1
Далайн морь
Далайн морины хувьд эмэгчин нь бус харин эрэгчин нь үр зулзагаа тээж төрүүлдгийг та мэдэх байх. Эрэгчин далайн морины биед эмэгтэйн өндгөн эс орж, үр тогтолт явагддаг тусгай уутанцар байдаг аж. Харин төрөх үед эрэгчин далайн морьд өвдөлт, базлалтыг хүртэл мэдэрдэг гэнэ шүү. Дэлхий дээр далайн морины төрлийн 230 гаруй загас байдаг бөгөөл тэдгээр нь бүгд төрөлтийн үйл явцыг эрэгчиндээ даатгадаг байна.
2
Мэлхий, бах
Эр мэлхийнүүд шанаган хорхойнуудаа өстөл нь амандаа хадгалдаг бөгөөд энэ хооронд хоол идэхээс татгалздаг байна. Харин зарим мэлхийнүүд сарвуу болон нуруун дээрээ үр зулзагаа өсгөдөг аж. Зарим төрлийн мэлхийнд зулзагаа тээх уутанцар хүртэл байдаг гэнэ.
3
Якана шувуу
Халуун орны Якана шувуугийн эрэгчин нь дэлхий дээрх хамгийн шилдэг аавууд юм. Тэд өөрсдөө үүрээ засаж, өндгөө дардаг байна. Харин ээж нь юу хийдэг юм бэ гэж та бодож байна уу? Тэд бусад эрэгтэй яканад сээтэн хаяж, эвцэлдээнд орох л үүрэгтэй гэнэ. Үүнээс гадна нэг эмэгчин якана маш олон эрэгчинтэй эвцэлддэг тул өөрийнхөө бус өндгийг дарах магадлал эрэгчингүүдийн хувьд 75% байдаг аж.
4
Хаан оцон шувуу
Бас нэгэн шилдэг аав бол хаан оцон шувууд юм. Эмэгчин оцон шувууны хувьд өндөг гаргах гэдэг маш хүндрэлтэй, их эрч хүч зарцуулсан ажил байдаг учир өндгөө гаргасныхаа дараа тэд хооллох, эрч хүчээ сэлбэхийн тулд хэдэн сарын турш далай руу явдаг байна. Тиймээс аав оцон шувуу өндөг дарах, асарч тойлох ажлыг гүйцэтгэдэг аж.
Өвлийн улиралд Антарктидад салхины хурд 190 км\цаг, температур -50 градуст хүрдэг хэдий ч эр оцон шувуу бүхий л өвлийн туршид хооллохгүйгээр өндгөө дулаацуулдаг гэнэ. Байрнаасаа хөдлөх л юм бол өндөг хагарах, эсвэл бага даралтын нөлөөлөлд автах магадлалтай. Хэрвээ цаг агаарын байдал эрс муудаж байвал оцон шувууд бөөнөөрөө цуглаж тойрог үүсгээд өндгөө хамгаалдаг байна. Заримдаа 1 кв.м талбайд 10 оцон шувуу суух нь бий. Хүйтэн уур амьсгалын улмаас өндөг маш удаан өсөж, өндөг дарах хугацаа 100 хоног хүртэл үргэлжлэх магадлалтай. Харин ээж нь ихэнхдээ өндгөө хагарсны дараа "нөхрийнхөө" хоолойгоор гэр бүлээ олж ирдэг байна.
5
Чоно
Чоно бол үнэнч хайрын бэлгэдэл болсон амьтад бөгөөд тэд үхэн үхтлээ хамт байдаг гэдэг. Эр чоно маш халамжтай. Гичий чоно нь өөрийн бэлтрэгүүдийг том болох хүртэл орхиж явдаггүй учир эр нь хоол тэжээлийн асуудлыг шийдвэрлэдэг байна. Тэд хэзээ ч бэлтрэгнээсээ хоолоо харамладаггүй бөгөөд өсөж том болсны дараа бага багаар чонон сүрэгт оруулж, харин өөрөө алсаас ажигладаг аж.
6
Сармагчин
Эмэгчин сармагчин үр зулзагаа тээж төрүүлэхэд маш их хүч хөдөлмөр зарцуулдаг учир төрснийхөө дараа моншнуудаа огтхон ч анхаардаггүй байна. Өөрөөр хэлбэл, 50кг жинтэй эмэгтэй 14кг-тэй хүүхэд төрүүлсэнтэй дүйцэхүйц хүч хөдөлмөр гардаг гэнэ. Тиймээс төрсний дараа эрэгчин нь моншоо асардаг гэнэ. Үүнээс гадна тэд эмэгчин сармагчингаа төрөх үед хүйг нь таслах ажлыг хийдэг аж.