Т.Далантай: Хүний ходоодыг баярлуулсан буянтай бизнес эрхэлдгээрээ бахархдаг

Шувуун фабрик хэмээх хотоос холгүйхэн сууринд амьдрал “цэцэглүүлж”, тахианы аж ахуй амжилттай эрхэлж буй ажилсаг энэ эзэгтэйг Т.Далантай гэдэг. Монгол Улсын аварга фермер хэмээх эрхэм алдрын эзэн түүний “Нионшэль” ХХК өдгөө хүн амын өндөгний хэрэгцээний 6.5 хувийг дангаараа хангаж, өдөрт 46 мянган өндөг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж буй. ХААН Банкны сайн харилцагчдын нэг, үндэсний баялаг бүтээгч “Нионшэль” компанийн гүйцэтгэх захирал Т.Далантайтай ярилцлаа.   

Т.Далантай: Хүний ходоодыг баярлуулсан буянтай бизнес эрхэлдгээрээ бахархдаг

- “Нионшэль” гэж нэр ямар утгатай вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

 - Манай компани 2006 онд байгуулагдсан. Хүү минь тэр үед гадаадад сурдаг байсан юм. “Өөрийн гэсэн хувийн компанитай болмоор байна, нэрийг нь өгчихлөө” гэж хэлсэн. Ямар бэлгэдэл, утгатай нэр вэ гэтэл “Английн “Shell” компанийн бүтээгдэхүүнийг Монголдоо оруулж ирнэ” гэж байна. Шэль гэж далайн хясааг хэлдэг. Урд талд нь гэрэлтэх гэсэн утгаар нион гэдэг үгийг нэмж, “Нионшэль” гэж нэрлэсэн юм билээ. Компани байгуулаад эхэндээ “Shell”-ийн тос тосолгооны бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан. Удалгүй үйл ажиллагааны чиглэлээ хүнснийх болгож, өөрчлөн Монголдоо баялаг бүтээе гэж зорьсон. Шувуун фабрик дахь 3 га газар дээрээ үйлдвэр байгуулахаар нэлээд судалсны эцэст тахианы фермээ эхлүүлсэн дээ. Би хүнсний технологич мэргэжилтэй. 30 гаруй жил энэ чиглэлээрээ ажилласан туршлагатай. Тийм ч учраас хүний ходоодонд орох хамгийн чанартай бас амттай бүтээгдэхүүн бэлтгэн хүргэх зорилгоор тахианы ферм байгуулж байлаа.

-Анх хэдэн тахиатай аж ахуйгаа эхлүүлж байв?

-2008 оноос барилгын бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2009 онд үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Анх 5,000 гаруй өндөглөгч тахиатай эхлүүлж байсан бол өнөөдөр 60,000 өндөглөгч тахиа, 30,000 дэгдээхэй үржүүлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Өөрсдийн хүч нөөц бололцоонд түшиглэн, мөн банкнаас жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл авсан. 2014 онд ХААН Банкнаас “Чингис бонд”-ын төслийн зээл авч, бизнесээ өргөжүүлсэн. 2019 онд зээлээ төлж дуусган дахин энэ онд нэмж зээл авч, өргөтгөлийн ажил хийх гэж байна. Бид эрүүл, аюулгүй орчинд, өдөр болгон шинэ өндгийг ард иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна даа.

-Жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд гарааны бизнес эхлүүлэх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хөрөнгө санхүүжилтийн асуудал маш чухал. Энэ тал дээр банк санхүүгийн байгууллагын дэмжлэг хэр их хэрэг болдог вэ?  

-Бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувь хүнд санхүүжилт мэдээж чухал. Үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ өргөжүүлэх гэхчилэн бүхий л зүйлд санхүүжилт шаардлагатай болдог. Би ХААН Банкийг үүсэн байгуулагдсанаас нь хойш буюу Хөдөө аж ахуйн банк нэртэй байхаас нь л хамтарч, харилцсаар өдийг хүрсэн. Харилцагчдадаа түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг, миний хүссэн болгоныг л биелүүлдэг банк даа.  Хувь хүний хувьд ч тэр,  компанийн хувьд ч тэр санхүүгийн бүхий л харилцаа ХААН Банкаар дамжиж ирсэн. Хамгийн гол нь би авсан зээлээ цаг хугацаанд нь, тогтмол төлдөг хүн. Энэ завшааныг ашиглан ХААН Банкны бүх ажилтан, хамт олонд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-“Нионшэль”-ийн өндөг бусдаас юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Хүмүүс өндөг л бол өндөг гэж ярьдаг шүү дээ. Тэр цаг өнгөрсөн. Ямар ч хүнсний бүтээгдэхүүнд чанар хамгийн чухал. Бидний эрхэм зорилго, бусдаас ялгарах давуу тал бол чанарын төлөө явдаг. Тийм ч учраас бид европ стандартыг баримталдаг. Манай өндөг өндөр чанартай гэж бардам хэлдэг шалтгаан бол бид тахиандаа европ, голланд сортын тэжээл идүүлдэг. Тахианы байрнууд маань европ стандартын буюу  Италийн “Tecno”, Германы “Salmet” үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Бид цаашдаа 200 мянган өндөглөгч тахиатай болох зорилт тавин ажиллаж байна.

- Өндөг ер нь хүний биед ямар ач тустай вэ?

- Хүний биед маш хэрэгтэй, тал бүрийн ашиг тустай хүнс. Мах идэхгүйгээр 4-6 ширхэг өндөг идсэн байхад өдөрт авах ёстой бүхий л эрдэс бодис, амин дэм, шим тэжээлүүдээ авч чадна. Тийм учраас л бид чанартай сайн өндөг үйлдвэрлэхээр зорьдог. Манай өндөгнүүд шараад, эсвэл чанаад идсэн ч цаанаа л нэг өөр, уураглаг, маш гоё амттай байдаг.

- Тахианы аж ахуй эрхлэхэд юу хамгийн чухал вэ?

-Энэ төрлийн аж ахуй эрхлэхэд юун түрүүнд эрүүл аюулгүй орчинд сайн чанарын хүнс үйлдвэрлэхийг эрхэмлэх ёстой. Мэдээж хэрэг тахианы аж ахуйд ариун цэвэр, эрүүл аюулгүй орчин, тоног төхөөрөмж, хоол тэжээл, үржил, вакцин, олон улсын стандарт мөрдсөн байх, мэргэжлийн ажилчидтай байх гэхчилэн маш олон шаардлага тавигддаг. Сайн үржлийн дэгдээхэй хэрэгтэй. Бид сайн чанарын үржлийн өндгийг Оросоор дамжуулан авч инкубаторт дарж дэгдээхэй болгодог.

-Танай өндөг дэлгүүр, худалдааны төвүүдэд ямар нэртэй борлуулагддаг вэ. Орон нутагт хүргэлт хийдэг үү?

- Манай өндөгнүүд зах, худалдааны төвүүдээр НАШ гэсэн нэрээр зарагддаг, хэрэглэгчид сайн мэднэ. Улаанбаатарын хүнсний  хэрэгцээг хангахаас гадна 21 аймагт түгээлтээ хийдэг. 300 гаруй харилцагчтай. Өндгөн дээрээ НАШ гэсэн бичигтэй. Улсаас зөвшөөрөгдсөн энэхүү тэмдэглэгээг, он сар өдрийн хамт заавал бичдэг. НШ хоёр үсэг нь “Нионшэль” гэсэн үгийн товчлол. Дундах А үсгийн хувьд гурван хүүхэд минь гурвуул А үсгээр эхэлсэн нэртэй. Гэр бүлийн бизнес учраас хүүхдүүдийнхээ нэрийн эхний үсгийг оруулсан. Манай ач зээ нар ч бүгд А-гаар эхэлсэн нэртэй. Хүний түүх гэж сонин юм. Том охиныг гэдсэнд байхад өвөг аав минь “Миний охин төрүүлсэн хүүхэд болгондоо шувууны нэр өгөөрэй. Чамаас охин төрнө, Алтангарьд гэж нэр өгөөрэй” гэж хэлсэн. Тахианы аж ахуйтай болохыг бэлгэдэж байсан ч юм уу, сонин шүү. 

-Хүүхдүүдээс тань аж ахуйдаа хамгийн их тусалдаг, гол үүрэгтэй нь хэн бэ?

-Ер нь бүгд л оролцдог. Гадаадад байгаа хүүхдүүд минь тоног төхөөрөмж, тэжээл, түүхий эд, европ стандарт мөрдүүлэх гэхчилэн гадаад харилцаагаа хариуцдаг. Дотооддоо илүү оролцож байгаа нь  хүү, бэр хоёр минь. Европ стандартын тоног төхөөрөмжид өсөж байгаа шувуу бусдаас арай өөр шүү. Амьтны эрхийг хамгаалах олон улсын байгууллагаас гаргасан стандартаар нэг торонд 12 шувуу суулгах ёстой гэж заасан байдаг. Харин манайд хамгийн дээд тал нь 9 тахиа нэг торонд бий. Энэ нь хөдөлгөөнд саадгүй чөлөөтэй орчинд өсөж үржихэд нь маш сайн нөлөөтэй.  Хөдөлгөөн сайтай байвал өндөгний чанар сайжирна.

-Том, жижиг өндөг амт чанарын хувьд өөр байдаг гэж үнэн үү?

- Залуу шувуу жижиг өндөг гаргадаг, амт чанарын хувьд илүү сайн, уураглаг гэсэн үг. Тахианы нас ахих тусам өндөгнийх нь диаметр томордог. Гэтэл иргэд эсрэгээрээ, том хэмжээтэйг нь буюу хөгшин шувууны өндөг авах гээд байдаг тал бий. Стандарт сувиллын өндөг л гэхэд 35-40 граммтай байдаг. 

- Коронавирусийн цар тахал, хөл хорионоос үүдэн олон салбарын бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, доголдоод байгаа. Танай салбарт нөлөөлж байна уу?

-Нөлөөлөлгүй яах вэ. Оросоос өндөг хэтэрхий хямд үнэтэй орж ирж байна. Он сар нь нэлээд хуучирсан өндгийг хямд оруулж ирээд хямдхан зарчихдаг. Дор хаяж сар юм уу, сараас илүү хоносон өндгийг иргэд худалдан авч идэж байна гэсэн үг л дээ. Гэтэл манайх өндгөө маргааш нь, зарим тохиолдолд өдөрт нь зах зээлд нийлүүлж байна. Манайх шиг тэжээллэг өндөг Орост ширхэг нь 8-10 рублиэр зарагддаг байх жишээтэй. Гэхдээ манай монголчууд нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, дотоодын бүтээгдэхүүнээ авч хэрэглэдэг болоод байгаа.

- Амжилттай сайн яваа бизнес эрхлэгчдийн ард асар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг шүү дээ. Ажлын тань нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

- Тахиа их эртэч амьтан тул өглөө эрт босно. Манай үйлдвэрийн ажил бүрэн автоматжсан болохоор 08:00 цагт ажил эхэлдэг. 06:00 цагт хэн боссон байх вэ, эзэд л  босно шүү дээ. Өвгөн бид хоёр оффисын ажлаа ч хийнэ, тахианы аж ахуйн ажилдаа ч тус нэмэр болно. Баг хамт олноороо нэгэн зэрэг ажилладаг даа. Дэгдээхэйг өдөрт 8-10 удаа, насанд хүрсэн шувууг өдөрт 6-8 удаагийн давтамжтай хооллодог. Тахианууд өглөө 06:30 цагт сэрж, орой 21:30 цагт буюу тогтмол цагт унтана. Өөрийн бүтээж босгосон бүхнээ харахад урам зориг дүүрэн байдаг. Ард түмний хүнсний хэрэгцээнд өдөр тутам шинэ өндөгнүүдээ хүргэж, хүний ходоодыг баярлуулдаг гэдэг утгаараа  маш сайхан буянтай бизнес шүү дээ. Бизнесээ амжилттай авч явахын тулд мэргэжлийн ажилчдаар багаа бүрдүүлж, маш сайн хамт олонтой байх ёстой. Манай үйлдвэр нийт 23 ажилчинтай. Нийт ажилчдын маань ихэнх нь энэ салбарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай хүмүүс байдаг. Мөн яамнаас энэ төрлийн бизнес эрхлэгч, ажилчдад зориулсан тусгай сургалт семинарууд, мөн ХААИС-д сургалт зохион байгуулдаг. Манай ажилчид ч тус сургалтад өргөнөөр хамрагддаг. Ямагт чанарыг эрхэмлэж, ард түмэн рүүгээ хандсан, үр өгөөжтэй, ээлтэй бизнес хийж байвал тухайн бизнес урт хугацаанд оршин тогтноно. Харин зөвхөн өнөөдрийн ашиг орлого харж хийсэн бизнес урт наслахгүй, хэдхэн жилийн дараа л хумигдаад алга болдог. Иймд стандартын дагуу, цэвэр орчинд хүнсний эрүүл байдлыг бүрэн хангасан, чанартай сайн бүтээгдэхүүн хүргэж үйлчлэх нь бидний эрхэм зорилго юм даа.

 

Сорилтыг хамтын хүчээр...

М.Тэргэл

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.