Брунейн Султан хааны хэрээс хэтэрсэн тансаг амьдрал

Асар том ордон, хувийн нисэх бааз, мянга мянган үнэтэй машинаар дүүрэн гараж - энэ бол үлгэр биш харин Брунейн Султаны тоолж барамгүй их баялгийн нэг хэсэг юм. Тэрээр энэ дэлхийн хамгийн баян хаадуудын 2-т бичигддэг, зөвхөн алтан тавагнаас хоол иддэгээрээ алдартай нэгэн. Асар өндөр үнээр үсээ засуулахаас эхлээд алтаар хучсан машин хөглөглөх гээд түүний тансаглалд хязгаар үгүй. 

Брунейн Султан хааны хэрээс хэтэрсэн тансаг амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүний хөрөнгийг 18 тэрбум доллар гэж тооцдог ба хамгийн баян хаадын жагсаалтад Таиландын хааны дараа буюу 2-т бичигддэг байна. 2019 оны эхээр Брунейд албан ёсоор шариатын хуулийг хэрэглэх болсон нь түүнийг  ижил хүйстнүүдийг хамгийн ихээр үзэн ядагч хүмүүсийн нэг гэдгийг харуулсан юм. Одоо тус улсад ижил хүйстнүүдийг шариатын хуулийн дагуу чулуугаар цохиж шийтгэдэг болжээ.

Брунейд мөрдөгддөг уг харгис хуулиар хулгай хийсэн хүний гар хөлийг тастдаг, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг бургасаар болон бусад зүйлсээр ороолгон зодох ял оноодог байна.

Энэ зэрлэг явдлуудыг дэлхий дахинд олон улс орон эсэргүүцэж байгаа бөгөөд жишээ нь Жорж Клуни нь Брунейн султаныг эсэргүүцэж түүнд хамаарах зочид буудалд хэзээ ч буухгүй гэж хэлсэн байдаг. Гэхдээ энэ бүхэн нь султаны асар их хөрөнгөнд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй бөгөөд энэ хүний хөрөнгө секунд тутамд 100 доллараар өсөж байдаг нь нефтийн орлогоос хамааралтай гэсэн үг.

Нефтээр баян энэ улсыг 72 настай Хассанал Болкиах удирдаад 52 жилийн нүүрийг үзэж байна. Тэрээр дэлхийн бусад улсын хаад ноёдтой олонтаа уулзаж байсан бөгөөд тэдгээрийн тоонд Их Британийн хатан хаан Елизабет II болон хан хүү Филипп нарыг дурдаж болно.

Тэрбээр нь үнэтэй автомашинд дуртай гэдгээрээ алдартай ба зарим машин нь 10 сая долларын үнэтэй. Мөн машинаас гадна маш баян тансаг орд харшын цуглуулгатай гэмээр энэ хүн нь  цэвэр алтаар гоёж гангалсан хувийн онгоцоор нисдэг хүн юм.

Тэрээр өөрийн үсчиндээ 22000 доллар нэг удаагийн үс засалтын төлбөр болгон өгөх бөгөөд энэ үсчин нь Брунейд биш хилийн чанадад амьдардаг учир султан үсээ засуулах гэж өөрөө нисэн очдог байна.

Брунейн султан хурим найр хийх дуртай нэгэн. Тэрээр гурван удаа хурим хийдээ тус бүрд нь олон саяыг зарцуулсан билээ.1965 онд залуу хаан  Пенгиран Анак Салехе хэмээх ойрын хамаатан эмэгтэйтэй гэр бүл болж 6 хүүхэдтэй болсны нэг нь түүний хаан ширээг залгамжлах  Аль-Мухтади ханхүү юм.

Брунейд олон эхнэртэй байж болох учир султан дахин эхнэр авсан бөгөөд анхны эхнэр Анак Салехе нь хааны хатан цолыг ганцаараа эзэмшинэ.

Султан өөрийн хоёр дахь эхнэр Мариам Абдул Азизтай нисэх онгоцны үйлчлэгч хийж байхад нь танилцаад 1982 онд хуримаа хийжээ.

2003 онд тэд салж, Мариам болон түүнээс гарсан дөрвөн хүүхдийг зэргээс нь буулгасан байна.

Султаны сүүлийн эхнэр нь сэтгүүлч, телевизийн нэвтрүүлэгч Азриназ Мазхар болж хоёр хүүхэд төрүүлж өгсөн юм. Гэхдээ энэ хоёр мөн л удалгүй буюу 2010 онд бас салсан гэдэг.

Брунейн султан 12 хүүхэдтэй боловч өөрийн үр хүүхдийн гэр бүл болох асуудалд маш их анхаарч, өндөр шаардлага тавьдаг байна. Өөрийн 5 хүүхдийн хуримыг долоо хоног болгон дараалан хийж тус болгонд нь 5 сая долларын зарлага гаргаж байжээ.

Султаны том хүү, хаан ширээ залгамжлагч ханхүү нь 17 настай Саре Саллехтай хурим хийх үед сүйт бүсгүй нь тэр чигээрээ алтан өсгий бүхий  үнэт чулуу шигтгэсэн гутлаар гоёсон гэдэг. Харин том охиныхоо буюу Рашид гүнжийн хурим дээр Уитни Хьюстоныг авчран дуулуулсан байна. Султан дуучин бүсгүйд 5,5 сая доллар төлсөн гэдэг.

Гэхдээ энэ бүхэн нь Султаны 50 насны ойг хийсэн 1996 оны үйл явдлын хажууд тийм ч сүртэй тансаглал биш. Тэрээр 50 насны ойн баяраа тэмдэглэхийн тулд 25 сая доллар зарцуулсан бөгөөдёслолын үеэр пологийн тэмцээн болж, 3000 хүний хүлээн авалт хийж, үнэт дарс болон оргилуун дарсаар дайлж, жинхэнэ тансаг найр наадам болсон юм. Дараа нь хүн болгонд ёслолын дурсгал болгож алтаар хийсэн тэмдэг бэлэглэж байжээ. 

Энэхүү ёслолдоо Майкл Жексоныг авчран гурван удаагийн тоглолт хийлгэж үүнийхээ төлөө 15 сая доллар төлсөн байна.

Брунейн 29-р султан нь Инстан Нурул Иман хэмээх ордонд амьдардаг. Энэ бол дэлхий дээрх хамгийн том хааны ордон бөгөөд 2 жилийн турш баригдсан тухайн барилгын зардалд 1 тэрбум доллар зарцуулжээ. Энэхүү ордон нь 1788 өрөө, 257 ариун цэврийн өрөөтэй гэнэ.

Ордон дотор алт үнэт чулуугаар гоёж чимсэн зүйл алхам тутам таарах ба ордны харьяаны газарт 5 усан сан, 5000 хүн хүлээн авах ёслолын танхим, 1500 хүний сүм зэрэг бий.

200 гаруй адуу ч тансаг сайхан амьдрах бөгөөд тэдний жүчээнд агаар сэрүүцүүлэгч төхөөрөмж ажиллаж байдаг гэлцдэг. Брунейн султан нь Лондонд мөн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд энэ нь Рижентс парк дахь St John’s Lodge гэсэн нэртэй цогцолбор барилга юм. Энэ хоорондоо холбоо бүхий гурван барилга нь Лондоны хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө хэмээн тооцогддог билээ. 1994 онд энэ цогцолборыг 40 сая доллараар худалдан авч байсан бол одоо үнэ нь 110 сая болжээ. 

Мөн Австрали болон АНУ-ын Лас-Вегас, Лос Анжелес хотуудад ч үл хөдлөх хөрөнгө бий. Султан нь их өгөөмөр хүн учир өөрийн ойр дотнын хүмүүс болон  хамаатан садандаа саяар тоологдох үнэтэй үл хөдлөх хөрөнгийг байнга бэлгэлдэг гэдэг.

Брунейн султаны автомашины цуглуулгын үнэ нь ойролцоогоор 5 тэрбум доллар хүрнэ. Түүний 7000 гаруй үнэтэй машинууд дотор 500  Mercedes, 450 Ferrari, 380 Bentley, 100 давсан Koenigsegg, 21 Lamborghini, 11 Aston Martin, 179 Jaguar, 600 Rolls Royce болон 209 BMW бий.

Эдгээрийн дотроос хамгийн үнэтэй нь дан алтаар чимэглэгдсэн Silver Spur Limo юм. Энэ машиныг зөвхөн хааны гэр бүлийнхний хуримын ёслолд л хэрэглэдэг байна.

Султаны олон нисэх онгоцны хамгийн тансаг нь цэвэр алт, үнэт чулуугаар чимэглэгдсэн, зочны болон унтлагын өрөөтэй Boeing 747 юм. Уг онгоц дахь ариун цэврийн өрөөний угаалтуур нь л гэхэд дан алт байдаг бөгөөд үнэ нь 233 сая доллар хүрнэ.

Хааны энэ их тансаг эд хэрэглэлийг хянаж, удирдан зохицуулж байдаг хоёр ажилтан сард  7 сая долларын цалин авдаг байна.

Шижир алтан сандал дээр суух хэмжээний баян тансаг амьдарна гэдэг жирийн хүмүүсийн хувьд үлгэр мэт л санагдана. Харин Брунейн Султаны хувьд энэ зүгээр л энгийн өдөр тутмын амьдрал нь гэж бодохоор энгийн хүний хувьд төсөөлөхөд ч бэрх юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()