1
Төгс ээж гэж байдаггүй
Ихэнх эмэгтэйчүүд ажлаа ч тэр, хүүхэд асрах ажлаа ч тэр төгс хийхийг хичээдэг. Ерөнхийдөө бүх ээжүүд хоёр ээлжээр ажилладаг гэсэн үг: ажил дээрээ болон гэртээ. Гэхдээ франц ээжүүдийн дунд: “Төгс ээж гэж байдаггүй” гэх хэллэг бий.
Үүнээс гадна хүүхдийнхээ хүүхэд насыг марафоны гараа, харин их сургуульд орсноор бариандаа орно гэж бодох хэрэггүй. Хэдийгээр францчууд хүүхдээ боловсролтой хүн болгохыг хүсдэг ч ажлынхаа дараа тэднийг ямар нэгэн даалгавар, өөрийгөө хөгжүүлэх зүйл хийхийг шаарддаггүй. Франц бүсгүйчүүд хүүхдийг сургуульд орохоос өмнө анхааралтай байх, нийтэч байх, өөрийгөө хянах чадварыг эзэмшүүлэх нь чухал гэж үздэг байна. Нэгдүгээрт, үүнд зориулж тусгай цаг гаргах шаардлагагүй бөгөөд энэ бол зүгээр л хүмүүжлийн нэг хэсэг. Хоёрдугаарт, энэ чадваруудыг 3 насандаа эзэмшсэн байхад ирээдүйн сурлагын амжилтын суурь тавигдах юм.
2
Та үргэлж өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй байх хэрэгтэй
Жишээлбэл: Америкт тайван амьдрал, аз жаргалтай гэрлэлтийн талаар үлгэрт итгэх дуртай байдаг. Хамгийн гол нь орлогын эх үүсвэр сайтай, тогтмол цалинтай хүнтэй гэрлэх нь америкчуудын гол зорилго байдаг аж.
Харин Францад бүх зүйл эсрэгээрээ. Тэдний хувьд эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй байх ёстой бөгөөд амжилттай нөхөрт гарч чадсан ч: “Хэрвээ бүх зүйл үгүй болвол яах вэ?” гэсэн асуултыг үргэлж өөртөө тавих хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрийн гэсэн мэргэжилтэй, байнгын эсвэл хувийн ажилтай, ямар нэг аргаар орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Франц ээжүүд үүнийг нэн түрүүнд хүүхдийнхээ төлөө хийж байгаа зүйл хэмээн үздэг байна. Франц эмэгтэй төрснөөсөө хойш удалгүй ажилдаа орж, хүүхдээ бүхий л зүйлээр хангаж чадна гэдэгтээ итгэлтэй болох хэрэгтэй байдаг.
3
Бүх цаг заваа хүүхэддээ зориулж болохгүй
Хүүхэддээ зориулах хайр халамж бол хязгааргүй бүхнийг илтгэх нэг илэрхийлэл болно. Бид үргэлж тэдэнд туслахыг хүснэ. Энэ бол өөрийн хүсэлтээр тогтмол золиос гаргаж буй хэрэг юм. Гэтэл үнэн хэрэгтээ бүх хүмүүст өөрийн гэсэн хувийн чөлөөт орон зай хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ бүхнийг ээжүүд хэрэгжүүлэхдээ: би хүүхдүүддээ энэ зүйлийг хийчихвэл орой үүнийг хийх завтай болно эсвэл хүүхэдтэй шаардлагатай боломжит бүх зүйлийг хийсний дараа би үүнийг хийх болно гэсэн зарчмаар явдаг.
Гэрийн уур амьсгалыг тогтвортой байлгахын тулд та зөвхөн өөртөө зориулж тодорхой цаг завыг гаргах хэрэгтэй. Үүнд таны сонирхол, найз нөхөдтэйгөө уулзах уулзалт, цэцэг тарих гэх мэт юу ч байж болно. Таны амьдрал зөвхөн хүүхдийн тань эргэн тойронд өрнөж байвал хамгийн түрүүнд энэ нь хүүхдэд сөргөөр нөлөөлдөг хэмээн францчууд үздэг байна.
4
Хүүхдээсээ хааяа ч болов холдох нь таныг сайн ээж болоход нөлөөлнө
Хэрвээ хүүхэд тань үргэлж таны анхаарлын төвд байж, та түүний хийх зүйлийг тогтмол зааж байвал таны хүүхэд бие даах чадварт суралцаж чадахгүй. Үүнээс гадна тэр бусад хүмүүст анхаарал хандуулах, бусдын хэрэгцээг мэдрэх, тэднийг ойлгох чадваргүй болно. Хүүхдээсээ хэсэг хугацаанд ч болов холдох нь түүнд гайхалтай хүмүүжлийг өгч байгаа хэрэг юм.
Хамгийн ойр дотны хүмүүстэйгээ удаан хугацааны турш хамт байхад хэсэг хугацааны дараа бие биенээсээ залхаж, бидний дунд маргаан үүсэж эхэлдэг. Харин түр ч болов нэг нэгнээсээ холдох нь дараа нь уулзах хүсэл төрүүлж, уулзсан ч аз жаргалтай, сонин хачин ихтэйгээр уулзах болно. Энэ нь ээж хүүдийн харилцаанд ч маш чухал зүйл гэдгийг мартаж болохгүй.
5
Буруу гэх ойлголтыг март
Ажил хийж байгаагийнхаа төлөө хүүхдийнхээ өмнө өөрийгөө буруутгахаа боль. Энэ бол байх ёстой зүйлийн нэг бөгөөд танд хүүхэдтэйгээ цаг хугацааг илүү их өнгөрүүлэх боломж гарахгүй. Таны хийж чадах хамгийн шилдэг зүйл бол завтай байхдаа л хүүхэдтэйгээ бодит утгаар нь хамтдаа цагийг өнгөрүүлэх юм. Утсаар ярингаа хүүхдээ салхилуулах бус харин үнэхээр зөвхөн түүнтэй хамт байх хэрэгтэй. Харин ажил дээрээ байх үедээ тогтмол өөрийгөө буруутгаж, хүүхдийнхээ төлөө санах зовох хэрэггүй.
Үүнээс гадна хүүхдүүддээ тэвчээртэй байхад туслаарай. Хүмүүс тэвчээрийг төрөлхийн чадвар гэж боддог хэдий ч үнэн хэрэгтээ энэ бол хөгжүүлэх ёстой булчингийн нэг гэж францчууд үздэг байна. Таныг ажлаа хийж байх үед хүүхэд тань таниас түүний хийсэн тоглоомыг харахыг хүсвэл яаран босох хэрэггүй. Хүүхэддээ завгүй байгаагаа тайлбарлаж хэсэг хугацааны дараа харах болно гэдгээ хэлээрэй. Эхлээд тэр хэдэн секунд л хүлээж чадна. Ийнхүү бага багаар түүнд завгүй байгаагаа ойлгуулж чадсанаар тэр илүү удаан хүлээх тэвчээртэй болно. Энэ бол амьдралд зайлшгүй шаардлагатай чадваруудын нэг бөгөөд тэрээр өөрийгөө ертөнц дээрх хамгийн чухал хүн биш гэдгээ энэ арга замаар л ойлгож чадна.
6
“Такси-ээж” битгий бол
Энэ бол өмнөх дүрэмтэй шууд холбоотой бөгөөд түүнтэй өнгөрүүлж чадахгүй байгаа цаг хугацаагаа төрөл бүрийн дугуйлангаар нөхөх хэрэггүй. Франц бүсгүйчүүд нэмэлт дугуйлан сонгох үедээ уг дугуйлан амьдралынх нь хэв маягт хэрхэн нөлөөлөх тал дээр нарийн судалгааг хийдэг байна. Өдөр бүр хүүхдээ нэг дугуйлангаас нөгөө дугуйлан руу зөөдөг ээжүүдийг Францад амиа хичээгээгүй ээж гэж нэрлэхгүй бөгөөд ялангуяа ажлаа алдаж, энэ бүхнийг хийж байвал түүнийг хэзээ ч үнэлэхгүй. Энэ төрлийн ээжийг тэд амьдралынхаа хэмнэлийг алдсан гэж хэлэх болно. Хүүхдүүдэд ч энэхүү золиос хэрэг болохгүй. Мэдээж, хүүхэд ямар нэг дугуйланд явах хэрэгтэй ч гэртээ тоглох чөлөөт цагтай байх ёстой. Бие махбодийн болон сэтгэл зүйн хэт их ачаалал нь хүүхдэд сөргөөр нөлөөлөх болно.
7
Хүүхдийн оролцоо шаардахгүй амьдралын хэв маяг бий
Гэр бүлийн хамгийн чухал зүйлсийн нэг нь гэр бүлийн хосууд буюу эхнэр, нөхөр гэдгийг мартаж болохгүй. Хааяа ч болов нөхөртэйгөө хоёулахнаа цаг хугацааг өнгөрүүлээрэй. Францад хүүхэд төрснөөс хойш эхний 3 сар л бүх анхаарал хүүхдэд ханддаг байна. Үүнийг тэд “эхний 100 хоног” хэмээн нэрлэдэг аж. Үүнээс хойш хүүхэд тусдаа өрөөнд,ганцаараа унтаж сурдаг гэнэ. Та хоёрын унтлагын өрөө бол зөвхөн та хоёрт л хамаарагдах ёстой. Хүүхэд эцэг эх нь ч гэсэн тусдаа амьдралтай гэдгийг ойлгох шаардлагатай.
8
Нөхөртэйгөө гэрийн ажил болон хүүхэд харах ажлаа тэнцүү хуваах хэрэггүй
Та нөхөртэйгөө ижил ажил эрхэлдэг (түүнээс илүү цаг ажилладаг) байсан ч нөхрөөсөө тантай адил цаг хугацааг, хүүхэд, гэрийн ажилд зарцуулах хэрэгтэй гэж шаардаж болохгүй. Францад энэ нь нөхрийнх нь уур бухимдал, дургүйцлийг л төрүүлэх болно. Тиймээс ч франц бүсгүйчүүд өөрийн энэ байдалтай эвлэрч, хүлээн зөвшөөрсөн байна.
Ажил үүргээ тэнцүү хуваарилахын оронд гэр бүлийн таатай уур амьсгал франц эмэгтэйчүүдэд чухал байдаг. Тэд эрчүүдийг биологийн тусгай биет, байгалаасаа гэрийн ажил хийхээр заяагдаагүй гэж үздэг аж.
Гэхдээ энэ нь эрчүүд юу ч хийдэггүй гэсэн үг биш. Франц бүсгүйчүүд гэрийн ажил тэгш хуваарилагдаагүй гэж муудалцахын оронд өөрийн гэсэн чадах зүйлийг хийх нь хамаагүй дээр гэж үздэг байна.
9
Сард нэг удаа “бал сарын амралтын өдөр” байх ёстой
Ихэнх франц эцэг эхчүүд амралтын өдрийг зөвхөн өөртөө зориулдаг байна. Энэ амралтын өдөрт хүүхэд болон ажил огт байх ёсгүй. Бүх ажлаа хойш нь тавьж хүүхдүүдээ өвөө эмээ дээр нь аваачих, эсвэл хүүхэд асрагчийнхаа хамтаар зуслан руу явуулж болно шүү дээ. Харин өөрсдөө бүтэн өдрийн турш орондоо хэвтэж, дуртай өглөөний цайгаа ууж, хамтдаа кино үзээрэй. Юу ч хийхгүйгээр тайвшрах нь хамгийн сайхан амралт болох болно. Франц эцэг эхчүүд сард нэг удаа энэ төрлийн амралтыг өөртөө зориулдаг бөгөөд энэ үедээ огтхон ч санаа зовж, өөрийгөө буруутгадаггүй гэнэ.
Харин бусад үед тэд хүүхдээ тогтсон цагтаа унтаж байгаа эсэхд нь анхаарал хандуулдаг аж. Францчуудын хувьд аз жаргалтай гэр бүлийн нууц нь аз жаргалтай эцэг эх байдаг гэнэ.
10
Босс бол та
Энэ бол Францын хүмүүжлийн хамгийн хүнд зүйл нь юм. Бүх шийдвэрийг зөвхөн та л гаргах болно. Би хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сайн гэгч нь сонсож байгаа ч эцсийн шийдвэрийг өөрөө л гаргана. Гэр бүлийн гурвалжингийн орой дээр та байгаа гэдгийг санаарай.
Мэдээж, энэ бол тийм ч хялбар ажил биш. Шаардлагатай тохиолдолд өөртөө итгэлтэйгээр “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Ингээд бүх зүйл хяналтанд орж ирэх үед та өөрийгөө босс гэж мэдрэх болно.