Түүхэн дэх хамгийн шударга ерөнхийлөгч Тома Санкарагийн амьдралын түүх

Африкийн Буркина Фасо улс нэгэн үе Дээд Вольта гэдэг нэртэй, Францын далайн чанад дахь эзэмшлийн нутаг байв. Харин 50-аад оны сүүлчээр Парис хуучин колонид тусгаар тогтнолыг нь өгсөн ч эдийн засаг, гадаад бодлогыг нь үргэлжлүүлэн хянасаар байсны үр дүнд Буркина Фасо ядуу, авлигад идэгдсэн хэвээр үлджээ. Гэвч Тома Санкара гэгч засгийн эрхийг авснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэрбээр түүхэнд цорын ганц шударга ерөнхийлөгч нэртэй үлдсэн ч үүнийхээ төлөө өөрийн амийг золиосолсон байна. 

Түүхэн дэх хамгийн шударга ерөнхийлөгч Тома Санкарагийн амьдралын түүх

1 Коммунист офицеруудын бүлэг

Тома Санкара "холимог" гэр бүлийн хүү буюу эцэг нь Моси, эх нь Фульбе омгийнх байжээ. Африкийн нийгмийн стандартын дагуу тэрээр эрлийз буюу "3-р түвшний" хүн гэж тооцогдсон ч цагдаа хийдэг байсан эцгийнхээ нэр нөлөөний ачаар сайн боловсрол эзэмшиж чадсан юм. Эцэг эх нь хүүгээ Католик сүмийн номлогч болгохыг хүссэн ч Санкарагийн сэтгэл зүрхийг армийн амьдрал татсан байна. 

Коммунист офицеруудын бүлэг

Офицер Санкара гитар тоглож буй нь

1968 онд 19 настай Тома Санкара цэргийн албаа хааж эхэлсний дараа түүний ухаалаг, хүчирхэг байдлыг удирдлагууд нь шууд анзаарч Мадагаскар арал дахь офицеруудын сургуульд явуулж өгчээ. Тэндээ тэр марксизмын үзэл сурталтай танилцан "Африкийн социализм"-ын шүтэн бишрэгч болсон байна. Вольта руу эргэж ирээд тэрээр шүхэрчдийн салааны албан хаагч болж, Мали улстай хийсэн дайнд тулалджээ.

Удалгүй улсынхаа нийслэл Уагадугуд ихээхэн алдартай нэгэн болов. Шүлэг бичдэг, гудмаар мотоцикл унан давхидаг, «Tout-а-Coup Jazz» хамтлагт гитар тоглодог, өндөр боловсролтой офицер залуу хүн бүрийн анхаарлыг татахгүй байхын аргагүй. 1967 оноос Тома Вольтагийн тусгай албаныхныг бэлтгэдэг сургалтын тэргүүн болж , удалгүй найзуудынхаа хамтаар хувьсгалт залуучуудын байгууллага болох "Коммунист офицеруудын бүлэг"-ийг байгуулжээ.

2 Авилгагүй орон

1981 оны намар Вольтагийн цэргийн дэглэмт засгийн газраас Тома Санкараг мэдээллийн сайдаар томилов. Тэрээр яамны анхны хуралд унадаг дугуйгаар ирж байжээ. 

1982 онд болсон төрийн эргэлтээр Тома Санкара Ерөнхий сайд болсон ч түүний зүүний үзэл нь Дээд Вольтагимйн эдийн засгийг үргэлжлүүлэн хянаж буй францчуудын болгоомжлолыг төрүүлж байлаа. Ингээд түүнийг албан тушаалаас нь буулгаж, гэрийн хорионд оруулсан байна.

Энэ нь бослого гарахад нөлөөлж, Уагадугу хотын захын дүүргүүдийн ядуу иргэд армийнхантай нэгдэн 1982 оны 8-р сард Санкараг чөлөөлжээ. "Tout-a-Coup Jazz" хамтлагийн гоцлол дуучин байсан түүний найз Блэйз Компаорын удирдлагын доор иргэд хуучин ерөнхий сайдаа суллаж чадсан байна.

Ийнхүү 33 настай Санкара ерөнхийлөгч болсныхоо дараа гаргасан анхны шийдвэр нь Дээд Вольтаг Буркина Фасо хэмээн нэрлэсэн ба энэ нь орчуулбал "Авилгагүй орон" юм.

Авилгагүй орон

3 Ардын шинэчлэл

Шинэ ерөнхийлөгч авилгал, өлсгөлөн, халдварт өвчин, бичиг үсэг үл мэдэх явдлыг ялан дийлэхээр "Шударга хувьсгал"-ыг эхлүүлж байв. Санкара иргэдээс омгийн удирдагчдад өгөх татвар, тариачдын орлогын татварыг цуцалж, ядуусыг хоол хүнсээр хангах боломжийг олгожээ. Мөн эмэгтэйчүүдийг эрчүүдтэй тэгш эрхтэй болгохыг зорьж, олон эхнэртэй болох мөн хүүхдийн бэлэг эрхтэнд мэс хүргэх харгис уламжлалыг хориглов.

Санкарагийн санаачлалаар Буркина Фасогийн 2.5 сая хүүхдэд халуун орны түгээмэл тохиолддог өвчний эсрэг вакцин хийлгэж, түрээслэгчдийн үндэслэлгүй өр төлбөрийг цуцалж, Сахарын элсний нүүдлийг зогсоох зорилгоор цөлийн зааг дээр 10 сая мод тарьжээ.

Ардын шинэчлэл

Тома Санкара ба түүний найз Блез Компаор нар

4 Мерседесгүй бас агааржуулагчгүй

Санкара улсдаа авторитар дэглэм тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяналтандаа байлгаж, түүний бодлоготой санал зөрөлдөж буй хүмүүсийг халсан боловч ядуус, ялангуяа эмэгтэйчүүдийн дунд алдартай хэвээр байв. Тэрбээр албан тушаалтнуудыг үндэсний үйлдвэрлэлийн хувцас өмсөхийг албадаж, төрийн албан хаагчдын орлогыг нээлттэй байлгах тухай хууль батлав.

Мерседесгүй бас агааржуулагчгүй

Ерөнхийлөгч засгийн газрын хэрэглэдэг Мерседесүүдийг зарж, өндөр албан тушаалтнуудыг хамгийн хямд "Renault-5" машиныг унадаг болгов. Тэр ч байтугай албан тасалгаандаа агааржуулагч суурилуулахаас татгалзжээ. Учир нь иргэд нь өлсөж байхад агааржуулагч мэтийн тансаг хэрэглээтэй байхаас ичсэн болохоо хэлж байжээ. Мөн түүний хөрөг зургуудыг хаа сайгүй өлгөхийг хориглов.

1986 онд Дэлхийн Банкнаас Буркина Фасо улс авлигыг бүрэн ялан дийлсэн гэж мэдээлж байжээ. "Африкийн Че Гевара" хочтой болсон Санкара зам, нийтийн орон сууц барих, бичиг үсэг үл мэдэхтэй тэмцэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байлаа. Хамгийн гол нь тус улс Францын хөрөнгийн нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж чаджээ. Гэхдээ энэ нь Парис болон хөрш зэргэлдээ Африкийн орнуудад таалагдахгүй байв. Тэдгээр улсуудын дарангуйлагч нар ард түмэн нь Буркина Фасогийн үлгэр жишээг дагаж, өөрчлөлтийг шаардана гэдгээс эмээж байжээ.

5 Авилгагүй орны төгсгөл

Буркина Фасо гадаад бодлогын бүтэлгүйтэл, хөршүүдтэйгээ үүсгэсэн сөргөлдөөний улмаас өнөөгийн Хойд Солонгос шиг хаалттай байдалд шилжжээ. Энэ нь эдийн засгийн өсөлт саарахад хүргэсэн бөгөөд 1986 онд ЗХУ-тай харилцаагаа сайжруулах оролдлого нь мөн бүтэлгүйтсэн байна.

Нэр хүндтэй Ерөнхийлөгч маань алдаа гаргаж эхэлсэн бөгөөд түүний рейтинг буурахад дотнын найз Блез Компаор нь хууль зүйн сайдын хувиар францчуудтай холбоо тогтоож, 1987 оны 10-р сарын 15-нд төрийн эргэлт хийсэн юм. 

Авилгагүй орны төгсгөл

Тома Санкара төрийн эргэлт болохоос хэдхэн сарын өмнө

Төрийн эргэлт хийгсэд түүнийг хороох гэж байгааг Санкара мэдэж байсан ч найзтайгаа тохиролцоо хийхээс татгалзсан аж. Ерөнхийлөгч төрийн ордон руу дайрч буй шүхэрчдийг өөрөө угтахаар гарсан байна. Дараа нь армийнхан Санкара ба түүний хамгийн ойрын 20 хүнийг буудан алжээ. 

Тэдний цогцсыг мөчлөн салгаж нэр хаяггүй булшинд оршуулжээ. Харин Санкаргийн эхнэр, хоёр хүү нь зугтаж амжсан байна. Ерөнхийлөгчийг нас барах үед өмч хөрөнгөнд нь гурван гитар, дөрвөн унадаг дугуй,"Peugeot" машин л байсан ажээ.

Шинэ ерөнхийлөгч Блэйз Компаорегийн анхны шийдвэр нь хувьдаа "Boeing" онгоц худалдаж авах явдал байв. Тэр үед Буркина Фасод улс төрийн хоригдлуудад зориулсан хэд хэдэн шорон баригдаж, тэрс үзэлтнүүдийг цаазалж, төрийн албан тушаалтнуудын цалинг нэмэгдүүлж, эрүүл мэндийн татварыг цуцлах ажлууд хийгдэж байлаа.

Франц Компаорегийн эрх мэдэлд хүрсэн явдлыг “ардчилал” гэж нэрлэсэн. Гэтэл 1991 онд Буркина Фасогийн анхны сонгуульд нийт хүн амын 7% нь оролцсон ажээ. Одоогийн ерөнхийлөгч 100 хувийн санал авч, ОУВС-аас 67 сая долларын зээл авсан байна. Шинэ үндсэн хуульд зааснаар Компаоре-д бараг хязгааргүй эрх мэдэл олгогдсон байжээ.

Блез Компаоре АНУ-ын Ерөнхийлөгч Жорж В.Буштай

2014 оны цэргийн бослогын үеэр Блез Компаоре албан тушаалаа орхисон юм. Өнөөдөр Буркина Фасогийн хүн амын 90% нь газар тариалан эрхэлдэг бөгөөд дэлхийн хамгийн ядуу улсуудын нэгт багтдаг. ДНБ-ий хувьд 206-р байранд бичигддэг бөгөөд Францын хөрөнгө оруулалт л тус улсын эдийн засгийн гол хөшүүрэг аж. Харин амиа алдсан Санкара нь Африкчууд эрх чөлөөтэй болох гэсэн оролдлогын бэлгэдэл болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()