Арилжааны ууган банк болох Худалдаа, хөгжлийн банк нь Монголын Хөл Бөмбөгийн Холбоо болон Үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжих, олон улсын чанартай хөл бөмбөгийн тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн 2019 онд байгуулсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Яармагт баригдаж буй олон улсын стандартыг хангасан хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг ХХБ-ны нэрэмжит болгон “TDB Center” хэмээн нэрлэсэн бөгөөд ивээн тэтгэлгийн дүнгийн 70 хувийг цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад, үлдсэн 30 хувийг Үндэсний шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилт, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай хувцас хэрэглэлүүдэд зарцуулагдаж байгаа юм.
Энэхүү “TDB Center” цэнгэлдэх хүрээлэнгийн шав тавих ёслол өчигдөр буюу 8-р сарын 13-ны өдөр болж, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХХБ-ны ТУЗ-ийн ажлын албаны дарга Д.Хүрэлбаатар, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны зөвлөлийн гишүүд болон бусад байгууллагын төлөөллүүд оролцлоо.
“TDB Center” цэнгэлдэх хүрээлэнгийн онцлог нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны стандартын баригдаж буй Монгол Улс дахь хамгийн том (73х115 метр) хөл бөмбөгийн талбай юм. Гүйцэтгэгчийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 11-р сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа ба 2021 онд МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах олон улсын "Ногоон наадам"-ыг энэхүү цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар төлөвлөжээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.