Венесуэль дэх "босоо" ядуусын хорооллын амьдрал

2020-03-20, 13:07
9,895

Дэлхий даяар олон төрлийн ядуусын хороолол байдгаас хамгийн алдартай нь Коулун хэмээх эмх замбараагүй, гэмт хэргийн оромж болсон газар бий. Түүнчлэн Кенийн "кибера" хорооллыг ч энд дурдаж болох ба 2 сая хүртэлх оршин суугчтай маш том ядуусын хороолол гэдэг. Харин эдгээрээс арай өөр нэг төрөл байдаг нь "босоо ядуусын хороолол"  бөгөөд баригдаж дуусаагүй орхигдсон өндөр барилгад ядуус олноороо амьдардаг байна. Үүний сонгодог жишээ болох Венесуэлийн "Torre de David" ядуусын хорооллын тухай мэдээллийг хүргэе. 

Венесуэль дэх "босоо" ядуусын хорооллын амьдрал

1 "Дэвидийн цамхаг" баригдсан түүх

1980-1990-ээд оны үед Венесуэл улс Өмнөд Америкийн хурдтай хөгжиж буй орнуудын нэг байлаа. Эдийн засгийн өсөлтийг даган дэд бүтэц, барилгын салбар хөгждөг зарчмаар тус улсад олон тооны өндөр барилгууд шинээр баригдаж эхэлсэн юм. Худалдааны төв, оффисын зориулалттай тэдгээр өндөр барилгуудын нэг нь 45 давхар "Torre de David" байлаа. Каракасын төвд орших энэхүү тэнгэр баганадсан өндөр барилгын зураг төслийг Дэвид Бриллембург (David Brillemburg) гаргаж өөрийнхөө нэрээр нэрлэжээ. 

"Дэвидийн цамхаг" баригдсан түүх

1993 онд Дэвид нас барж, жилийн дараа тус улсад эдийн засгийн хямрал болжээ. Баригдаж дуусаагүй энэ барилгыг худалдах гэж оролдсон боловч авах хүн байсангүй. Дараа нь ардчилсан сонгуулиар Чавес засгийн эрхэнд гарч улс даяар үндсэрхэг үзэл газар авсан нь энэхүү барилгыг тойроогүй юм. Барилгыг гүйцээн барих хөрөнгө мөнгө улсад байгаагүй учир тэр чигээр нь орхиж, 2001 онд дахин зарах гэхэд мөн л худалдан авах хүн байсангүй. Улс оронд ийм барилга авах мөнгөтэй хүн байгаагүй бол гадны хөрөнгө оруулагч нар хэзээ нэгэн цагт улс хураан авах магадлалтай ийм байрыг худалдаж авах хүсэлгүй байлаа. 

2 Орох оронтой болсон нь

Улс оронд эдийн засгийн хямрал болох үед гадаад дотоод шилжих хөдөлгөөний урсгал нэмэгддэг. Нэг хэсэг нь илүү баян чинээлэг Бразил, Колумб зэрэг улс руу цагаачилсан бол хөдөө орон нутгаас ядуус хотыг зорьж байлаа. Боливийн Бүгд Найрамдах Улс нэртэй болсон Венесуэлийн засгийн газар ядуусаа амьдрах орон байраар хангахыг хичээж байсан ч тэр олон хүнийг бүгдийг нь хангах боломж байсангүй. Тухайн үед Өмнөд Америкт тогтоод байсан социализмыг "Боливаризм" хэмээн нэрийдэж байсан бөгөөд улс даяар тэгш эрх, ахан дүүсийн холбоо, нийтийн сайн сайхны төлөө хичээх тухай суртал ухуулга хийгдэж байсан юм. Ард иргэдийн талаас илүү хувь нь орон гэргүй, ядуу тарчиг амьдарч байсан энэ үед "Дэвидийн цамхаг"-ыг ашиглахаас өөр замгүй болов. Ийнхүү Александро Дазагаар удирдуулсан 200 гаруй иргэд 2007 онд бүрэн баригдаж дуусаагүй "Дэвидийн цамхаг"-т амьдрахаар иржээ. 

Орох оронтой болсон нь

Барилгад ус, цахилгааны хангамж байхгүй учир уг өндөр барилгад амьдарна гэдэг маш хүнд байлаа. Нэгдүгээр давхарт амьдарч байсан хүмүүс харьцангуй азтай, харин сүүлд ирсэн хүмүүсийн хувьд олон давхар барилгаруу шатаар өгсөх, уруудах хүндхэн бэрхшээл тулгарч байв. Бие засах болон усанд орохдоо ямар нэг сав ашиглах хэрэгтэй болно. Хамгийн гол нь тэдний хувьд үнэгүй, хорогдох байртай болсон нь л чухал байлаа. Каракас хот гэмт хэргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг учир энэ нь амин чухал асуудал байхаас өөр аргагүй юм. 

3 Дотоод зохион байгуулалт

Оршин суугчдын тоо аажмаар өссөөр 2011 он гэхэд 5000 хүрснээр Давидын цамхаг түүхэн хамгийн их хүнтэй босоо ядуусын хороолол болсон юм. Мэдээж амьдрах орчин нөхцөлийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангахгүй ч нийгмийн хамгийн доод давхргынханд л боломжийн орчин болж байсан юм. Оршин суугчид мөнгө цуглуулан орчноо сайжруулах оролдлого хийснээр онгорхой цонхнууд шилтэй болсноос гадна ус болон цахилгааны хангамжыг тодорхой хэмжээнд шийдэж чаджээ. (зөвхөн 28-р давхар хүртэл. Ус шахах төхөөрөмжийн хүчин чадал нь энэ байв) 

Дотоод зохион байгуулалт

Мотоцикл ашиглан нэгэн төрлийн лифт хийсэн нь 10-р давхар хүрч чадаж байсан гэх зэргээр байдал өөрчлөгдсөөр байв. Хамгаалагчид гаднаас тэнэмэл, гуйлгачид, гэмт хэрэгтнүүд нэвтрэхийг зогсоож, дотооддоо жижиг худалдаа хийх зэргээр эдийн засгийн идэвх ч сэргэж эхлэв. Оршин суугчдын хэн нэг нь хүнсний захаас хямд хүнс худалдаж аван байшиндаа бага зэрэг үнэ нэмэн зарах ба дээд давхарт амьдардаг хүмүүсийн хувьд энэ нь ихээхэн чухал зүйл байв. Янз бүрийн шивээс хийх үйлчилгээ бий болж, шүдний эмнэлэг, үсчин ажиллаж эхэллээ. Эдгээр үйлчилгээ нь ямар нэг зөвшөөрөл болон сертификат авах тухай яриа байхгүй нь ойлгомжтой боловч тухайн үеийн “нийгэм, эдийн засгийн хөгжилд” зохих хувь нэмрээ оруулж байсан юм.

4 Нүүлгэн шилжүүлэлт

2014 оны зун Венесуэлийн засгийн газраас "Массыг орон байраар хангах" хөтөлбөрийн хүрээнд Саморо хэмээх ажиллагаа явуулж Дэвидийн цамхаг дахь оршин суугчдыг Каракас хотын нэгэн алслагдсан дүүрэг дэх орон гэргүйчүүдэд зориулан барьсан байр руу шилжүүлэхээр болжээ. Энэ ажиллагааг явуулахдаа ямар нэг хүнийг буудаж, хорих албан шахалтад оруулах үйлдэл гаргаагүй боловч Венесуэл учраас ямар нэг асуудал гараагүй өнгөрөөгүй аж. Нүүлгэн шилжүүлэлт удааширсаар байсан ба үүнийг түргэсгэх мөнгө улсад байхгүй, тэгээд ч 5000 хүнийг нүүлгэн шилжүүлэх нь тун амаргүй ажил байжээ. Энэ байранд амьдарсаар гэр бүл, үр хүүхэдтэй болсон, тэдний хувийн өмч гээд олон зүйл тэнд бий. Тэр бүгдийг ямар нэг байдлаар шийдэн нүүлгэн шилжүүлж байх хооронд өөр орон гэргүй хүмүүс тэдний суларсан орон зайг шууд эзэгнэх зэргээр асуудал гарсаар байв. 

Нүүлгэн шилжүүлэлт

2015 онд оршин суугчдыг албан гаргасан гэдэг боловч олон хүн өөрийн байраа орхиогүй аж. Тэд өөрсдийн хүчээр, арван жилийн турш уг байрыг жирийн “нэг цементэн хайрцаг” байсныг тодорхой хэмжээгээр тохь тухтай болгож чадсан учраас, өөр олон бэрхшээлийг даван байж энэ хүрсэн учраас явахыг хүсээгүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()