Хойд Солонгосчуудад хулгайлагдсан япон охины түүх

Төв Японы Нийгата мужийн оршин суугч, 13 настай Мэгүми Ёкота орой сургуулиасаа гэр лүүгээ алхаж явахдаа ул мөргүйгээр алга болжээ. "Бид орхигдсон байшингууд, ой модонд хайсан боловч охины минь ямар ч ул мөр байгаагүй. Энэ бол бидний 41 жилийн шаналлын эхлэл байсан юм." хэмээн охины эцэг эх ярьжээ

Хойд Солонгосчуудад хулгайлагдсан япон охины түүх

43 жилийн өмнө, 11-р сарын 15-ны өдөр япон охин Мэгүми Ёкота гэнэтхэн алга болжээ. 13 настай охин бүрий болж байхад бадминтоны бэлтгэлээ тараад гэр лүүгээ алхаж явсан байна.

Нохойтой цагдаагийн мөрдлөг явуулахад гэрээс нь 100 метрийн зайд түүний ул мөр тасарчээ. Бүрэн хэмжээний эрлийн ажиллагаа, мөрдлөг үргэлжилсэн ч охин олдсонгүй.

1 43 жилийн шаналал

1970-аад оны сүүлчээс 1980-аад оны эхэн хүртэл Хойд Солонгосын төр Япон иргэдийг хулгайлан тагнуулын албанд хэрэгтэй ажлуудыг хүчээр хийлгэдэг байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. 2002 онд болсон Япон ба Хойд Солонгосын анхны уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир үүнийг баталсан билээ. Хулгайлагдсан хүмүүсийн 5 нь гэртээ буцаж ирсэн бол үлдсэн 12 иргэн хаана нь байгааг одоо болтол олж тогтоогоогүй байна. Мэгүми тэдний нэг нь юм.

43 жилийн шаналал

Охины эцэг эх түүнийг алга болохоос 6 сарын өмнө, дөнгөж дунд сургуульд орж байх үеийн зургийг нандигнан хадгалдаг ажээ. Сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн баярын өдөр бие нь муу байсны улмаас оролцож чадаагүй тул хэд хоногийн дараа аав Шигэрүгийн хамтаар тус зургийг авахаар очсон юм. "Би тэр зургийг авах үеэр миний сэтгэл их хөдөлсөн. Охиноо ямар том болсныг нь гайхаж билээ." гэж хэлсэн байна. Шигэрү зургийг авч байхдаа 6-хан сарын дараа цагдаагийн мөрдлөгөд хэрэг болно гэж төсөөлөөгүй биз.

Мэгүмигийн эцэг эх охиноо болон бусад барьцаалагдсан хүмүүсийн сургийг гаргахын төлөө амьдралаа зориулсан. Тэд Япон даяар аялан мянга мянган илтгэлийг тавьсан бөгөөд олон нийтийн дэмжлэгээр л охиноо олох боломжтой гэж итгэжээ.

Мэгүмигийн аав энэ жил 86 нас сүүдрийг зооглож байна. Охиноо алдахын өмнөх өдөр 45 нас хүрч байжээ. Мэгүми түүнд бэлэг болгож сам өгснийг аав нь охиноо олохоор явах бүрдээ өөртөө авч явдаг байв. Одоогоор ноён Шигэрү алхах чадвараа алдсан тул тус ажлаа үргэлжлүүлж чадахгүй, эмнэлэгт хэвтэж байна. Тэрээр орныхоо хажууд охиныхоо зургийг хадгалан, ирэхийг нь хүлээн суугаа ажээ.

Охин хулгайлагдсан өдөр түүний ээж ясны шөл чанаад хүлээж байжээ. 82 настай Сакие нөхрийнхөө адил биеийн байдал нь муу байгаа ба "Мэгүми гэртээ ирвэл, тэр өдөр идэж чадаагүй ясны шөлийг нь хийж өгмөөр байна." гэж хэлжээ. Гэрийнх нь тагтан дээр Мэгүмигийн авсан удамбар мод одоо болтол ургаж байна. Анх авахад 50 см ч хүрэхгүй байсан ургамал одоо ээжээс нь өндөр болжээ. Нас нь явж буй Мэгүмигийн эцэг эхэд цаг бага үлдсэн байна.

"Бид хулгайлагдсан иргэдийг буцаж ирээсэй гэж л хүсэж байна." гэж Сакие хэлжээ. Хэдий охиныг нь булааж авсан ч тэр хоёр Хойд Солонгосыг огт үзэн яддаггүй гэнэ. Тэд зөвхөн охиноо буцааж авахыг хүсэж байгаагаа илэрхийлж, "Бид зүгээр л охиноо буцаад ирэхийг...'Би ирлээ' гэж хэлэхийг л хүлээж байна." гэж хэлжээ.

Энэ хэргийг зохион байгуулсан Ким Чен Ир 2011 онд нас барсан билээ. Мэгүмигийн эцэг эх Хойд Солонгосын төрийн уналтыг хүсдэггүй. Харин шинэ удирдагч хулгайсан иргэдээ суллахыг л хүлээж байгаагаа илэрхийлжээ.

2 Удирдагчийн шийдвэр

Солонгосын хойг дээрх нөхцөл байдал сүүлийн үед өөрчлөгдөж байгаа билээ. 2 жилийн өмнө АНУ болон Хойд Солонгосын ерөнхийлөгчдийн анхны уулзалт болсон. Америк болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид тус асуудлын талаар Ким Жон Унтай ярилцжээ. Японы засгийн газар энэ  нөхцөл байдлыг ашиглан үлдсэн иргэдээ буцааж авахыг хүсч байгаа нь тодорхой.

Япон болон Хойд Солонгосын хооронд болсон уулзалтуудаар хулгайлагдсан иргэдийн тухай олигтой шийдэл гараагүй хэвээр. Пёньяны талаас тус иргэд Хойд Солонгосын тухай нууц мэдээллийг дэлгэнэ гэж эмээж байж магадгүй. Өмнө нь хулгайлагдсан иргэдийг буцааж өгөхдөө ямар ч мэдээллийг дэлгэхгүй гэж тангараг өргүүлсэн байдаг. Нөхцөл байдлаас харахад буцаж ирсэн иргэд болон тэдний гэр бүл тангаргаасаа няцаагүй бололтой.

Удирдагчийн шийдвэр

3 Тэд ямар зорилгоор хулгайлдаг вэ?

1977-с 1983 оны хооронд Японы эргийн бүсэд амьдардаг Мэгүми тэргүүтэй хэд хэдэн иргэн хачирхалтай байдлаар алга болсон байдаг. 2002 онд Японтой хийсэн хэлэлцээрийн хүрээнд Ким Чен Ир 13 иргэнийг нь хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн бол Японы засгийн газар үнэндээ 17 иргэн хулгайлагдсан гэж баталдаг байна.

Удирдагч Ким энэхүү явдалдаа хүлцэл өчиж байсан боловч яах гэж ингэснээ хэзээ ч дэлгэж байсангүй. Шинжээчдийн үздэгээр Хойд Солонгосын нууц алба агентууддаа Японы хэл соёлыг сургах, мөн тэдний бүртгэл мэдээллийг ашиглаж гадаад орнуудаар явуулах зорилготойгоор Япончуудыг хулгайлдаг гэнэ. 

Карнегийн нэрэмжит дэлхийн энх тайвны сангийн Ази дахь төлөөлөгч Жим Шоппын хэлснээр Хойд Солонгосын төрөөс олон япончуудыг өөрсдийн хэл болон соёлын онцлогийг тагнуулуудад заах ажил хүчээр хийлгэж байжээ.

Тэд ямар зорилгоор хулгайлдаг вэ?

Мэгүми 1994 онд амиа хорлосон гэж Хойд Солонгосын талаас мэдэгдсэн боловч 2002 онд Япон руу илгээсэн түүний чандарнаас ДНХ-ийн шинжилгээ авахад түүнийхтэй таараагүй болохыг албаныхан мэдээлжээ. 

Пёньяны мэдэгдлээс үзвэл Мэгүми Хойд Солонгост хүнтэй гэрлэж, охинтой болсон бололтой. Нөхөр нь түүнийг нас барсныг баталж байгаа ч Мэгүмигийн эцэг эх итгээгүй бөгөөд бүх зүйлийг Хойд Солонгосын дэглэм зохиосон гэж үзэж байна.

Эх сурвалж: NHK

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()