Эрдэмтэд одоог хүртэл Мулан гэх охин бодитоор оршиж байсан эсэхэд эргэлзэж байгаа. Муланы тухай зохиол VI зууны үед бичигдсан ч анхны хувилбар нь хадгалагдаж үлдээүй. Харин бидний мэдэх Муланы түүхийг ХI зуунд Го Маоцян бичжээ. Ингээд Мин улсын үед зохиолч Сюй Вэй сүүлийн хувилбарын дагуу “Мулан охин” нэртэй хоёр хэсэгтэй жүжгийг хааны гэр бүлд зориулж театрт тгаргажээ. Зохиолд эцгийнхээ оронд варваруудын эсрэг дайнд Хятад улсаас явж буй охины тухай өгүүлнэ. Тухайн үед өрх гэр бүр нэг дайчин гаргах ёстой байсан бөгөөд Мулан эрэгтэй хүнээс дутахааргүй тулалдаж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ.
Сюй Вэй-ийн найруулгын дагуу бол Мулан гэнэтхэн дайнд явдаггүй. Дайнд явахын өмнө олон жилийн турш бэлтгэл сургуулилт хийж, тулааны урлагт суралцах хэрэгтэй байсан бөгөөд түүний дасгалжуулагч нь аав нь байж. Аав нь нас хэдий өндөрт гарсан ч хэд хэдэн тулаанд ялалт байгуулж байжээ. Анхны тулаанд явахдаа Мулан: "Миний морь намайг ялалт байгуулахад туслахын тулд хурдлан давхих болно. Түүн дээр мордсон цагт надаас илүү үзэсгэлэнтэй хүн энэ дэлхий дээр үгүй” гэжээ. Харин XVI зууны үеийн зохиол дээр нэгэн хачирхалтай үе гарна. Дайнд явахын өмнө бүсгүй хөлнийхөө боолтыг тайлах бөгөөд энэ нь бусад хүмүүст ойлгомжгүй санагддаг. Учир нь эрт дээр үед Хятад иргэд охидынхоо тавхайг жижиг болгохын тулд боодог байсан билээ.
Ийнхүү тавхайг боож бүсгүйчүүдийг эрэмдэг болгож байсан бөгөөд тэд хурдан алхах боломжгүй байсан учир эрчүүдээс бүрэн хамааралтай болдог байжээ. Хятадуудын хувьд жижиг хөлийн тавхайтай байх нь эмэгтэйлэг, мэдрэмтгий, эмзэг байдлын бэлгэ тэмдэг болж байсан учир эрэмдэг болсон эмэгтэй дайнд явах нь юу л бол.
Түүх судлаачид энэхүү үл ойлголцлыг "тавхай боох заншил Муланаас хойно үүссэн" гэж тайлбарлаж байгаа. Сюй Вэй өөрийн зохиолыг бичиж эхлэх үед энэ нь илүү алдартай болж байсан гэнэ. XVI зууны үед хөлийнхөө тавхайг боолгоогүй эмэгтэй хоёр дугаар ангилалын бүсгүйн тоонд багтдаг байжээ. Урлаг судлаачдын үзэж байгаагаар зохиолд гарах хөлнийхөө боолтыг авч байгаа нь зохиолын эротик хэсэг гэнэ. Бусдын нүднээс далд нуусан бяцхан хөлийн тавхай хятадын ихэнх эрчүүдийн хувьд сексийн дур хүслийг нь хөдөлгөдөг зүйл байсан бол эмэгтэйчүүдийн хувьд өөрийн үнэ цэнэтэй байдлын илэрхийлэл болж байжээ.
Диснейн хүүхэлдэйн кинонд Мулан айлын ганц охин байдаг. Харин зохиолд Мулан доороо нэг эрэгтэй дүү, дээрээ нэг эгчтэй гэнэ. Гэвч эрэгтэй дүү нь гартаа зэвсэг барихад хэтэрхий жаахан, харин аав нь хэтэрхий хөгшин байсан учир дайнд алдарт Мулан явжээ. Эцэг эхийнхээ гэрийг орхихын өмнө тэр:
"Оюун ухааны хувьд ухаалаг, бие махбодын хувьд хөгжил сайтай хүүхэд билээ би. Аавынхаа хамтаар би сонгодог уран зохиол, тулааны урлаг судалж байсан учир одоо түүнд хариуг нь барих цаг боллоо" гэжээ.
Ингээд тэрээр зах явж, дайнд явахад шаардлагатай зүйлс болох морь, эмээл, хуяг болон бусад аян замд хэрэгцээтэй зүйлсийг худалдаж авдаг байна. Охиноо явахын өмнө ээж нь түүнд зүү утас өгдөг бөгөөд энэ нь хэдийгээр дайнд явсан ч эмэгтэй хүн гэдгээ мартаж болохгүй гэдгийг бэлгэдсэн аж.
Хүүхэлдэйн кинон дээр Мулан үсээ тайрдаг бол бодит Мулан хэзээ ч тийм алхам хийхгүй байх байсан болов уу. Тухайн үед Хятадад урт үс нь зөв хүмүүжилтэй, боловсон хүнийг илэрхийлдэг байсан бөгөөд энэ нь хүйстэй огт хамаагүй аж. Бусад хүмүүсээс ялгахын тулд зөвхөн гэмт хэрэгтнүүдийн үсийг л богино тайрч байсан гэнэ. Үүнээс гадна лам нарын үсийг хусдаг байжээ.
Домгоос харахад, Мулан 12 жилийн турш эрчүүдтэй мөр зэрэгцэж тулалдаж байсан бөгөөд хэн ч түүний энэхүү нууцыг дэлгээгүй гэнэ. Охины ээж дайн дуусах үед охины талаар бүх зүйл ил болно гэхээс маш их айж байжээ. Гэхдээ цэргүүд бие засах бүртээ нуугддаг хачирхалтай, бяцхан цэргийг төдийлөн анзаардаггүй байсан аж. Тэд бяцхан цэргийн ичимхий байдлыг үргэлж шоглодог байсан гэнэ.
Дайтаж байх хугацаандаа Мулан цэргийн офицер Цзинь Юнд дурладаг байна. Тэрээр дайчдынхаа нэгийг эмэгтэй болохыг мэдээд уурлаагүй бөгөөд тэд хамтдаа тулалдсаар л байсан юм. Цзинь бүсгүйн нууцыг чандлан хадгалж, түүнд яг л эрэгтэй дайчдад хандаж байгаа мэтээр ханддаг байсан гэнэ.
Бас нэгэн домог дээр Мулан өөр нэгэн эмэгтэй дайчин бүсгүй болох гүнж Доу Сяньнянд барьцаалагддаг гэх хэсэг бий. Тэрээр Мулантай яг л жинхэнэ варвар мэтээр ханддаг бөгөөд эцэг эхтэй нь уулзуулсан тохиолдолд гүнжийн талд ороход бэлэн байгаагаа хэлдэг аж.
Хүйтэн, хатуу сэтгэлтэй Доу Сяньняны сэтгэлийг эцэг эхдээ хайртай Мулан ихээр хөдөлгөсөн бөгөөд тэрээр хойд зүгийн хүмүүстэй уулзана гэж санаагүй байсан гэнэ. Гүнж Муланыг чөлөөлж тэд сайн найзууд болдог аж. Харамсалтай нь Хятадын Жанне Д’Арк-ийн түүх зохиол бүр дээр гунигтайгаар төгсдөг. Муланыг дайнаа дуусгаж гэртээ ирэх үед түүний хөгшин эцэг нь нас барсан байдаг юм.
Удаан хугацаанд дайтсаны дараа Мулан энгийн тариачин амьдралдаа дасан зохицож чадахгүй байсан бөгөөд тэрээр дайны үеийн цус, хүчирхийллийг үргэлж санадаг байв. Үүнийг давж чадаагүй бүсгүй амиа хорлодог байна. Зохиол бүрт амиа хорлох шалтгааныг өөрөөр тайлбарлажээ. Жишээлбэл:Түүнийг хүчээр нөхөрт гаргах гэж байгаа нь таалагдаагүй учир тэр амиа хорлосон гэнэ. Эсвэл өөрийн удирдагчиддаа үнэнч болохоо илэрхийлж амиа хорлосон гэх мэт.
Гэхдээ л Мулан гэх дайчин охин бодит байдал дээр амьдарч байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд эрт дээр үеийн түүхэн тэмдэглэлүүдэд түүний талаар огт дурдаагүй байдаг аж. Энэхүү уран зохиолын дүрийг IV—V зууны үед ухуулгын зорилготойгоор зохиосон байх магадлалтай.
Тэр үед Хятадад маш олон дайн тулаан болж байсан учир эрчүүдийг зэвсгээ аваад, дайнд яв гэсэн утгатай түлхэх хүчийг өгөх хэрэгтэй байсан гэнэ. Дайнд явсан бяцхан эмэгтэй эрчүүдийн түлхэх хүч болж чадахгүй гэж үү? Тухайн үед энэхүү арга гайхалтай үр дүнтэй байсан бөгөөд орчин үед ч багагүй амжилт дагуулж байгаа юм шүү.