Бьерн Юхан Андерсен 1955 онд Шведийн нийслэл Стокхольмд төржээ. Түүний ээж нь нэр нөлөө бүхий хүний нууц амраг байсан ба Бьернийг хүсээгүй хүүхэд байсан гэж хэлж болох юм. Учир нь Бьерны эцэг түүний ээжийг хөл хүнд болсныг мэдээд хүүхдээ авахуулахыг гуйж байсан ч хэтэрхий оройтсон байсан аж.
Бьерныг 6 настай байхад түүний ээжийн хүүхэд асрах эрхийг нь хасаж тэрбээр эмээ дээрээ өсөх болжээ. Бүхий л насаа кино урлагт зориулсан түүний эмээ хүүг ч мөн алдартай жүжигчин болно гэдэгт итгэж байсан байна.
Хүү өөрөө хөгжимд илүү сонирхолтой байсан ба төгөлдөр хуурч болохыг хүсдэг байжээ. Азаар тэр гайхалтай сонсголтой байсан тул Стокхольм дахь "Madorufu Fredrik" гэх алдартай хөгжмийн сургуульд орж чадсан юм. Хүү сургуулиа онц дүнтэй төгсөж цаашдын амьдралаа төлөвлөж байсан ч түүний эмээ тэс өөр бодолтой байсан ажээ.
1970-аад онд найруулагч Лукино Висконти Томас Маннын зохиол болох "Death in Venice"-ийг дэлгэцийн бүтээл болгохоор сэдэж байсан бөгөөд Тадзио Висконтийн дүрд тоглох хүнийг маш нухацтай хайж байхдаа Бьерн Андерсеныг олон байна.
Сахиусан тэнгэр мэт төрхтэй хүүг шууд л гол дүрд тоглуулахаар болсон бөгөөд Висконти бүтээлээ бодит болгохын тулд Бьерны алхам бүрийн хянаж, эх зохиолоо ч уншуулаагүй гэдэг.
1971 оны 3-р сарын 1-нд Каннын наадам дээр удаан хүлээгдсэний эцэст "Death in Venice" кино нээлтээ хийсэн юм. Удалгүй уг кино олон тооны шагналуудыг хүртэж Бьерн Андресен энгийн ичимхий хүүгээс дэлхийн хэмжээний од болон хувирсан ч хүү үүнд бэлэн биш байв.
Гал дээр тос нэмж буй мэт Лукино Висконти хүүг ижил хүйстэн болгох гэж оролддог байсан байна. Киноны нээлтийн дараа тэрээр Бьерныг ижил хүйстнүүдийн баараар дагуулж явж байсан юм.
"Death in Venice" киноны багийнхан бүгд ижил хүйстэн найруулагчийнхаа сонирхлыг хүндлэн дэмждэг байж. Энэ байдал нь залуу хүүг өөрийгөө "би ч бас ижил хүйстэн юм болов уу" гэж бодоход хүргэсэн ажээ.
Сүүлд жүжигчин тухайн үед хэд хэдэн эрчүүдтэй холбоотой байсан ч ийм харилцаа ямар ч сайн юманд хүргээгүй тухай хуваалцсан юм.
Хүүг алдар нэрд хүрсэн байхад түүний эмээ Бьерныг жүжигчний мэргэжлээ үргэлжлүүлж Японд сурахыг ятгасан аж. Бьерныг Тадзио-гийн дүрд хувирган зар сурталчилгаанд тоглуулж байсан бөгөөд ингэх бүрдээ түүний анхны дүрийг сануулж байсан юм .
Японд байхдаа Андерсен 2 дуу бичүүлсэн ч энэ нь түүнд таалагдаагүй болохыг сүүлд нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр хуваалцсан байна. Бьерн өөрийн төрсөн газар луу буцан Стокхольмын консерваторид багшлахыг туйлын ихээр хүсэж байсан юм.
Бьерны багшлах хүслээс болж эмээтэйгээ харилцах харьцаа нь муудаж тэрбээр тусдаа амьдарч эхэлсэн байна. Бие даан амьдрахын тулд Бьерн зарим нэг туслах дүрүүдэд тоглож байжээ.
Бьерн том дүрүүдээс үргэлж татгалздаг байсан ч Ханс Альфредсоны "The Simple Minded Murderer" кинонд дүр бүтээхийг зөвшөөрч уг киноны нээлтээр эхнэртэйгээ анх танилцаж байжээ.
Удалгүй хосууд гэрлэж 1984 онд охинтой болж Робин гэх нэрийг өгчээ. Дахиад 2 жилийн дараагаар Бьерны гэр бүл хүүтэй болсон ч хүү 10 сар хүрээд төрөлхийн өвчнөөсөө болж нас барсан байна. Бьерны гэр бүлийн хувьд энэ маш том цохилт болж Андерсен энэ удаа сэтгэл зүйчид хандах шаардлагатай болж байсан юм.
Мэргэжилтний хамтаар Бьерн өөрийнх нь анхны сэтгэл зүйн цохилтоор "Death in Venice" кино болсон гэдгийг тодорхойлсон байна.
Хүүгийнх нь үхэл түүний амьдралын дараагийн цохилт болж асуудлыг улам хурцдуулсан байжээ. Андерсенд тусалж байсан ганц зүйл нь хөгжим байсан ч 1994 онд сэтгэл зүйн асуудлууд нь сэдэрснээр тэрбээр согтууруулах ундаанд донтож байсан юм.
Удаан хугацааны эмчилгээний үр дүнд Бьерн жүжигчний мэргэжлээ бүр мөсөн орхихоор шийдсэн ч хааяа театрт дүр бүтээж байгаа юм. Одоог хүртэл түүнийг "Death in Venice" киноны Тадзиогийн дүр дагасаар л байгаа бөгөөд Бьерн энэ дүр түүний амьдралд ингэж нөлөөлнө гэдгийг мэдсэн бол хэр их хэмжээний мөнгө амласан ч тоглохгүй байх байсан тухайгаа ярьж байсан байна.
Одоо Бьерн Юхан Андресен өөрийн эхнэрийн хамтаар Стокхольмын захад амьдардаг бөгөөд тэднээс холгүй охин Робин нь өөрийн гэр бүлтэй хамт амьдардаг байна. Бьерн хөгжмийн сургуульд амжилттай багшилсаар байгаа бөгөөд кино урлагаас бүр мөсөн холдож чадаагүй л байгаа ажээ.