдал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Лужники" цэнгэлдэхийн эмгэнэлт явдал

1982 оны 10-р сарын 20-нд Лениний стадионд Москвагийн "Спартак" болон Нидерландын "Хаарлем" багуудын хоорондох тоглолтын үеэр болж өнгөрсөн явдал зөвлөлтийн үеийн спортын хамгийн эмгэнэлт үйл явдалд тооцогддог байна. Спартакийнхан уг үйл явдлын талаар дараа өдөр нь олж мэдсэн бол энгийн иргэд зөвхөн 7 жилийн дараа л олж мэдсэн аж. 

"Лужники" цэнгэлдэхийн эмгэнэлт явдал

"Спартак" 1:0-оор ялж байх үед буюу тоглолт өндөрлөхөөс хэдхэн минутын өмнө хөгжөөн дэмжигчид бөөнөөрөө үүд рүү яаран зүтгээжээ. Тухайн үед хамгаалагчид 4 хаалганы ердөө 1-ийг нь л онгойлгосноос болж нэг эмэгтэй шат руу унаж, улмаар түүнд туслах гэсэн хүмүүс болон ардаас нь гарах гэсэн хүмүүс шахцалдан тун аюултай байдал үүссэн байна.

Яг энэ үед Спартакийн тоглогч Сергей Швецов дахин нэг гоол хийхэд хаалганы хажууд бөөгнөрсөн хүмүүс буцан суудал руугаа ухасхийж улам замбараагүй үйл явдал үүссэн байна. Үүнээс үүдэн 66 хөгжөөн дэмжигч олонд даруулан амиа алдсанаас ихэнх нь өсвөр насныхан байжээ. 

Сонингууд тоглолтын талаар мэдээлсэн ч уг харамсалтай хэргийн талаар дурдаагүй байна. Амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэн бодит тоог 66-гаас их байсан гэдэгт итгэлтэй байдаг ажээ. 

2 Москвагийн метронд гарсан хэрэг

Тухайн жилийн 2-р сарын 17-ны өдөр "Авиамоторная" буудал дээр оргил цагийн үед урсдаг шатуудын нэг нь буруу ажиллаж, хүмүүсийн жинг даалгүй доош огцом уруудсан байна. Энэ үед үйлчилгээний тоормос, ослын тоормосны аль нь ч зөв ажиллаагүй ажээ.

Москвагийн метронд гарсан хэрэг

"Авиамоторная"

Ихэнх хүмүүс дээшээ буцаж алхах гэж оролдсоноос тэнцвэрээ алдан шатны доод хэсэгт үүссэн нүх рүү унацгааж байлаа. Хэн нэгэн зэргэлдээ шат руу гарахыг оролдсон боловч хуванцар хаалт нь нурж унажээ. Ингээд дахин хэдэн хүн шатны завсар луу унасан бөгөөд механизмыг 2 минутын дараа л унтраах боломжтой болсон аж.

Уг ослоор 8 хүн нас барж, 30 хүн хүнд бэртжээ. Дараагийн өдөр нь  "Вечерняя Москва" сонинд жижиг мэдээлэл л нийтлэгдсэн байна. 

3 Байконур дахь осол

1960 оны 10-р сард зөвлөлтийн R-16 баллистик пуужин нь Байконурын станц дээр туршилтын нислэг хийх бэлтгэлийн үеэр дэлбэрчээ. Энэ нь тухайн пуужинг бүрэн дуусгаагүй байсантай холбоотой байж. ЗХУ-ын удирдлага Хүйтэн дайны хурцадмал байдалтай холбоотойгоор хөгжүүлэгчдийг яаруулж, Октябрийн хувьсгалын ойн үеэр дэвшилтэт бүтээлээрээ сайрхах шаардлагатай байв.

Байконур дахь осол

Дэлбэрэлт маш аймшигтай байжээ. Олон эх сурвалжийн тооцоогоор бол 70-120 хүн амьдаараа шатсан бөгөөд тэдний дунд пуужингийн хөлөөс хэдхэн метрийн зайд, бункерт сууж байсан Стратегийн пуужингийн армийн командлагч, маршал Митрофан Неделин мөн байсан харамсалтай хэрэг гарчээ.

Митрофан Иванович Неделин

Тэр үед хийсэн бичлэг дээр аймшигтай дүр зураг үлджээ. Хүмүүс яг л бамбар шиг шатаж, зарим нь өргөстэй төмөр хашаа руу гүйж, дээр нь амьгүй биеэрээ өлгөгдөж буй нь харагддаг.

Эмгэнэлт явдлын талаар мэдээллийг шууд нууцалсан байна. Стратегийн Пуужингийн Ерөнхий командлагчийн үхлийг ямар нэг байдлаар тайлбарлахын тулд тэд Неделинийг агаарын ослоор амиа алдсан болгож байжээ. Түүнийг хүндэтгэлтэйгээр Кремлийн хананы дэргэд оршуулсан бол үлдсэн хохирогчдыг өөр өөр хотуудын оршуулгын газарт тараан нууцаар оршуулсан ажээ. Энэ хэрэг ЗХУ задарсны дараа л олон нийтэд ил болсон юм.

4 Новосибирск дахь орон сууцны барилгын дэлбэрэлт

1976 оны 9-р сарын 26-ны өглөө эрт иргэний агаарын тээврийн 23 настай нисгэгч Владимир Серков "Ан-2" онгоцыг Новосибирскийн нисэх онгоцны буудлаас хулгайлж, хотын дээгүүр өндөрт эргэлдэж байснаа гэнэтхэн таван давхар байшин руу жолоодлогоо чиглүүлжээ. Тэрээр хоёр настай хүүгээ дагуулан салаад явсан эхнэрийнхээ амьдардаг байр руу чиглэсэн нь хожим ил болжээ. Гэхдээ тэр үед эхнэрийнх нь гэр эзгүй байв.

Новосибирск дахь орон сууцны барилгын дэлбэрэлт

Серков цагт 150 км-ийн хурдтайгаар байрыг мөргөж, гурав, дөрөвдүгээр давхрын хооронд нүх үүсгэсэн бөгөөд онгоцны урд хэсгийн сэнс мотортой хамт нэг байр руу нисэн орсон аж. Серков өөрөө нас барсан ба галын улмаас нэг эмэгтэй, гурван хүүхэд амиа алджээ.

Орон сууцыг хурдан хугацаанд сэргээж, үйл явдлыг харин нуун дарагдуулжээ. Үүнийг албан ёсоор хаана ч мэдээлээгүй, оронд нь хот даяар томоохон цуу яриа тархжээ. ЗХУ-д урьд өмнө байгаагүй террористууд гарч ирсэн, эсвэл улс төрийн аймшигтай халдлага болж өнгөрсөн гэх мэтээр мэдээлж байв. 2000-д оны үед л энэ хэрэг ил болсон байна.

5 Сансрын нисэгч Бондаренкогийн үхэл

24 настай Валентин Бондаренко хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт нисэх нэр дэвшигчдийн нэг байв. "Восток" сансрын хөлөгт нисэхээр бэлтгэгдсэн Зөвлөлтийн сансрын нисгэгчдийн бүрэлдэхүүнд тэрээр хамгийн залуу нь байсан бөгөөд сургалтын үр дүнгээр жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байжээ.

Сансрын нисэгч Бондаренкогийн үхэл

Гэхдээ түүхэн үйл явдлаас гурван долоо хоногийн өмнө Бондаренко тусгаарлах камерт хийсэн туршилтын үеэр эмгэнэлтэйгээр нас баржээ. Энэ нь 15 өдрийн 10 дахь өдөр нь болж өнгөрсөн бөгөөд тэрээр даралт багатай, хүчилтөрөгч ихтэй, битүү өрөөнд ганцаараа байх ёстой байсан юм.

Эмнэлгийн нэг туршилтын дараа Бондаренко биосенсор байрлуулсан газруудыг спиртээр арчиж байхдаа санамсаргүйгээр хөвөнгөө унагажээ. Хөвөн нь халуун спираль хавтан дээр унаж галын дөл тэр даруй хүчилтөрөгчтэй өрөөнд тархсан байна.

Даралт асар хурдан буурснаас үүдэн хаалгыг зөвхөн хагас цагийн дараа онгойлгох боломжтой болсон аж. 80%-ийн түлэгдэлттэй Валентиныг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар найман цагийн турш түүний амь насыг аврахын төлөө хичээжээ. Тэдний хэлснээр Гагарин нас барах хүртлээ найзынхаа дэргэд байсан байна.

 

Сансар огторгуйтай холбоотой бүх зүйлийг төрөөс маш хатуу чандлан хадгалдаг байсан. Бондаренкогийн үхлийг зүгээр ч нэг нууцалсангүй, түүнийг анхны отрядын гэрэл зургуудаас устгасан байна. Сансрын нисгэгчийн үхлийг ердөө л 1986 онд хүлээн зөвшөөрсөн ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()