Коронавирусээс сэргийлэх аргыг олсон Унгар эмчийн гунигт түүх

1847 онд Венийн жирийн л нэг төрөх эмнэлэгт доктор Земмелвейс гэдэг хүн ажилладаг байжээ. Энэ төрөх байр нь бусдаас ялгарах юмгүй, хүүхдээ төрүүлж байгаа эхчүүд болон дөнгөж төрсөн нялх хүүхдүүд нь янз бүрийн халдвараас болж үхэж эндэх нь цөөнгүй тийм л газар байв. XIX зууны үед энэ нь хэвийн явдал байсан бөгөөд хэрвээ Земмелвейс докторын ажигч зан чанар байгаагүй бол энэ байдал хэр удаан үргэлжлэх байсныг таах аргагүй юм.

Коронавирусээс сэргийлэх аргыг олсон Унгар эмчийн гунигт түүх

Игнац Земмельвейс нь ажлын төлөө хүний төлөө төрсөн хүн байсан ба хийж байгаа жил, эмчлэгдэж байгаа хүний байдал, өөрчлөлтийн тухай тодорхой тэмдэглэл хөтлөн ажиглалт явуулдаг байв. Ийм хүний нүд нь төрөх байрны 1-р хэсэгт илүү олон тооны эх үрсийн эндэгдэл болдгийг ялгаж харах хэцүү биш байжээ. Чухам яагаад ийм юм болж байгаагийн учрыг олох гэж доктор ихээхэн хичээж, хичээсний үр дүнд шалтгааныг нь ч олжээ.  Төрөх байрны 1-р хэсэгт анагаах ухааны сургуулийн олон оюутнууд дадлага хийдэг байсан ба тэд нар нь заримдаа хүүр хадгалах газарт задлан шинжилгээ хийснийхээ дараа энэ байранд ирж ажилладаг байж.

Тэд ямар нэг халдвар авчран нялх үр, хөнгөрч ядарсан эхчүүдэд тарааж байгаа нь ойлгомжтой болсон учир Земмелвейс нь 1847 оны 5-р сараас эхлэн төрөх өрөөнд орох хүн болгоныг гараа хлорын уусмал бүхий усаар сайтар угааж байж л ордог болохыг шаардаж эхэлсэн байна. Үүний үр дүн ч хурдан тодорсон ба тус төрөх хэсэгт гарах үхэл 18,27% байсан бол шинэ зарчим хэрэгжиж эхэлснээс хойш 1,27% хүртэл буурчээ.

Энгийн энэ халдваргүйжүүлэлт нь тухайн үедээ ер бусын их үр дүнд хүрсэн бөгөөд Земмелвейсийн төрөх байранд заримдаа ганц ч хүн үхэхгүй байх сарууд цөөнгүй тохиолдож байлаа. Доктор ч энэ мэдээллийг олон мэргэжил нөхдөдөө хүргэж, мянга мянган хүний амийг аврахаар шийдсэн байна. Харамсалтай нь түүний энэ санааг дэмжсэнгүй төдийгүй бүр эсэргүүцэн дайрч эхэлжээ.

Одоо доктор маань янз бүрийн шүүмжлэл, доромжлолын бай болсон бөгөөд гар угааснаар үхэл буурдаг тухай шинжлэх ухааны нийтлэл бичих эрхийг нь хаасан төдийгүй удалгүй анагаах ухааны нэр хүндтэй олон хүний нөлөөгөөр эмчийг бүр ажлаас нь халсан  байна.

Гэсэн хэдий ч Земмелвейс нь бууж өгөлгүй төрсөн хот болох Будапештад ирэн ариутгал, халдваргүйжүүлэхийн тухай олон түмэнд сурталчилгаа хийж эхэллээ. Оюунууд болон том эмч нарын янз бүрийн уулзалтад оролцож, лекц уншиж, ариутгалын тухай их ярьсан боловч түүнийг үзэн ядах хүмүүс улам бүр их болсоор байсан гэдэг. Хэдийгээр гараа угаах, ариутгал хийх нь ямар үр дүнтэй байж болохыг олон статистик харуулж байсан ч түүний энэ аргыг хэрэглэх хүн байхгүйгээс болж төрөх үеийн эндэгдэл асар их хэвээр байлаа.

Игнац Земмельвейсийн хамтран зүтгэгч Германы мэс засалч Густав Михаэлис нь энэ бүхнийг тэвчиж чадалгүй амиа хорлосон бөгөөд түүний ойрын хүн нь халдвараас болж нас барсны дараа тэрээр ийн шийдсэн гэдэг. Уг нь тэр хүний амийг аврахын тулд ердөө л халдвар тараахгүй байх хамгийн анхан шатны арга хэмжээ авахад л болох байсан юм гэнэ лээ.

Удалгүй Земмельвейсд ч хэцүү цаг үе эхэлжээ. Түүний гэр бүлийн эмч болох Янош Баласс нь Земмелвейсийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн хуурамч дүгнэлт гаргасан ба түүнийхээр бол энэ хүн зөвхөн сэтгэцийн эмнэлэгт байж таарах хүн юм байж.

Элдэв шуугиан чимээ болж магадгүй гэж айсан хүмүүс доктор Земмелвейийг хуурахаар шийдэн Вена дахь Деблингийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очиж үзлэг хийж өгнө үү гэсэн урилга явуулаад, хүнд туслах гэсэн докторыг эмнэлэгт оронгуут эмч сувилагч нар барьж аван номхруулах цамц өмсгөсөн байна.

Дараа нь харанхуй өрөөнд хорьж, янз бүрийн тайвшруулах, мансууруулах эм тарьж байсан бөгөөд 2 долоо хоногийн дараа өндөр настай болсон доктор маань энэ бүхнийг дийлэлгүй нас баржээ. Зарим нэг нь энэ докторыг өрсөлдөгч нарынх нь захиалгаар зодсоор байгаад алсан гэх нь ч бий.

Докторын үхлийн дараа халдваргүйжүүлэх аргын тухай бараг 20-иод жил таг чимээгүй болсон гэдэг. Тэр үед энэ аргыг хэрэглэж эхэлсэн бол чухам хичнээн мянган хүний амийг аврах байсныг одоо тооцох боломжгүй юм. Гэсэн ч хөгжил гэдэг зогсошгүй зүйл бөгөөд ямар ч эсэргүүцэл тулгарч байсан давдаг ёсоор одоо анагаах ухаанд ариутгал халдваргүйжүүлэх гэдэг нь хамгийн чухал зүйлийн нэг болсон билээ.

Одоо гараа болон байнга хэрэглэх эд зүйлээ ариутгах нь коронавирусийн эсрэг тэмцэх үндсэн аргын нэг болж байна. Халдвар судлаачид нь гараа сайтар угааж, ариутгагч хэрэглэх, гадуур бээлийтэй явах зэрэг нь халдвар авах магадлалыг олон дахин бууруулж байгааг анхааруулж байгаа билээ.

Тийм учраас 1865 онд өөрийн үзэл бодлынхоо төлөө амиа алдсан доктор Игнац Земмелвейсийг коронвирусийн эсрэг үйлчилгээтэй хэрэгсэл гаргаж авсан анхны хүн гэж хэлж болох ба одоогоор чухам энэ арга нь л бодитоор сайн үр нөлөө үзүүлж байгаа нь тодорхой байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()