Эмч нар Шрея Сидданагаудерт шинэ гар санал болгох үед тэрбээр ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрсөн аж.
Хэдийгээр шинэ гар нь том, бараан арьстай, үсэрхэг байсан ч тэрбээр тоогоогүй юм. Гар залгах ажиллагаа 13 цагийн турш үргэлжилсэн байна.
Гэтэл шинэ гар суулгасны дараа түүний эцэг эх хийгээд эмч нар хүртэл гайхшралд оржээ. Учир нь тэрхүү гарны арьсны өнгө Шреягийнхтай адилхан болж эхэлсэн байна.
Өдгөө тэрбээр Энэтхэгийн баруун хэсэг дэх Пунэ хотод амьдардаг бөгөөд маникюр хийлгэж, үнэт эдлэл зүүдэг болсон бөгөөд эргэн тойрны хүмүүс гар нь өмнө нь эрэгтэй хүнийх байсан гэдгийг мэддэггүй гэнэ.
Шрея охины амьдрал 2016 онд орвонгоороо эргэжээ. Тэрбээр ердөө 18 настай байхдаа автобусны осолд орсон бөгөөд түүний 2 гар хүнд зүйлд дарагдсан байна. Эмч нар гарыг нь аврах боломжгүй гэж үзсэн учраас хоёуланг нь тохой хүртэл тайрчээ.
Гар шилжүүлэн суулгах мэс засал анх 1999 онд АНУ-д хийгдсэн бөгөөд дэлхий даяар ердөө 200 удаа амжилттай хийгдсэн байдаг. Эдгээрийн 9 нь Энэтхэгт хийгдсэн юм.
Хамгийн том асуудал бол донор олох явдал байв. Уламжлалт үзлээс болж Энэтхэгийн олон гэр бүл нас барсан хайртай хүмүүсийнхээ эд эрхтнийг бусад хүмүүст шилжүүлэн суулгахаас татгалздаг юм.
2017 оны 8-р сард мэргэжилтнүүд нэгэн эрэгтэй донор олсон тул Шреяд мэдэгдсэн бөгөөд тэрбээр хагалгаа хийлгэхийг эргэлзэлгүйгээр зөвшөөрсөн аж.
Эхлээд эмч нар донорын гарыг ястай нь нийлүүлж дараа нь шөрмөс, цусны судас, арьсыг нийлүүлэн оёжээ. Шилжүүлэн суулгасны дараа охин нэг жилийн турш сэтгэлзүйн эмчилгээ хийлгэсэн бөгөөд ингэснээр бие, тархи нь шинэ үе мөчүүдэд дасч, хөдөлгөөн, мэдрэмж зэрэг нь эргэн сэргэсэн юм.
Тэгтэл гайхамшиг тохиож гарын арьсны өнгө Шреягийн арьсны өнгийг даган өөрчлөгдөж, үснүүд нь унаж эхэлсэн бөгөөд эмч нар энэ үйл явцыг тайлбарлаж чадаагүй хэвээр байна. Тэд энэ нь тархины хяналтанд байдаг, меланин үүсгэдэг меланоцитын өдөөгч даавартай холбоотой байх хэмээн үзэж байгаа. Меланин бол арьс, үс, нүдний өнгийг тодорхойлдог байгалийн будагч бодис юм.
Мэргэжилтнүүд эрэгтэй хүний гар дээрх үс уналтыг эмэгтэй хүний биед тестостерон байхгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч гайхамшигт өөрчлөлтөд бусад хүчин зүйлс нөлөөлсөн байж болно.
Шрея энэхүү өөрчлөлтөд баяртай байна. Одоо тэр хэвийн амьдралаар амьдарч чадах болсон юм. Шрея саяхан коллежид "шинэ" гараараа шалгалт өгчээ. Шреягийн эмч Эмерийн хувьд авч байсан хамгийн сайхан бэлэг нь охины өөрийн шинэ гараар бичсэн төрсөн өдрийн ил захидал байжээ.
Гайхамшиг тохиолддогийн өөр нэг жишээ гэвэл Коннектикутын 19 настай Мэдисон Риччийн түүх юм. Тэрбээр 12 настай байхдаа чонон хөрвөс хэмээх өвчтэй гэж оношлогджээ. Нэр үл мэдэгдэх донор түүнд элэгнийхээ нэг хэсгийг өгсөнд тэрхүү аюулт өвчин нь эдгэрсэн байдаг.