47 настай Донован нь гэмт хэргийн ертөнцийн нийслэлийн цуст үнэнийг өгүүлэв. Өнгөрсөн жилийн байдлаар Мексик улс хүн амины хэргийн тоогоороо дэлхийд тэргүүлсэн (өдөрт 95 хүн амины хэрэг). Одоог хүртэл олонх хэрэг нь шийдэгдээгүй байгаа аж. Заримдаа хар тамхи наймаалагч бүлгүүд хоорондын газар нутаг булаацалдсан дайнаас болж энгийн иргэд буудалцаан дунд хохирдог тул аялал жуулчлалын газруудыг хаадаг.
20 жилийн өмнөөс Донован цуст хэргийн газруудыг цэвэрлэж эхэлсэн. Гярхай, туршлагатай тэрээр гадаргуугаас цусыг үр дүнтэйгээр цэвэрлэхийн тулд цусны онцлох шинж чанаруудыг судалжээ.
Цэвэрлэх үедээ тэр бүтэн биеийн хамгаалалтын хувцас, нүүрний хаалт, бээлий өмсдөг. Эхлээд цацарсан цусыг шинжилснээр цэвэрлэхэд хэр их хугацаа орохыг тогтооно. Дүрмийн хувьд нэг хэргийн газрыг цэвэрлэхэд 20 цаг ордог байна.
Мэдээж энэ бүхэн аллага хэрхэн болсон болон хаана цус асгарснаас хамаарна. Жишээлбэл угаалгын өрөө, хана эсвэл гудсан дээр, дотор эсвэл гадна. Ямар нэгэн өвчин авахгүйн тулд цэвэрлэж буй хүн нь арга зүйн өндөр чадвар болон дэс дараатайгаар ажиллах хэрэгтэй.
Зарим тохиолдолд ажлаа хийхдээ сэтгэлээ сэргээхийн тулд Донован чихэвч зүүгээд “Black Sabbath” эсвэл “Iron Maiden” сонсдог байна.
Донован тогтмол аймшигт дүр зургуудыг хардаг ч гэсэн нэг хэргийн газрыг одоо ч зүүдэндээ хардаг. Амьдрал нь дөнгөж эхэлж байсан нэгэн өсвөр насны охиныг оронд нь байхад зэрлэгээр хөнөөсөн хэргийн газар.
Цэвэрлэгчийн маань анхны ажил гэвэл нэгэн хөгшин эр бөөлжсөндөө хахаж үхэн, гэртээ олон хоног байснаас болж бие нь ялзарсныг цэвэрлэх байжээ.
Хэргийн газарт талийгаачийн гэрийнхэн ямар байдалтай байдгийг Донован үе үе хардаг, харин энэ нь маш хүнд үзэгдэл. Цэвэрлэгээ эхлэхийн өмнө гэр бүлийн хүмүүс нь бичиг баримт бүрдүүлж өгөх хэрэгтэй байдаг. Цэвэрлэгээ дууссаны дараа хүмүүс бага ч болов тайвширна. Зарим нь наргих гэж оролдох ч дотнын хүнээ алдсан мэдрэмж үл арилна.
Хар тамхи наймаалагч бүлгүүд ихэвчлэн бүлэглэлийн дүрэм зөрчсөн хүмүүсийг бусдад сануулга болгох зорилгоор хурдны замын гүүрнээс дүүжлэх, цахилгаан хөрөөгөөр толгойг нь тастах, гудамжны голд цогцсыг нь хаях байдлаар хороодог байна. 3-р сард коронавирус тахал дөнгөж эхэлж байх үед Мехико хотод л гэхэд 3000 хүн амины хэрэг болсон аж.
Донован 12 настай байхдаа хамгийн анх хүний цогцос харж байжээ. Явган хүний зам дээр цусан дунд хэвтэх цогцсыг тэр харсан ч айхын оронд цус нь хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласан байна. Цогцсыг авч явсны дараа хэргийн газрыг яадаг болохыг эцэг эхээсээ асуусан ч түүнд хэн ч тодорхой хариулт өгөөгүй аж.
Статистикуудыг судлахын тулд тэр анагаах ухааны ном, сэтгүүл уншиж эхэлсэн бөгөөд санаандгүй байдлаар шүүх эмнэлгийн цэвэрлэгээний тухай нийтлэлийг олсон байна. Карьераа тэр 2000 онд эхлүүлсэн юм.
Донован эхнэр бас 9 настай охинтой. Ажлыг нь тэд хүндэлдэг ба эцэг нь хүүгийнхээ мэргэжлийн ур чадвараар бахархдаг байна. Ажлаа тэр чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар хийдэг. Энэхүү Мексик эр хэргийн газруудыг үргэлжлүүлэн цэвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний нэгэн зэрэгцээ хүн төрөлхтөнд итгэх итгэл үнэмшлээ алдаагүй байгаа юм.
Эх сурвалж: Al Jazeera