1
Голланд - Нидерланд
Голланд гэдэг нь Нидерланд улсын баруун хэсэгт орших мужийн нэр боловч хүмүүс улсыг бүхэлд нь тэгж нэрлэх хандлагатай байдаг. Олон жилийн туршид Голланд нь биеэ үнэлэгчдийн “улаан дэнлүүний гудамж” болон хориотой бодисыг чөлөөтэй олгох боломжтой гэдэг дэлхий даяар алдартай байв. Тиймээс улсын эрх баригчид Голланд гэдэг нэр нь шинэ, эерэг дүр төрхийг бүтээхэд саад болно гэж үзсэн бөгөөд цаашдаа тэд урлаг спортын арга хэмжээнд зөвхөн Нидерланд нэрээр оролцох болсон.
2
Македон - Хойд Македон
2019 оны 2-р сард Македон улс нэрээ Хойд Македон гэж өөрчилсөн юм. Ийнхүү нэрээ өөрчлөх болсон шалтгаан нь Гректэй бараг 30 жилийн туршийн эдийн засгийн ашиг сонирхлын маргаантай байсанд оршино. Учир нь Грек улсын хойд хэсэгт бас нэгэн Македон нэртэй муж байдаг. Грекчүүд тэрхүү түүхэн нутагтай нь ижил нэртэй улс байж болохгүй гэж үзсэн учир Македон улсыг нэрээ өөрчил, эсвэл Европын холбоонд элсүүлэхэд санал өгөхгүй хэмээн сүрдүүлсэн байна. Ингээд олон жилийн маргааныг македончууд эцэслэн шийдвэрлэж, Хойд Македон нэртэй болжээ.
3
Эйре - Ирланд
Ирландчууд 1931-1949 оны хооронд Британийн хамтын нөхөрлөлийн холбоонд багтаж байсан бөгөөд "Ирландын Чөлөөт Улс" нэртэй байв. Гэвч 1937 онд тэд нэрээ Эйре болгон өөрчилсөн байлаа. Ирланд хэлэнд "Ирланд" гэх нэр Эйре гэж бичигддэг аж. Харин 1949 онд Британийн хамтын нөхөрлөлийн холбооноос гарснаар Бүгд найрамдар Ирланд улс гэх нэртэй болсон байна.
4
Сиам - Тайланд
Өвлийн улирлыг Тайландад өнгөрүүлэх дуртай иргэд Тайландыг саяхныг хүртэл өөр нэртэй байсныг мэдэхгүй байх. 1238-1932 оны хооронд хүн бүрийн мэдэх Таиланд нь Сиам нэртэй байжээ. Ингээд Сиамд хувьсгал гарч, үндсэн хуульт хаант засаглал руу шилжсэнээр ийнхүү Тайланд болсон гэнэ.
5
Цейлон - Шри-Ланка
Цейлон арал өмнө нь Британийн хааны эзэмшилд байсан бөгөөд уг арал дээр кофены тариалан голчлон эрхлэхээр шийдсэн байжээ. Гэвч кофены тариалан хортон шавжнаас болж амжилтад хүрсэнгүй. Харин дараа нь цайны мод тарих болсон гэнэ. Шри-Ланка гэх нэрийг авах зам дардан байгаагүй бөгөөд тэд 1971 оны залуучуудын хувьсгал, бослого, шинэ үндсэн хууль батлах зэргийг даван туулах хэрэгтэй болсон юм. Ингээд 1972 онд Цейлон арал Шри-Ланка гэх нэрийг авчээ.
6
Бирм - Мьянмар
Британиас тусгаар тогтнохоос өмнө Мьянмар нь Бирм нэртэй байжээ. 1974 онд уг орон "Социалист Бирмийн Холбооны улс" болсон байна. “Бирм” гэдэг нь хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг үндэстний нэр боловч гадаад гаралтай үг учраас нутгийнхан төдийлөн ашиглах дургүй байв. 1980 онд цэргийн дэглэмт засаглалын үеэр Бирм нь Мьянмарын холбооны улс болсон бөгөөд 2010 онд Холбооны бүгд найрамдах Мьянмар улс болж, төрийн далбаа болон бэлгэ тэмдгээ өөрчилсөн байна.
7
Заир - Конго
1960 онд Конго нь Бельгийн колони улс байхаа болж, тусгаар тогтнон, Бүгд найрамдах Конго улс болсон байна. Удалгүй төрийн эргэлт болж, дарангуйлагч Мобуту төрийн эрхийг гартаа аван Конго нэрийг Заир болгож, улсын нийслэл болох Леопольдвилийг Киншаса болгож өөрчилсөн аж. Гэхдээ 1997 онд дарангуйллын засаглал үгүй болсноор энэхүү улс БН Ардчилсан Конго нэртэй болжээ.
8
Хижаз - Саудын Араб
Орчин үед Хижаз бол Саудын Арабын бүрэлдэхүүн хэсэгт багтах нутгийн нэг юм. Энэхүү түүхэн газарт Исламын шашин үүссэн гэх домог бий. 1925 онд Неждийн Хаант улс Хижазыг эзлэн авч, Нежд ба Хижаз гэх шинэ улс үүссэн байна. 1932 оноос төрийн эрх баригч Саудит удмынхан улсынхаа нэрийг одоогийн Саудын Араб болгон өөрчилжээ.
9
Кампуч - Камбож
Өнгөрсөн зуунд энэхүү улсын нэр 5 удаа өөрчлөгдөж байжээ. Энэ нь төрийн эрх баригчид үргэлж солигдож байсантай холбоотой аж. Лон Нол төрийн тэргүүн байх үед уг улсыг Кхмер хэмээн нэрлэж байсан бол 5 жилийн дараа Лоныг огцроход улсын нэр Ардчилсан Кампучье, 4 жилийн БН Кампуч Ард Улс, 10 жилийн дараа Камбож нэртэй болсон байна. Харин 1993 онд Камбожийн хаант улс хэмээн тусгаар тогтнох үеийн нэрээ эргүүлэн авсан аж.