Английн Саффолк дахь Соули Грин гэх газраас 29 настай Натали Вебстерийг цагдаа нар баривчилсан. Тэрбээр хүүхдийнхээ эмчилгээнд зориулж босгосон хандивын мөнгөө үрсэн гэх хэргээр саатуулагдаад байгаа юм.
Наталигийн зүрхний өвчтэй хүүхэд олон нийтийн сүлжээнээс маш олон хүмүүсийн дэмжлэг туслалцааг авч чадсан. Нийтдээ 10 мянган фунт буюу ойролцоогоор 40 сая төгрөг цугласан аж. Сарын өмнө Наталигийн хамтрагч хүүхдийн эцэг Райан Пойнтон хандив өгсөн хүмүүст талархсанаа илэрхийлж хандив үргэлжилж байгаа тухай мэдэгдсэн.
"Бид дахиад хэд хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай", хэмээн Райан хэлсэн байна.
Гэвч хандив өгсөн хүмүүс цугласан мөнгөний талаас бага хувь буюу 4 мянган фунт л хүүхдийн эмчилгээнд зориулагдсан болохыг олж мэдэн цагдаагийн байгууллагад хандсан.
Наталигийн хөрш болох Билли Феррис 135 фунт хандивласан бөгөөд одоо буцаан авмаар байгаагаа мэдэгдсэн.
"Хандивын мөнгө цугласны дараа тэр яаж өөртөө хиймэл хөх хийлгэж шинэ машин авсныг би гайхаж байна. Үүнээс өмнө тэдний гэр бүл арай ядан хоолны мөнгөтэйгөө золгодог байсан", гэж Билли дургүйцсэн байна.
Хууртсан хандивлагчид Наталигийн гэрийн гадаа үймээн дэгдээсэн аж.
"Энэ үнэхээр аймшигтай байсан. Тэд хаалга эвдлэх гэж оролдон Наталиг гарч ирэхийг шаардаж байсан. Түүнийг баривчилсан нь сайн хэрэг болсон тэгээгүй бол үүнээс ч муу юм болох боломжтой байсан", гэж Наталигийн хөршүүдийн нэг хэлсэн байна.
Эх сурвалж: bigpicture